Зураг
Зураг
Индэр    
УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДЭД ЗОРИУЛСАН ХИЧЭЭЛ #3
Зураг
2017 оны 10 сарын 27
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор
Зураг
iKon.mn сэтгүүлч, Эдийн засаг, Санхүү

УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДЭД ЗОРИУЛСАН ХИЧЭЭЛ #3

СЭДЭВ: ЦАЛИН ЯАГААД ТОГТМОЛ НЭМЭГДЭЖ БАЙХ ЁСТОЙ ВЭ?

    Манай улсад цалингийн төлөө өглөө бүр цагтай уралдан босдог нэг сая гаруй иргэн бий. Эдгээр нь үлдсэн хоёр саяыгаа тэжээдэг гэсэн үг.  

Нэг сая хүний цалингийн хэмжээ хөдөлмөрийн зах зээлийн ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТ ямар байхаас хамаардаг болоод 30 жил болох гэж байна. 

ЭРЭЛТ талд нь нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл нь хөдөлмөрийн БҮТЭЭМЖ. Хөдөлмөрийн БҮТЭЭМЖийн хувьд салбар бүрт харилцан адилгүй. 

Тухайлбал, орчин үеийн уул уурхайн хөдөлмөрийн бүтээмж банкны салбараас даруй хоёр дахин илүү байх жишээтэй. Тэгэхээр мэдээж уул уурхайн салбар дахь эрэлт нь их, цалин ч өндөр байх нь ойлгомжтой. 

НИЙЛҮҮЛЭЛТ харин адармаатай. Боловсон хүчин бэлтгэгдэх хугацаа хэдэн арван жилээр, хөрөнгө оруулалт харин хэдэн мянга дахин зөрөх нь ч бий. 

Гэхдээ сайн мэдээ гэвэл, Бизнесийн салбарын цалин өөр хоорондоо их зөрүүтэй боловч маргаан, хэрүүл дагуулах нь харьцангуй бага. Зах зээл зохицуулдагийг бүгд мэдээд удаж байна.

Харин нөгөө талд, Төрийн буюу олон нийтийн (төсвөөс, төрөөс хамаардаг) салбарын цалин хамгийн ойлгомжтой байх ёстой боловч өнөөдрийн гол маргаан хэрүүлийн сэдэв болоод буй. Улам ч даамжрах төлөвтэй. 

Энэхүү асуудлын шийдэл нь ганцхан бөгөөд нэг удаагийн 300 мянган төгрөгийн олговор огтхон ч биш юм. 

Энэ салбарт дэлхийн жишиг, хөдөлмөрийн бүтээмж бараг хамаагүй.

Шалгавар, шийдэл угтаа ганц.  Энэ нь өрхийн БОДИТ ОРЛОГО хэрхэн өөрчлөгдөж байгаагаас л хамаардаг. 

Харин БОДИТ ОРЛОГЫГ тодорхойлоход нийгмийн олон давхарга өөр, өөр хэрэглээний сагстай учир  хавтгайрсан нэг аргачлал байх боломжгүй.  

Ер нь багш, эмч нарын цалинг нэмэх шаардлагатай бол  мөнгийг байлгах ҮҮРЭГ нь ТӨРИЙНХ. Төр бусад зардлаа хасаад ч хамаагүй, татвараа нэмж ногдуулаад ч болов шийдвэрлэж байх ёстой асуудал билээ. 

Тодруулбал, ТӨР оршиж байгаа нь үнэн л бол өөрийн цалинжуулдаг иргэдийн бодит орлого буурч л байвал тэднийг ЯДУУР гэхгүй л бол орлогыг нь тогтвортой байлгах, хэрэв хөгжихийг хүсч байгаа бол нэмэгдүүлэх ҮҮРЭГТЭЙ. Дээрээс нь нэг зүйлийг тодотгож хэлэх хэрэгтэй. Боловсрол, эрүүл мэнд, цагдаа, онцгой зэрэг иргэдийн боловсролтой, эрүүл саруул, аюулгүй байх язгуур эрх ашгийг хангах нь төрийн үндсэн үүрэг/үйлчилгээ учраас бусад зардлаа хасаад ч хамаагүй эдгээр салбар дахь орлогын бууралтыг ТОГТВОРТОЙ байдлаар нөхөх, нэмэгдүүлэх ёстой юм. 

Өрхийн ялангуяа эмч, багш нарын БОДИТ ОРЛОГО муудах тусам төрийн энэхүү ХАМГИЙН ЧУХАЛ/ЭРХЭМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ чанар муудах нь МАРГААНГҮЙ. 

ОНОЛ:

БОДИТ ОРЛОГО буурч байгааг хэмжих нэгж нь хэрэглээний үнийн индекс (ХҮИ) буюу ИНФЛЯЦИЙН өөрчлөлт. 

