Зураг
Зураг
Индэр    
2022 оны 11 сарын 18
Зураг
iKon.mn сэтгүүлч

Богдхан уулын Дархан цаазат газар хэн гэдэг сайд, хэчнээн га газар ашиглах эрх олгосон бэ?

Зураг
/2001-2020 онд БОАЖ-ын сайдаар ажиллаж байсан эрхмүүд/

-Шүтлэгтэй уулын амууд хууль бус барилга, орон сууцаар дүүрсний учир 2-

Дархан цаазат Богдхан уулын амууд өнөөдөр гэрчилгээ нь ч гараагүй орон сууц, хаус хорооллоор дүүрэх болсон эхлэлийг эрх мэдэлтнүүдийн алдаатай эсвэл ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй ганц шийдвэр тавьсан талаар өмнөх нийтлэлээрээ хүргэсэн.

Хэдийгээр 21 жилийн хугацаанд хуулийн хүчин чадлаас давж хэрэгжсэн "Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам" өнгөрсөн долдугаар сард хүчингүй болсон ч Богдхан уулын хязгаарлалтын бүсэд анх аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар олгогдсон тухайн газрууд одоо хэрнэ зориулалтын бусаар ашиглагдсаар байгааг анхаарах шаардлагатай.

Учир нь энэ бол хэн нэг эрх мэдэлтэн хувийн эрх ашигтаа нийцүүлж аливаа тушаал шийдвэр, зөвшөөрөл, дүрэм журмыг мэр, сэр баталдаг, тийм хууль бус шийдвэрийг зарим нь мэдсээр байж мэдэн будилаад хэрэгжүүлдгийг харуулсан АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН зөрчлийн томоохон жишээ. Мөн тэд үүнийг цаашид ч улам даамжруулан, хууль, журамд өөрчлөлт оруулж болзошгүй байгаа тул ийнхүү сануулж байгаа билээ.

Уг нь дээрх Түр журмын асуудлаар 2016 онд, 2017 онд АТГ-аас БОАЖЯ-нд хүчингүй болгож, хууль бусаар олгогдож байгаа газрын асуудлаа цэгцлэх шаардлагыг удаа дараа хүргүүлж байсан аж.

Мөн өнгөрсөн хугацаанд газар ашиглах эрх авсан ААН, иргэдийн дунд төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс ч багтдаг бөгөөд зарим нь өөрийн хамаарал бүхий, өөр хүмүүсийн нэр дээр эрх авсан тохиолдлууд ч байдаг талаар эх сурвалж мэдээлсэн юм.

Тиймээс энэ удаа Богдхан уулын Дархан цаазат газарт өнгөрсөн хугацаанд хэн гэдэг сайд, хэчнээн га газартай холбоотой зөвшөөрөл олгосон тоо баримтыг хүргэж байна.

Тухайлбал, “Нью тур” компани Бага тэнгэрийн амыг хашаалж, “Бага тэнгэр сити” цогцолбор барьсан гэгдээд буй. Тухайн 62 га газрыг 2006 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр тухайн үеийн сайд У.Барсболд мөн л хууль давж баталсан түр журмынхаа хүрээнд тус компанид олгож байсан нь архивт үлджээ.


Бид 2001-2020 он хүртэлх хугацаанд байгаль орчин хариуцсан сайдаар ажиллаж байсан есөн хүний Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой тушаалуудыг шүүж үзлээ.

Ингэхдээ өөрийн хөндөж буй сэдвийн хүрээнд зөвхөн Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд сайд нар хэр хэмжээний газар ашиглахтай холбоотой шийдвэр гаргасныг түүвэрлэсэн юм.

Дээрх хугацаанд Засгийн газрын бүрэн эрхийн хэмжээнд нийт есөн сайд ажиллаж байсан бөгөөд 2001 оноос хойш Богдхан Уулын Дархан цаазат газарт хамгийн их газар ашиглах эрхийг 2014-2017 оны хооронд олгожээ. 

Өөрөөр хэлбэл, Д.Оюунхорол болон Н.Батцэрэг нар тус салбарын сайдаар ажиллах хугацаандаа Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд иргэн, ААН-үүдэд хамгийн их газар ашиглах эрхийг олгосон байна.

Тэд нэг иргэний нэр дээр тус бүр 90-900 гаруй га газар ашиглах зөвшөөрөл олгожээ.

Энэ тухай одоогийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнээс өнгөрсөн сарын сүүлээр болсон хэлэлцүүлгийн үеэр тодруулахад "Нэг хүнд ийм хэмжээний газар ашиглах эрх олгох боломжгүй” гэдэг хариултыг өгсөн.

Гэсэн хэдий ч өнгөрсөн хугацаанд Байгаль орчны сайд нарын Богдхан уул орчимд ашиглах эрх олгосон тушаал дунд ийм их хэмжээтэй газар байгааг БОАЖЯ-ны албан ёсны хуудаст байрлах нээлттэй мэдээллийн хэсгээс шүүж харах боломжтой.

