Индэр    
УИХ-ын гишүүдэд зориулсан хичээл #6
Зураг
2019 оны 10 сарын 16
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

УИХ-ын гишүүдэд зориулсан хичээл #6

УИХ-аар Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийг хэлэлцэх гэж буйтай холбогдуулан 2019 оны тавдугаар сарын 30-ны өдөр нийтлэгдсэн "УИХ-ын гишүүдэд зориулсан хичээл #6"-г дахин нийтэлж байна. 

Зах зээлийн жамаар тогтдог зээлийн хүүг хууль батлан хязгаарлахаар санаархаж буй эрхэм гишүүддээ зориулав.

Зээлийн хүү хэрхэн тогтдог вэ? Хамгийн энгийн томьёо:

Хүү = Эх үүсвэрийн зардал (хадгаламжийн хүү) + Үйл ажиллагааны зардал + Эрсдлийн зардал + Ашиг 
Эх үүсвэрийн зардал буюу хадгаламжийн хүү хэрхэн тогтдог вэ?

Нэгдүгээрт, Төрөөс баримтлах мөнгөний бодлогыг УИХ баталдаг. Тэгвэл УИХ-ын баталсан чиглэлийн дагуу ажиллаж буй Монголбанк 2019-2020 онд инфляцыг 8%-д байлгах зорилт тавьсан. Энэ бол хадгаламжийн хүү өндөр байх нэгдүгээр шалтгаан. Инфляц буурвал хадгаламжийн хүү буурч, зээлийн хүү дагаад багасах боломжтой. 

Хоёрдугаарт, Монголбанкны бодлогын хүү 11%-тай байгаа. 

Хадгаламжийн жилийн дундаж жигнэсэн хүү буюу банкуудын 2019 дөрөвдүгээр сард шинээр татсан хадгаламжийн хүүнүүдийн дундаж нь 11.1%-тай байна.

Харин зээлийн жигнэсэн дундаж жилийн хүү 17.5 хувь. Энэ хоёрын зөрүүнд:

банкуудын үйл ажиллагааны зардал+эрсдэл+ашиг багтдаг.      

Ингээд үзэхээр зээлийн хүүгийн байж болох хамгийн доод түвшнийг угаасаа 16% байхаар УИХ өөрөө хуульчилжээ гэсэн үг. 

Гуравдугаарт, гадаад эх үүсвэрийн өртөг. Өчигдөрхөн Эдийн засгийн байнгын хороогоор "Оюу толгой" төслийн талаар хэлэлцэх үеэр яригдсан, Монголын талын 34 хувьд ногдох санхүүжилтийг лайбор+6.5%=9% орчим хүүтэйгээр тооцож байна гэж.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт оны эхний улирлын гүйцэтгэлээр 8.6%-д хүрч, гадаад худалдаа ашигтай гарч, экспорт түүхэн дээд хэмжээндээ хүрсэн хамгийн сайн үзүүлэлттэй ийм үед манай улсын урдаа барьдаг, дэлхийн хэмжээний хамгийн сайн төслийг гадаад зах зээл хэрхэн үнэлж буйн илрэл нь дээрх 9%-ийн хүү. Тэгэхээр жижиг ААН, банкууд түүнээс өндөр хүүгээр мөнгө зээлж байж болох. Ийм хэмжээний хүүгээр оруулж ирсэн мөнгөн дээр ханшийн хөдөлгөөн, бусад зардал, ашиг нэмэгдэхээр 20 орчим ба түүнээс цааш нэмэгдэнэ гэсэн үг.

Зээлийг ХЭН, ямар ЗОРИЛГООР авах гэж буйгаас хамаарч хүүгийн хэмжээ нь тогтдог.

Өөрөөр хэлбэл, олон жил бизнес хийсэн, найдвартай, төлбөрийн чадвартай, бизнес нь ирээдүйтэй, барьцаа хөрөнгө баталгаатай том ААН-үүдэд зээл мэдээж хямд үнэтэй очно.