Томьёо нь:

БОДИТ ОРЛОГО = ЦАЛИН – ХИҮ х ШИ

Харин энэ хасах нь ханшийн өөрчлөлт биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Ханшийн өөрчлөлт нь инфляцид 30-40 хувийн нөлөөтэй. 

Нэгэнт онол энэ болохоор бид (мэдэхгүй байсан ч) дагаж л таараа. 

Өрхийн орлого олон шатлалтай бөгөөд ХҮИ (инфляци) хэд байгаагаас хамаараад аль шатлалд ХҮИ-ийг хэдээр үржүүлж тооцох хамаарлыг ойлгох нь чухал. 

Шатлалийн индекс (ШИ) нь ХҮИ-д ордог 329 бараа, үйлчилгээний аль хэсгийг түлхүү хэрэглэж байгаагаас хамаарна. Энэ бүх онолын тооцоог хялбаршуулаад ойлгохыг хичээвэл дүр зураг их л ойлгомжтой болох ёстой. 

Өөрөөр хэлбэл, ХҮИ буюу 329 бараа, үйлчилгээний үнийн өөрчлөлтийн дундаж илэрхийлэл нь өрхийн орлогын өөрчлөлтийг бүрэн дүүрэн илэрхийлж чадахгүй. Яагаад гэвэл өрх бүр өөр, өөр хэрэглээний сагстай гэж дээр дурдсан. 

Илүү ойлгомжтой болгох үүднээс жишээ татвал:

Иргэн Бат. Иргэн Бат орлого багатай хүний нэг. Тэрбээр инфляцийн өөрчлөлтийг хэмждэг өргөн хэрэглээний 329  нэр төрлийн бараа, үйлчилгээний ердөө 10 хувь буюу 30 гаруйг нь хэрэглэдэг гэж үзье . Мах, гурил, төмс, талх ... гэх мэт.  Хэдий Бат өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний сагснаас хамгийн бага хувийг хэрэглэдэг ч хамгийн их үнийн савлагаатай хэсгийг хэрэглэдэг байх магадлалтай.  Өөрөөр хэлбэл инфляцийг тооцохдоо өргөн хэрэглээний 300 гаруй бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийн дунджаар тооцно. 

Инфляци 2018 онд 8% байна гэж МонголБанк санал болгож байгаа бол халамжийн (номинал) хэмжээг 24% нэмж байж бодит орлого хэвэндээ байна гэсэн үг. 

Өөрөөр хэлбэл, цалин 2018 онд хамгийн багадаа 16-20% нэмэгдэж байж л ирэх жил бодит орлого өсөх биш дордохгүй хэвэндээ хадгалагдана гэсэн үг. 

Цалин нэмээгүй өмнөх 4 жилд (2014, 2015, 2016, 2017) инфляци дөрвөн жилд 10.4+1.9+1.1+5.8= 19.2% байсан бол цалин үүнийг хамгийн багадаа хоёр үржүүлсэн (40%) түвшинд нэмэгдэж байж хэмээн бодит орлого хамгаалагдана. 

Цалингаа 50 хувь нэмэгдүүлье гэж байгаа эмч нарын шаардлага тооцоолол үндэслэлтэй. 

Халамжийнханы хувьд бол ШИ=3 хавьцаа байх тул инфляцийг үржих нь 3 байж л амьдрал дордохгүй. 

Та бүхний ойлгох зүйл бол цалинг инфляциас хамгаалахгүй бол асуудал алга болохгүй улам л хуримтлагдана. Инфляци нам байж л бодит орлого илүү хамгаалагдаж цалин нэмэх эх үүсвэрийн шаардлага багасч төсөв дээр ирэх энэ төрлийн дарамт багасна. Энэ бол ОНОЛ. 

Нөгөөтэйгүүр инфляцид хамгийн их нөлөөлдөг төсвийн алдагдал гэдэг "хорт хавдар"-аас хурдан салахгүй бол цалингийн өсөлт-төсвийн алдагдал-инфляци -цалингийн өсөлт гэсэн чөтгөрийн тойргоос гарч чадахүй. 

2017 оны төсвийн алдагдал/дутагдал 2.6 их наяд, 2018 оных энэ хэмжээнээс 300 тэрбумаар бага (Сангийн сайдын мэдэгдлээс ашиглав) гэж тооцвол Монгол Улсын шинэ өр 5 их наядаар нэмэгдэх нь. Энэ шинэ зээлийг гадаадаас авахгүй/олдохгүй бол инфляци л улам өснө гэсэн үг. Зөвхөн жилд төлөх хүү нь 500 тэрбум. Уг нь юун цалингийн өсөлт санхүүжүүлэх эх үүсвэр гэхээр тоо байгаа биз? 