зураг
 
зураг
 
Эх сурвалж: БОАЖЯ
  • Түүнчлэн Богдхан уулын бүсэд ашиглах эрх олгогдсон газрын хэмжээг авч үзэхэд, давхардсан тоогоор 2015-2016 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар ажилласан Н.Батцэрэг хамгийн их буюу 48,806.3 га газартай холбоотой тушаал гаргажээ.
  • Дараа нь 2014-2017 оны хооронд хоёр ч удаа энэ салбарын сайдаар томилогдож ажилласан Д.Оюунхорол Богд уулын орчимд газар ашиглах эрх олгосон хэмжээгээр удаалж байгаа бөгөөд давхардсан тоогоор нийт 27,738 га Д.Оюунхорол сайд асны тушаалаар олгогдсон байна.
  • Гуравдугаарт Н.Цэрэнбат 2017-2020 оны хооронд сайдаар ажиллахдаа Богдхан уулын Дархан цаазат газар 4,451.7 га газар ашиглах эрх олгохтой холбоотой шийдвэр гаргасан бол сайд асан Л.Гансүх 2009-2012 онд 1,148.1 га, Г.Шийлэгдамба агсан 2007-2009 онд 914.6 га, С.Оюун 2012-2015 онд 348 га, И.Эрдэнэбаатар 2006-2007 онд 290.5 га, У.Барсболд 2001-2006 он хүртэл 132.2 га газрыг аль нэг ААН, иргэнд ашиглуулахаар олгож байсан аж. 

Дээрх тоонд мэдээж, Шүүхийн шийдвэрээр ашиглах эрх нь дахин олгогдсон газрууд багтаж байгааг энд дурдъя.

Харин Д.Цогтбаатар 2012 онд жил хүрэхгүй хугацаанд ажиллахдаа газар олгох тухай шийдвэр гаргаагүй бөгөөд 2012 оны дөрөвдүгээр сарын 9-нд "Богдхан уулын ДЦГ-ын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлал явуулах даац, нөөцийн судалгаа"-тай холбоотойгоор 2013 он хүртэл тухайн уулын орчимд газар ашиглах зөвшөөрөл олгохыг түр зогсоож байжээ.

Харин тэрбээр өмнө нь хүчингүй болсон байсан 30.1 га газрыг буцаан сэргээж, 36.1 га газрыг компани болон иргэдийн нэр дээр шилжүүлж байсан байна.

Түүнээс гадна, дээрх сайд нарын тушаалаар газар ашиглах эрхийг нь цуцалсан, дуусгавар болгосон газрын хэмжээг харьцуулж үзвэл Н.Цэрэнбат сайд хамгийн их буюу 4,930 га газрын ашиглах эрхийг цуцалсан бол

  • Д.Оюунхорол 2,760 га,
  • Н.Батцэрэг 131.6 га,
  • С.Оюун 95.7 га,
  • Л.Гансүх 469.8 га,
  • Г.Шийлэгдамба агсан 30.3 га,
  • И.Эрдэнэбаатар 154 га газрын ашиглах эрхийг цуцлах тухай тушаал гаргаж байв.
Түүнчлэн С.Барсболд 32 га, Л.Гансүх 55.5 га, С.Оюун 34.8 га, Д.Оюунхорол 6,729 га, Н.Цэрэнбат 176.1 га газартай холбоотой ашиглах эрхийг сэргээх, сунгах тушаал гаргасан нь архивт үлджээ.

(Дээрх есөн хүн Байгаль орчны сайдаар ажиллахдаа Богдхан уулын Дархан цаазат газар хэдэн га газартай холбоотой ямар тушаал гаргаж байсныг график тус бүрээр үзүүллээ)

График. Үе үеийн байгаль орчин хариуцсан сайд нарын Богдхан уулын Дархан цаазат газарт газар олгохтой холбоотой гаргасан шийдвэрүүд

Архиваас харахад, дээрх хугацаанд Дархан цаазат Богдхан уулын амуудад сайд нарын эрх олгосон ашиглах газрын хэмжээний нийлбэр Богдхан-Уулын Дархан цаазат нутагт орших хэмжээнээс хэд дахин хэтэрсэн байсныг энд онцлох ёстой.

Тодруулбал, Богдхан уулын Дархан цаазат газар нь нийт 42,271.2 га газрыг хамардаг юм.

Сайд нар нь хуулиас давсан зохицуулалттай журам гаргаж, түүнийхээ дагуу "хэмжээгүй" газар ашиглах зөвшөөрөл олгосон. Улмаар түүн дээр нь хууль дүрмийг уландаа гишгээд барилга барих зөвшөөрөл өгч явсаар эцэст нь ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр "Богдхан уулын ДЦГ-ын хязгаарлалтын бүсийн зарим хэсэгт газар ашиглалтын хэт төвлөрөл үүсэж, холбогдох хууль, дүрэм журам зөрчигдөж, ашиглалтын нөөц даац хэтэрсэн, байгалийн нөөцийн доройтолд орох, амьтан, ургамлын нөмрөгт сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тулгарч байна" гэцгээж, одоо л шинээр газар олголтыг хориглож эхлэв.

Үүний ард газар ашиглах болон барилга барих зөвшөөрөл олгосон, түүнийг нь ашиглаж газар олж аваад бүхэл бүтэн хороолол босгочихсон асар олон хүний эрх ашиг бий. Тэд Дархан цаазат газрыг ийнхүү хууль дүрмийг зөрчин барилгажихад хүргэсэн ч хариуцлагын асуудал орхигдсоор өнөөдөртэй золголоо.

Эцэстээ улам даамжирсаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хүртэл хөндөж орхив. 

Үргэлжлэл бий...

Дээрх хуулийн төсөлтэй холбоотой асуудлыг дараагийн нийтлэлдээ хүргэх болно.