Харин машин худалдаж авах, эсвэл жижиг бизнест арай өндөр үнээр өгнө. Эрсдлээр нь үнэлдэг гэсэн үг. Тийм ч учраас жижиг бизнесийг дэмжих зорилгоор төр засгаас тусгай сангуудаараа дамжуулан бага хүүтэй зээл олгож ирсэн. Харамсалтай нь, тус сангууд хэнд зээл олгож буйг бид хангалттай харсан билээ. Өөрөөр хэлбэл, төрийнхөн маань эгэл жирийн иргэдэд очих ёстой амин зуулгын зээлийг нь өөрсдөө дээрэмдчихдэг юм байна. 

Тэгвэл өнөөдөр зах зээл дээр олгож буй олон төрлийн зээлийн үйлчилгээнд хуулиар хязгаар тавьж, ижил түвшинд барьснаар нэг бол эрсдэлтэй бүлэгт олгох зээл дээр шимтгэл ихээр нэмэгдэнэ, эсвэл тэр зээлдэгчид банк зээл олгох сонирхолгүй болдгийг Зээлийн хүүг хуулиар хязгаарлаад амжилт олоогүй олон орны талаарх Дэлхийн Банкны судалгаа харуулдаг.  

Нэгэнт банк өөрөө буяны биш, ашгийн төлөөх бизнесийн байгууллага учраас ийм хууль үйлчилснээр алдагдлаа шимтгэлээрээ нөхөхөөс өөр сонголтгүй болдог байна.

Монгол Улсын хувьд ч ийм нөхцөл үүсэх бөгөөд түүнийг нь хүчээр бууруулах ба барих боломжгүй. Учир нь Банкны тухай хуулийн 11.3-т Төлбөр тооцооны үйлчилгээний хөлсийг банк өөрөө тогтооно хэмээн заасан бөгөөд Иргэний хуулиар давхар зохицуулагдан хамгаалагддаг. Харин эдгээр хуулийг УИХ өөрөө баталсан билээ. 

Хууль санаачлан зээлийн хязгаар тогтоосон зарим орны жишээг доорх хүснэгтээс харна уу.

Хүснэгт 1, Хүснэгтэд зээлийн хүүг хязгаарласан зарим орны бодит хүү болон хязгаарласан хэмжээг харуулав. Мөн зээлийн хүү бага байх суурь нөхцөл болж буй инфляцын түвшинг та харьцуулж хараарай.

Улс Хүүний хязгаар Зах зээлийн хүү Инфляцын түвшин (харгалзах оноор)
Япон 20% 1% 0.60%
Герман Дундаж хүү +12 нэгж хувь 2% (2019) 1.50%
Австрали 48% 5.4% (2016) 1.30%
Канад 60% (Өдрийн зээл сарын 4%; шимтгэл 20%) 2.7% (2016) 1.30%
Америк Арканзас муж: 17% 3.50% 1.5-2%
Их Британи 36% (сарын 3%) 1.8% (2019) 1.80%

Эндээс зээлийн дундаж хүү болон хуулиар тогтоосон хүүгийн хэмжээний зөрүү хэд дахин өндөр байгаа нь анзаарагдана.

Шалтгаан нь эдгээр оронд зээлийн ямар нэгэн маргаан гараад шүүхэд очиход шүүх хуулиар тогтоож өгсөн тухайн дээд хязгаарыг давж, мөнгө хүүлсэн эсэхийг харгалзан шийдвэр гаргах үндэслэл болгодог зарчимтай аж. Түүнээс гадна дээрх орнуудын валют нь хөрвөх чадвартай, гадаад эх үүсвэрийн зардал нь маш хямд гэдгийг дурдах хэрэгтэй.

Гэтэл өөрийн орны нөхцөл байдлыг буруу үнэлж, бусад орныг дуурайн зээлийн хүүд тааз тогтоох хуулийг буруу ашиглаад баларсан орнууд цөөнгүй байдаг аж. 

