ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Жолооны сургалтын чанар муу гэдэг нь өрөөсгөл. Жолооны шалгалтын төвтэй болсноор хууль бус үнэмлэх гаргах асуудал арилна"

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр жолооч бэлтгэх сургалтын үйл ажиллагаатай холбоотой гарсан мэдээлэлд Монголын Авто сургалтын байгууллагуудын нэгдсэн холбооноос өнөөдөр тайлбар өгч, мэдээлэл хийлээ. 

Монголын Авто сургалтын байгууллагуудын нэгдсэн холбооны төлөөлөл хэлэхдээ "Зам тээврийн осолд холбогдож байгаа жолооч бүр мэдлэг чадвар муутай, жолооч бэлтгэх сургалт чанаргүй байна гэсэн ерөнхий буруу ойлголт олон нийтийн дунд таржээ. Манай улсад жолооч бэлтгэх сургалтын тогтолцоо, сургалт болон шалгалт авах үйл ажиллагаа бүхэлдээ төрийн хяналтад явагддаг. Мэдлэг ур чадваргүй хүн жолоодох эрхийн үнэмлэх авах боломжгүй. Монгол Улсын хувьд зам тээврийн ослын гол шалтгаант нөхцөл нь явган зорчигч болон жолоочийн буруутай үйлдэл гэх судалгаа байна. Жолооны сургалтын чанар муу гэдэг нь өрөөсгөл ойлголт. Сургаж чадахгүй байсан бол хүмүүс шалгалтад тэнцэхгүй шүү дээ.

Жолоочийн эрхийн шалгалт авах, үнэмлэх олгох нь хуулиараа Цагдаагийн байгууллага хариуцдаг. Сургалтын үйл ажиллагаа ХНХЯ-нд хамаарагддаг.

Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд тодорхой цагийн сургалтад хамрагдаж, урьдчилсан болон улсын шалгалт өгч тэнцсэн тохиолдолд жолооны эрхийн үнэмлэх авдаг. Жолооч хүний замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн ур чадварын асуудал нь цаг үргэлж мэдлэг ур чадвараа сайжруулж байх ёстой үргэлжилсэн үйл ажиллагаа бөгөөд энэ нь хувь хүнээс хамаардаг.

Та өнөөдөр жолооч болчхоод дүрмээ эргэж судлахгүй бол гурван сарын дараа замын хөдөлгөөний шалгалтад тэнцэхээргүй хэмжээнд очдог. Эсвэл жолооч болчхоод тээврийн хэрэгслээ барихгүй удсан тохиолдолд эргээд машин барих ур чадвар нь сулардаг.

Зам тээврийн ослын хэдэн зуун шалтгаан бий. Нийтлэг шалтгаан нь явган зорчигчийн буруутай үйлдэл байдаг. Мөн техникийн замын нөхцөл байдал зэрэг хөндлөнгийн олон хүчин зүйл ослын шалтгаан болдог.  Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг үе шаттайгаар буюу СӨБ, бага, дунд, ахлах ангид нь системтэй олгох шаардлагатай байна. Манай холбооноос энэ талаарх саналаа төрийн байгууллагуудад тавьсан" гэлээ.

Жолооны Сургалтын чанарыг дээшлүүлэх шаардлага тавьснаар сургалтын төлбөрөө нэмсэн

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэрбээр үргэлжлүүлэн "Хувийн хэвшилд жолооны сургалт очсоноос хойш 30 жил болжээ. Шалгалт авах тухайд гэвэл 30 жил манай авто сургуулиудын материаллаг баазыг ашиглан шалгалт авч байна. Дүрмийн шалгалт аваад хотын жолооны шалгалтыг авахдаа сургасан жолооны багшийг тээврийн хэрэгсэлтэй нь дууддаг. Тэр багш нь сурагчаа авч очоод шалгалт өгүүлдэг. Жолооны шалгалтын төвтэй болох ёстой. Ийм төвтэй болсноор хууль бус үнэмлэх гаргах асуудал байхгүй болно. 

Жолооны курсүүд хүнийг жолооч болгох гэж хичээдэг. Гэтэл цахимаар жолооны үнэмлэх гаргана, ангилал дарж өгнө гэсэн зар зөндөө байдаг. Бид цагдаагаар шалгуулсан ч нотолгоо байдаггүй. Дээрээс нь шалгалтыг хувь хүн авч байна гэдэг чинь танил тал харна гэсэн үг.

Нөгөө талд жолооны сургалт муу газрууд байгааг үгүйсгэхгүй. Манай холбоо 2019 онд шинэчлэгдсэн бөгөөд ингээд жолооны сургалтын чанарыг дээшлүүлэх шаардлага тавьснаар сургалтын төлбөрөө нэмсэн" гэв. 

Мэдээллийн төгсгөлд тэрбээр жолооч нар төгсөж гараад л өөрийн болон өрөөлийн амь насыг дааж явдаг хэмээгээд иргэдээс замын хөдөлгөөнд соёлтой, дүрмээрээ оролцохыг хүслээ.