Энэ хичээлээс бид Монгол Улс яагаад өрөнд ороод байгааг ойлгох болно. Бас тэр өрийг хэн үйлдвэрлээд буйг үзье.
Монгол Улсын төсвийн "алдагдал" 4.7 тэрбум америк доллар гэвэл та итгэх үү.
2007-2016 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт хуримтлагдсан "алдагдал" тухайн жилийн ханшаар тооцвол 3.7 тэрбум ам.доллар болж байна. Хоёр долоо хоногийн өмнө УИХ-аар баталсан 2017 оны төсвийн "алдагдлыг" нэмбэл 4.7 тэрбум америк доллар буюу 11.3 их наяд төгрөг болж байгаа юм.
Бид яагаад энэ их алдагдлыг хийсээр ирэв. Тэр алдагдлаа хэрхэн нөхөв гэдгээ ч огт ярилцахгүй өдийг хүрлээ. Тэгээд бүр тэр алдагдлыг баталж эцсийн шийдвэр гаргаж байгаа парламентийн гишүүд нь үүнийхээ учрыг өөрсдөө олохгүй байсаар ирлээ.
УИХ-ын гишүүд Монгол Улсыг өрөнд орж туйлдаа хүрч байгааг гайхаж ярьдаг ч өөрсдөө энэ "алдагдлыг" яагаад баталж ирэв гэдэг дээр ярилцая.
НЭГ. Юуны өмнө "алдагдал" гэдэг нэр томьёог ДУТАГДАЛ (Deficit) гэж өөрчилж хэрэглэж сурах ёстой аж.
Өөрөөр хэлбэл бид төсвийн алдагдал биш төсвийн (орлогын) дутагдал гэж ярих ёстой юм. Буруу нэр томьёоноос болоод төсөв баталж байгаа гишүүд маань энэ дутагдлыг байх ёстой зүйл мэт, тэр мэдээллийг хүлээн авч байгаа олон нийт нь ч ямар нэгэн ач холбогдолгүй тоо мэт ойлгох болжээ.
Гэтэл хамгийн инээдтэй нь ийм дутагдал баталсан гишүүд маань Монгол Улсын өр хэрээс хэтэрч бид сүйрч байгаа мэтээр хамгийн их ярьдаг нь бүр хоржоонтой. Үнэндээ тэр өрийг үйлдвэрлэсэн буюу дутагдал гаргаж түүнийгээ өрөөр нөх гэдэг даалгаврыг өгсөн хүмүүс нь МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙГ БАТАЛЖ БУЙ УИХ-ын эрхэм гишүүд ТА НАР билээ.
УИХ-ын гишүүд маань нэр томьёоны төөрөгдөлд орсон уу эсвэл санаатай энэ дутагдлыг бий болгосоор байна уу гэдэг өөрөө сонирхолтой. Хэрвээ санаатайгаар өөрөөр хэлбэл ашиг сонирхлын үүднээс ийм өр үйлдвэрлэж ирсэн бол хэн хамгийн их өрийг батлав гэдгийг жишээгээр харуулъя.
2007 - 2017 он буюу сүүлийн 10 жилийн хугацаанд 11.3 их наяд төгрөгийн алдагдлыг баталсан давхардаагүй тоогоор 165 парламентийн гишүүн байна. Эдгээрээс сүүлийн гурван парламентад гэхэд тасралтгүй сууж байгаа 20 эрхэм бий. Тэд жил бүрийн арваннэгдүгээр сард алдагдал/дутагдал үйлдвэрлэхэд оролцсоор байна. Зарим нь ч бүр бусдыгаа манлайлан индэр дээр суугаад алхаараа балбаж явсан нөхөд.
Доорх хүснэгтэд бид Монгол Улсыг хамгийн их ӨРӨНД ОРУУЛСАН 20 ЭРХМИЙГ нэрлэж байна. Эдгээр 20 хүн сүүлийн 10 жилийн хугацаанд тасралтгүй парламентад сууж 4.7 тэрбум долларын өрөнд оруулсан хүмүүс гэсэн үг. Энэ 20 эрхмээс Б.Бат-Эрдэнэ, Ц.Нямдорж, Д.Тэрбишдагва, Н.Энхболд ... гээд зургаан хүн одоогийн парламентад мөн үргэлжлүүлэн ажиллаж байна. Тэд 2017 оны төсвийг НЭГ тэрбум ам.долларын алдагдалтай батлаад байна. Тэгэхээр ийм хэмжээний туршлагатай гишүүд маань хүртэл Монгол Улс өрөнд орж байгааг гайхаж хамгийн ихээр ярилцлага, мэдэгдэл хийдэг атлаа өөрсдөө өрийг баталсаар ирсэн гэдгийг шинэ залуу УИХ-ын гишүүд бас сонгогч олон маань мэдэх хэрэгтэй.