ТӨВ БАНКНЫ ТБҮЦ

Нөгөө талд зээлийн хүү өндөр байгаа нь Монголд зээлийн олдоц бага, мөнгө ховор байгааг харуулж байгааг нотолж буй явдал.

Үүнтэй зэрэгцээд Монголбанкны хэрэгжүүлж буй бодлого "зээл битгий олго" гэж байгаа мэт харагдаж байна.

Тодруулбал, зах зээлийн зарчмаараа нийлүүлэлт их байснаар үнэ буурах нөхцөл бүрддэг. Гэтэл төв банк эдийн засаг дахь нийт мөнгөний 24% буюу 4.7 их наяд төгрөг (Төв банкны үнэт цаас)-ийг 11%-ийн хүүтэй хадгалахын зэрэгцээ өр, орлогын харьцааг журмаар зохицуулснаар нэг талаас зээлийн эх үүсвэрийг хааж, нөгөө талаар иргэдийг өндөр хүүтэй эх үүсвэр рүү түлхэж буй. 

УИХ нь ч төсвийн зардлаа хууль батлан нэмэгдүүлсээр.

2018 оны гүйцэтгэл, 2019 оны урьдчилсан мэдээгээр төсөв, гадаад худалдаа ашигтай гарч, сүүлийн 5-6 жилд байгаагүй эерэг нөхцөл үүссэн ч төсвийн зардал хэт тэлж, энэ ашгийг үгүй хийж байна.

Хэрэв үр ашигтай, эдийн засгийн өгөөжтэй төсөлд хөрөнгө оруулж байгаа бол төсвийн зардал тэлэх нь буруу биш. Гэтэл 12 их наяд төгрөгийг УИХ хууль баталж, богино хугацааны, үр ашиг муутай, сонгууль угтсан үйл ажиллагаанд зарцуулж байгаа нь харамсалтай.

Үүнийг "Сүүлийн таван жилд хэрэгжүүлсэн, төсвийн хөрөнгө оруулалт бүхий томоохон хөтөлбөрүүд хүлээж байсан үр дүнд хүрч чадаагүй бөгөөд улсын хөрөнгө оруулалтын өгөөжийг сайжруулах шаардлагатай" гэсэн Дэлхийн банкны судалгаан дахь дүгнэлт баталж ббуй юм. Энэ бүхэн эргээд төгрөгийн ханшийг сулруулах, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулах гэх мэт хүү өндөр байх эрсдлийг нэмэгч хүчин зүйлс. Өөрөөр хэлбэл, гаднаас орж ирэх хөрөнгийн эх үүсвэрийг улам үнэтэй болгож байгаа хэрэг. Энэ нь арилжааны банк, иргэн/компанид очих зээлийн эх үүсвэр дам дамаа үнэтэй, ховор болсоор байна гэсэн үг. 

График: 2014-2018 оны төсвийн орлого ба зардал

Ийнхүү зээлийн хүү өндөр байх бүх нөхцөл суурийг өөрсдөө хууль гарган бүрдүүлчихээд эргээд хүүг хуулиар бууруулах гэж буй нь үнэхээр логикгүй, тэнэг харагдаж байна.
ХУУЛЬ САНААЧЛАГЧДЫН АЛДАА

Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн гол хоёр заалтаас эш татвал: 

  • 4.1.1. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн 100 сая хүртэл төгрөгийн дүнтэй зээлийн дээд хязгаар жилийн 18 хувь;
  • 4.1.2. Цалингийн зээлийн дээд хязгаар жилийн 18 хувь гэх мэтчилэн хязгаарлахаар заасан бөгөөд зээлийн хүүг тогтоох тухай зарчимдаа 
  • 5.1.1. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн 100 сая хүртэл төгрөгийн дүнтэй зээлийн хязгаарыг тогтооход Монгол банкны бодлогын хүү /зээлийн гэрээ байгуулсан өдрийн / дээр 7 хүртэл хувийг нэмж тооцох;
  • 5.1.2. Цалингийн зээлийн хязгаарыг тогтооход Монгол банкны бодлогын хүү /зээлийн гэрээ байгуулсан өдрийн / дээр 7 хүртэл хувийг нэмж тооцох зэргээр тусгажээ. 

