Зураг
Зураг
Индэр    
2022 оны 10 сарын 11
Зураг
iKon.mn сэтгүүлч

Хуульд нийцээгүй ТҮР журмыг 21 жилийн турш ашиглаж, Богдхан уулын Дархан цаазат газрыг барилга, орон сууцаар дүүргэсэн ГАЖУУДАЛ

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Шүтлэгтэй уулын амууд хууль бус барилга, орон сууцаар дүүрсний учир-

Бум бужигнаж, түм түчигнэсэн нийслэл хотын барилга байгууламж жил ирэх тусам толгой дараалан нэмэгдэж, алхаж, амрах газар хумигдсаар...

Анхнаасаа хот төлөвлөлтийн алдаатай явж ирсэн гэх Улаанбаатарын төв хэсэг өнөөдөр нэгэнтээ гарц гарамгүй, "Бетонон ширэнгэ"-ээр дүүрсэн гэхэд хилсдэхгүй.

Эцэстээ нийслэлчүүд гол, нуурынхаа ай сав болон шүтлэгтэй уулынхаа энгэрт хүртэл орон сууц олноор баригдахыг хараад чимээгүй суух болсон нь харамсалтай.

Өөрөөр хэлбэл, Дархан цаазат Богдхан уулын амууд өнөөдөр гэрчилгээ нь ч гараагүй орон сууц, хаус хорооллоор дүүрсэн нь эрх мэдэлтнүүдийн алдаатай эсвэл ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй ганцхан шийдвэрээс улбаатай гэвэл ТА ИТГЭХ ҮҮ?

Хамгийн ноцтой нь уг алдаатай шийдвэрийг 21 жилийн хугацаанд Байгаль орчин, аялал жуулчлалын үе, үеийн сайд, дарга нарын хэн нь ч залруулалгүй, хэрэгжүүлсээр иржээ.



Нэн түрүүнд, Богдхан уул бол үндэсний төдийгүй дэлхийн экологийн тэнцлийг хангахад чухал нөлөө бүхий байгаль, түүх соёл, шинжлэх ухааны ач холбогдолтой газар тул 1997 онд ЮНЕСКО-ийн Хүн ба Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэж, гэрчилгээ олгосон байдаг. Түүгээр ч зогсохгүй Богдхан уулыг монголчууд XIII зууны үеэс л дархлан хамгаалж, ариун шүтлэгтэй газрынхаа нэг болгож ирсэн гэдгийг сануулъя.
зураг
 
Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа
Гэвч энэ байдлыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт газрыг тодорхой зориулалтын дагуу ашиглуулахтай холбогдуулан Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам” үгүй хийсэн гэхэд хилсдэхгүй.

Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар, Дархан цаазат газрыг байгалийн хэв шинж, төлөв байдал, хөрс, ус, ургамал, амьтны аймгийн онцлог, хүний үйл ажиллагаанд өртөх байдал зэргийг харгалзан онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүс гэж гурав ангилдаг бөгөөд хязгаарлалтын бүсэд зөвхөн аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглахыг зөвшөөрнө.

Бусад тохиолдолд Дархан цаазат газарт өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн барилга байгууламж барихыг төдийгүй зохих зөвшөөрөлгүйгээр мал бэлчээрлүүлэхийг хүртэл хориглодог.

Харин дээрх "Түр" журмаар аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглаж болохоор буюу хуульд нийцээгүй зохицуулалт оруулсан бөгөөд тус журам гарснаас хойш "аялал жуулчлалын зориулалттай" гэх нэрээр хүмүүс амьдрах газар авч эхэлсэн нь өнөөдөр түмний нүдэнд ил болоод буй. 

Хэдийгээр дээрх журмыг энэ оны долдугаар сард БОАЖ-ын сайд хүчингүй болгосон ч өнгөрсөн 21 жилийн хугацаанд сайд, дарга нар "Түр журам" нэрээр халхавч хийн ХУУЛЬД НИЙЦЭЭГҮЙ буюу хуулийн хүчин чадлаас давсан зохицуулалтаар газар ашиглах зөвшөөрөл олгож, өнөөдөр Богдхан уулын хязгаарлалтын бүсийн гуравны нэгийг бүхэлдээ барилгажихад хүргэжээ.