Тодруулбал, та бүхний алдагдалтай/дутагдалтай баталж байгаа төсөв бүр чинь Монгол Улсад шинэ өрийг бий болгож байгааг бид ХИЧЭЭЛ #1 -ээрээ тодорхой заасан. Төсвийн энэхүү дутагдал бүр чинь өр бий болгож, нийт эдийн засгийг тогтворгүй, сул болгож инфляцийг нэмэгдүүлэх хүчин зүйл болж байна. Энэ эргээд л өнөөх ӨРХИЙН БОДИТ ОРЛОГОД сөргөөр нөлөөлж буйг анхаараач.

Дүгнэлт нь: 

Төсөв алдагдалгүй байх + цалин инфляцийг 2 үржүүлсэнээр жил бүр нэмэгддэг байх. Энэ л харьцааг УИХ, ЗГ нь хуульчилсан тохиолдолд цалин нэмнэ, нэмэхгүй гэсэн нийгмийг хамарсан, яваандаа сөрөг үр дагавар нь давамгайлах хандлага алга болно.

Бодлого 1:

Бодлогын өгөгдөл

Эрх баригчид нэгэнт өөрт өгөгдсөн дээрх үүрэг/онолыг хангах чадамжгүй бүр хамгийн муу хувилбар буюу төрийн 192 мянган албан хаагчид нэг удаадаа 300 мянган төгрөг өгнө гэв. (Өнөөдөр 2017.10.27-нд Эцсийн хэлэлцүүлэгтэй) Үүнийгээ дээрх инфляцийн нөлөөллийг арилгах нөхөн олговор гэжээ. Яг үнэндээ бодит орлогыг хэрхэн нөхөх ёстой талаар дээр ойлгомжтой дурдсан.

Олон нийт дунд болон урт хугацаанд орлогоо тогтвортой өсгөх бодлогыг хүлээж байгаа нь зарим асуулгаар нотлогдож байна. 

Үүний жишээ, iKon.mn –ээр явуулсан ТАХ-д бэлэн мөнгө тараахыг дэмжиж байна уу гэсэн асуулгад 85 хувь нь эсэргүүцэж эрх баригч та бүхнийг саналыг буруутгасан байна.

Ер нь эрх баригчид бэлэн мөнгө тараагаад сайн зүйл болоогүйг бид ганцхан тоон дээрээс л харахад батлагдана. 

Энэ бол инфляци.

Иргэн бүрт Хүний хөгжил сангийн бэлэн мөнгө (70, 21 мянган төгрөг) тарааж эхэлсэн 2010 онд инфляци гурав дахин нэмэгдсэнийг бид бэлээхэн харж байна. 

График 1,  Инфляцийн түүх, 

Дээрх онолыг ойлгосон бол танд нэгэн сонирхолтой түүхийг сануулъя. Түүх гэж саяхны явдал л даа. 2011 онд Монгол Улсын Эдийн засгийн өсөлт 17 хувь давж наргиж, цалгиж байсан үе бий. Хэдий ийм өндөр өсөлт үзүүлсэн ч сонгогчид 2012 онд нь сөрөг хүчин болох АН -ыг сонгожээ. 

Яагаад?

Яагаад гэвэл эдийн засаг галзуу хурдаар тэлж өссөн ч энэ ӨРХИЙН БОДИТ ОРЛОГОД нөлөө үзүүлээгүйг та дээр үзүүлсэн ганцхан ширхэг томьёоноос ойлгоно. Үнэндээ мөнгөний хэмжээ нэмэгдээд байгаа юм шиг мөртлөө инфляциа ингэж гэрлийн хурдаар нэмэгдүүлсэн нь БОДИТ ОРЛОГЫГ нэмэгдүүлэх бус хасаад л байж.

Та хар даа, эдийн засаг тэлж эхэлсэн 2010, 11, 12 онуудад инфляци 13+9+14-= 36% болжээ. Үндсэндээ энэ жилүүдэд өрхийн бодит орлого 70%-80% өсөх ёстой байсан ч тийм зүйл болоогүйг мэдэрсэн олон нийт сонголтоо хийж дүнгээ тавьжээ.

Одоогийн эрх баригчид яг л энэ танил арга барил руугаа эргэн орж байгаа харагдана. Эдийн засгийн өсөлт нэмэгдлээ гэх мэт тоогоо чангаар уншина. Харамсалтай нь иргэн, өрх нь ядуурсаар...

Хэрэв та энэ хичээлийн томьёог ойлгосон бол инфляци өсөх бүрт иргэдийн БОДИТ ОРЛОГО буурна. Харин бэлэн мөнгө тараахад инфляци өссөнийг дээрх графикаас харж байна. 