Эндээс харвал, хууль санаачлагч маань жилийн хүүгийн дээд хязгаарыг 18 гэж зааж өгснөөр 18-7=11 буюу Монголбанкны бодлогын хүүн дээр 7 хүртэл хувийг нэмэх зарчим тусгасан нь Монголбанкны бодлогын хүүг 11%-аас доошлуулж болохгүй гэсэн санааг давхар агуулжээ. Бодлогын хүүгээ ингэж түгжих нь эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг мөн сайжруулахгүй гацаана гэсэн үг.

Монголбанк эрх үүргийнхээ хүрээнд бодлогын хүүг өсгөх шаардлага мэдээж гарна. Харин Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулиар бол банкны ашгийг үгүй хийж байж төв банк мөнгөний бодлогоо чангалах боломжтой болох нь. Ийм боломж угаасаа байхгүй. Тиймээс энэ нь логикийн хувьд хуулийн маш том АЛДАА. УИХ нэг гараараа баталсан хуулиа нөгөө гараараа үгүйсгэж буйн бас нэг жишээ энэ. 

Уг нь манай мэргэжлийн эдийн засагчид энэ талаар хангалттай ярьж хэлж буй. Олон улсын байгууллагууд ч зөвлөсөөр байгаа. Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев “Зах зээлийн жамаар явахад хүү хамгийн оновчтой хэмжээнд тогтдог. Эцсийн хэрэглэгчдэд хүүг хөнгөлөлттэй хүргэх олон арга бий.

Харин захиргаадалтын аргаар хязгаар тогтоовол банкууд тэр шаардлагыг биелүүлэх боломжгүй. Учир нь банкууд бизнесийн байгууллага учраас ашигт ажиллагаагаа хангах ёстой гэдгийг дахиад дурдъя. Тиймээс банкууд эдийн засгаа дэмжих сонирхолгүй болно” гэсэн бол ахлах эдийн засагч Жийн Паскаль Н.Нгану “Маш нарийн, дэлгэрэнгүй судалгаа хэрэгтэй. Одоогоор Монголд энэ талаарх судалгаа алга. Цогц байдлаар шийдвэрлэж, эдийн засгийн суурь үзүүлэлтүүдээ сайжруулснаар хүү буурах боломжтой. Шууд хязгаар тогтоовол ямар үр дүнд хүрдгийг Кени улсын жишээ тодорхой харуулна” гэж хэлсэн. 

Кени улсын хувьд хамгийн шинэ жишээ. Тус улсын шийдвэр гаргагчид 2016 онд яг Монгол шиг хууль баталжээ. Тухайн үед зээлийн хүү 17% хувь байсныг бодлогын хүү(10.5%)+4% болгон хязгаарласан байна. Үүний үр дүнд: 

  • Мөнгөний бодлогын хэрэгжилт суларч, үр дүн муутай болсон
  • Жижиг зээл авагчдын тоо буурч, том зээлдэгч нарт олгох зээлийн хэмжээ 30% өссөн
  • ЖДҮ-дэд олгох зээл буурснаар ажлын байр, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлсөн
  • Жижиг банкуудын ашигт ажиллагаа унасан
  • Засгийн газрын үнэт цаас эзэмшигч банкууд нэмэгдсэн. Тэд зээл олгох сонирхолгүй болсон гэсэн үг
  • Банкуудын шимтгэл хураамжийн орлого өссөн. Хүүнээс алдсан мөнгөө хураамж, шимтгэлд шингээн ашигт ажиллагаагаа хангах болсон гэсэн үг.

Ингээд эцэстээ эдийн засаг нь гажуудаж, анх хүссэн үр дүнгийнх нь эсрэг нөхцөл байдал үүссэнийг харсан төр засаг нь өөрсдөө шийдвэрээсээ буцахад хүрсэн байна. 