Хязгаарлалтын бүсэд орших ердөө ганцхан ам сүүлийн 16 жилийн хугацаанд яаж барилгажсаныг дараах зургаас харьцуулан харах боломжтой.

зураг
 
2005 оны зургаадугаар сар.
зураг
 
2021 оны арваннэгдүгээр сар.

Энэ бол ердөө нийслэлчүүдийн сайн мэдэх ганцхан ам хэрхэн барилгажсаны тод жишээ. Энэ мэтээр “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ыг ашиглаж Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд 2001 оноос хойш Байгаль орчны есөн сайд нийт 223 удаагийн тушаалаар 2,300 гаруй удаа газар олгожээ.

Хамгийн гол нь анх аялал жуулчлалын зориулалтаар олгогдож байсан тухайн газруудад өнөөдөр ямар хаус хороолол, орон сууцны хотхон баригдсаныг egazar.gov.mn нээлттэй мэдээллийн сангаас харж болно.

Тухайлбал,

1. Зайсангийн ам буюу Богдхан уулын Дархан газрын хязгаарлалтын бүсэд, ой модонд хамгийн ойрхон олгогдсон газарт "Шамбала" хотхон баригджээ.

2. Богдхан уулын хязгаарлалтын бүсийн хамгийн захад буюу Туул голын өмнөд эрэг орчмын 3.1 га газарт "Bella Vista" хотхон сүндэрлэсэн байна.

Энэ нь Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд байрлалтай бүх барилга байгууламж зөвхөн аялал жуулчлалын зориулалттай байдгийг харуулсан наад захын хоёрхон жишээ.

Өөрөөр хэлбэл, тухайн газар нутагт баригдсан барилгыг улсын комисс хүлээж аваагүй буюу Богдхан уул орчимд баригдсан барилгад орон сууц худалдаж авсан иргэдэд өмчлөлийн гэрчилгээ одоог хүртэл огтхон ч гардаггүйн шалтгаан ердөө энэ. 

Уг нь дээрх түр журмыг үндэслэн иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглах эрхийн гэрчилгээ олгож байсан нь холбогдох хууль тогтоомжид нийцээгүй байх тул журмыг хянан үзэж, хууль тогтоомжид нийцүүлэх талаар зөвлөмжийг 2017 оноос хойш АТГ-аас БОАЖЯ-нд хүргүүлж байсныг энэ онд л хүчингүй болгосон гэдгийг БОАЖ-ын одоогийн сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлсэн.

Харин үүнээс өөр ямар ч мэргэжлийн байгууллага ийм нөхцөлөөр олгогдсон газруудад яагаад хяналт тавиагүй, зөвхөн аялал жуулчлалын зориулалттай олгогдсон газарт орон сууц барьж байхад мэргэжлийн байгууллагууд яагаад арга хэмжээ авалгүй өдий хүрсэн бэ гэдэг нь өөрөө асуудал.

Хэн нэг эрх мэдэлтэн хувийн эрх ашигтаа нийцүүлж аливаа тушаал шийдвэр, зөвшөөрөл, дүрэм журмыг мэр, сэр баталдаг бас тийм хууль бус шийдвэрийг зарим нь мэдсээр байж мэдэн будилаад хэрэгжүүлээд байдаг АВЛИГА, АШИГ СОНИРХОЛЫН зөрчлийн бодит жишээ энэ.

Ялангуяа тухайн түр журмаар Богдхан уулын Дархан цаазат нутагт газар ашиглах эрх авсан иргэн, ААН-ийн дунд төрийн өндөр албан тушаалтны хамаарал бүхий ашиглагч олон байдгийг эх сурвалж хэлдэг.

Тиймээс ч одоог хүртэл аялал жуулчлалын зориулалтаар авсан газраа орон сууцны хороолол босгосон иргэн, ААН-д ямар хариуцлага хүлээлгэх талаар ч яригдалгүй өдий хүрчээ.

Үргэлжлэл бий....