Тэгэхээр одоогийн Засгийн газрын санаачлаад байгаа 55 тэрбумыг бэлнээр тараах цаашдаа бүр ч тоо нь нэмэгдэх магадлалтай ЭНЭ бодлого ТАНЫ ОРЛОГЫГ НЭМЭХ БУС АЛСДАА ХАСААД БАЙГААГ ТА ОЙЛГОСОН байх. Өөрөөр хэлбэл бидний сонгосон эрх баригчид биднийхээ эсрэг ажиллаад байгааг тоо баталж байна. 

Одоо бодлогоо бодож эхэлье

Нэгэнт энэ Засгийн газарт 55 тэрбум төгрөг байгаа бол түүгээр нь юу хийж болох вэ. (Дахин сануулъя. 55 тэрбум төгрөгийг тараах эсэх эцсийн хэлэлцүүлэг өнөөдөр 2017.10.27 болно)

Бодлогын хариу:

Ямартай ч энэ 55 тэрбум төгрөг чинь угаасаа жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрт байж байсан.  Хувийн хэвшлийнхэнийг идэвхжүүлэх улмаар эдийн засгаа тэтгэх мөнгө байсныг зүгээр л ялгадас болгож байгаа нь харамсалтай гэдгийг эхлээд хэлэх нь зөв.

Учир нь, Засгийн газрын санаачлаад буй бэлэн тараах 55 тэрбум төгрөг хувийн хэвшлийнхэнд яаж наалдах юм гэж олон хүн асуужээ. Яг үнэндээ энэ 55 тэрбум шинэ жилийн хэдэн даашинз, сар ч хүрэхгүй хүнсний хэрэглээний мөнгө болоод дуусах магадлалтай. 

55 тэрбум төгрөгөөр олон цэцэрлэг, сургууль барьж байгуулж болно. Гэхдээ орлогоо нэмэгдүүлэхийг хүсч байгаа төрийн албан хаагчид тэр дундаа төрийн үйлчилгээний албан хаагчид буюу эмч, багш нарт хэрхэн бодитой дэмжлэг үзүүлж болохыг бодоцгооё.  55 тэрбум төгрөгийг хамгийн өгөөжтэй байдлаар хэрхэн зарцуулж болох вэ?

Засгийн газрын гаргах гээд байгаа 55 тэрбум төгрөгийг цалингаа нэмүүлэхийг хүсч буй төрийн албан хаагчдад наалдацтай байдлаар хамгийн дээд тал нь Засгийн газрын баталгаа болгож банкны зээлийн 550 тэрбум болгон эдийн засгийг тэтгэх боломжтой. 

Одоо олгогдож буй моргейжийн зээлээр нэг өрх орон сууцны 30 хувийн урьдчилгаа болох 27 сая төгрөгийг гаргаж байна. Үлдсэнийг нь банкнаас зээлдэг. 

Тэгвэл энэ 55 тэрбум төгрөгөөр наад зах нь тухайн өрхийн гаргах 30 хувийн урьдчилгаанд Засгийн газар  30-50  хувьд баталгаа гаргаж өгөх боломжтой. Яг энэ зарчмаар ажиллавал жилд л 4-6 мянган эмч, багш нарыг (өрхийг) орон сууцжуулах боломж бүрдэх нь ээ. 

Багш, эмч нарын дундаж цалин 400-600 мян.төг байгаа талаар тэд мэдээлж буй. Нэг гэр бүлийн хоёр хоёулаа энэ салбарын хүмүүс бол тэд хэзээ ч орон сууцтай болох боломжгүйг та бодоод олчих байх. 

Тэгвэл ипотекийн хөтөлбөрөөс хасагдаад буй энэ хэсгийг орон сууцжуулах хөтөлбөрийг яагаад энэ 55*10= 550 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж болохгүй гэж?! 

Иргэдээ орон сууцжуулна гэдэг нь УТААГААР АМЬСГАЛАГЧ иргэн бүрийн бас XXI зууны  МАРГААНГҮЙ нэг зорилго бөгөөд барилга, үйлдвэр, худалдаа, ажлын байр гээд жинхэнээсээ эдийн засгийг идэвхжүүлэгч болох учиртай. 

Моргейжийн хөтөлбөрийг санхүүжүүлэх нь цалингаа зайлшгүй нэмэх шаардлагатай хэсэгт хамгийн өгөөжтэй сонголтын нэг бөгөөд өөр бусад хувилбар, бодлого нээлттэй. Дээрх нь нэг л хувилбар. 

Ямартай ч Засгийн газар, УИХ-ын гишүүн та иргэддээ нөхөн олговор нэртэйгээр тэднийг нэмж торгож, орлогыг нь бүр их бууруулах ШИЙДВЭР ГАРГАХ гэж байгааг чинь ИНГЭЭД СОНГОГЧИД ТОО БАРИМТТАЙГААР ОЙЛГОЛОО, БАЯРЛАЛАА.