Угаас энэ хуулийн зорилго нь төлөх боломжгүйг нь мэдсээр байж өндөр хүүтэй мөнгө зээлж, барьцаалсан эд зүйлсийг нь авдаг мөнгө хүүлэлтийг хязгаарлах зорилготой. Гэхдээ ямар ч судалгаа, тооцоогүйгээр, популизм хийснээр шийдэх асуудал биш.

“Зээлийн хүүг бууруулна” гэж ярих нь монголчуудад мэдээж таалагдана. Улстөрчид ч сүүлийн үед энэ тухай ам уралдан ярих болсон. Харин учир шалтгаанаа сайн судлахгүй байх шиг.

Эдийн засагчдын судалснаар Монгол Улс дахь зээлийн хүүгийн түвшинд банкны нөлөөлөл 20 орчим хувьд байгаа бол үлдсэн 80 буюу дийлэнх хувь нь эдийн засгийн суурь шалтгаантай холбоотой гэж үзсэн.

Тиймээс УИХ үнэхээр зээлийн хүүг бууруулахыг хүсэж байгаа бол хамгийн түрүүнд:

  1. Инфляцыг нам түвшинд байлгах
  2. Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, улсын гадаад өрийн тогтвортой байдлыг хангах
  3. Төсвийн сахилгыг хангах, мөчлөг сөрсөн макро бодлого хэрэгжүүлэх
  4. Эдийн засгийг төрөлжүүлэх, дотоод хуримтлалыг нэмэгдүүлэх

Цаашлаад Мөнгөний бодлогын хүүний хадгаламж, зээлийн хүүнд шилжих нөлөөг сайжруулах хүрээнд:

  1. Бодлогын хүүний коридорын механизмыг ашиглан бодлогын хүүний нөлөөг сайжруулах
  2. Санхүүгийн салбарын долларжилтыг бууруулах
  3. Банкны хүчтэй салбартай болох, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэх

Арилжааны банкны эрсдэл удирдах чадвар, үр ашиг, засаглалыг сайжруулах хүрээнд: 

  1. Зээлийн мэдээллийн сан, зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг өргөжүүлэх
  2. Зээлийн эрсдлийг бууруулах чиглэлээр хууль, эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох
  3. Арилжааны банкны үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх
  4. Төрийн болон банк, санхүүгийн байгууллагын засаглалыг сайжруулах, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах гэсэн 11 замаар зээлийн хүүг бууруулах суурь нөхцөлөө бүрдүүлэх шаардлагатай гэдгийг мэргэжлийн байгууллагууд нь тодорхойлоод "Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги" боловсруулчихаад байгаа. Ядаж энэ стратегиа хэрэгжүүлбэл зээлийн хүү аяндаа буурна гэдгийг мэргэжлийн эдийн засагчид сануулсаар байгаа билээ.

Харин хүүг хязгаарлах ганц хууль гаргалаа гээд зээлийн үнийг хямдруулчихдаггүй ажээ. Тэр тусмаа эдийн засаг ийм сайн үзүүлэлттэй байгаа үеийн Монголбанкны бодлогын хүү 11%, Монголын хамгийн сайн төслийг гадаад зах зээл 9%-аар үнэлж байгаа нөхцөлд популизм хийх тусам иргэд бид илүү өндөр үнэтэй зээл л олж чадах билээ.

Тиймээс Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийг эргэн харж, заалт бүрээ судлахгүй бол иргэдийн ачааг хөнгөлөх биш илүү хүнд нөхцөл рүү эдийн засгаа ч чирч мэдэх нь.



УИХ-ын гишүүдэд зориулсан хичээл #5 https://ikon.mn/opinion/1fj8

УИХ-ын гишүүдэд зориулсан хичээл #4 https://ikon.mn/opinion/16zc

УИХ-ын гишүүдэд зориулсан хичээл #3 https://ikon.mn/opinion/14yl

УИХ-ын гишүүдэд зориулсан хичээл #2 https://ikon.mn/opinion/vsw

УИХ-ын гишүүдэд зориулсан хичээл #1 https://ikon.mn/opinion/vlp