График 1, Сүүлийн 10 жил буюу 2007-2016 он дамжин суусан УИХ-ын гишүүдэд ногдох төсвийн алдагдал/дутагдал буюу ӨР (УИХ-ын гишүүн байх үедээ)
ХОЁР. Улсын Нэгдсэн Төсвийн "алдагдал" (дутагдал) гэдэг компанийн ашиг/алдагдлын тайлан биш юм. Энэ бол зээл/өрөө өсгө гэсэн хууль.
УИХ-ын гишүүд өрөө нэмэх гээгүй л бол төсвөө дутагдалгүй батлах ёстой. Алдагдал гэхээр алдуул адуу мэт алга болчихсон, хэзээ ч нөхөгдөхгүй зүйл мэт ойлгоод байх шиг.
Зарлагаа төсөвлөчихсөн, харин орлого нь хүрэхгүй дутагдаад байгааг зээлээд олоод нөхөөрэй гэсэн даалгаврыг л УИХ сүүлийн 10 жил, жил бүрийн арваннэгдүгээр сард өгч байснаа гэнэт яагаад өрөнд оров, бид баларлаа гэж хашхирах болов. Алдагдал гэдэг өөрөө дутагдал буюу дутсан зүйл учраас түүнийг нөхөхийн тулд Засгийн газар нь заавал өр тавьж зээл авах, бонд босгох эсвэл ашигт малтмалаа худалдах замаар нэгэнт гарсан зардлыг нөхөхөөр өр тавьсаар иржээ.
Тэгэхээр энэ хичээлийн гол томьёо бол:
Цаашилбал, жил бүр УИХ-аар баталж байгаа дутагдал/зээл/өр яг амьдрал дээр 12 сарын дараа гэхэд гол төлөв 50 хувь нэмэгддэг нь жишиг болоод удсаныг бас хэлэх хэрэгтэй. Бид улам л өрөнд орсоор байна гэсэн үг.
Тэгэхээр УИХ-ын гишүүд маань дутагдалтай/алдагдалтай төсөв батлах бүртээ улсынхаа өрийг нэмж байна гэдгээ л ойлгочих хэрэгтэй. Энэ нь их энгийн хэн ч ойлгочих зүйл мэт боловч зарим нэг УИХ-ын гишүүн бүр огт энэ талаар гадарлахгүй байгаа мэт мэдэгдэл хийсээр байгаа нь сонгогч олныг басамжилж буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл өөрөө өр тавьж төсвийн дутагдлыг нөхөх даалгавар өгчихөөд "Монгол Улсыг хэсэг нөхөр өрөнд орууллаа" гэх. Тэгвэл энэ ярианд чинь сонгогч олон одоо лав хууртахааргүй боллоо.
График 2, Сүүлийн 10 жилийн хуганцаанд парламентийн гишүүдийн тавьсан өр:
Монголын төсвийн дутагдал/зээл/өр УИХ-д аль нам олонх болохоос огт хамаардаггүй юм байна. Нэг нь 65 болоод ч нэмэр алга гэдгийг 2017 оны дутагдлаас харж болно.
Залуучууд, шинэ гишүүд, дуучид, тамирчид нэмэгдээд ч нэмэр алга. Хамтраад, салаад, их/бага эвсэл болоод ч нэмэр алга. Өр нэмж болохгүй шүү гэж ард түмэн захиад ч ялгаа алга. Ямар ч л байсан 2018 он хүртэл зарлагаасаа дутаж байгаа орлого нь буюу зээл (өрөө) нэм гэсэн хууль шинэ УИХ маань өнгөрсөн өдрүүдэд их л амархан баталчихлаа. Зүй нь зардлаа л тэгж хасах байлаа.
Тэгэхээр нэгдүгээр хичээлийн сэдэв "УЛСЫН ӨР ХААНААС ҮҮСДЭГ ВЭ?". Хариулт нь улсын төсвийн алдагдал/дутагдал буюу УИХ-ын гишүүдийн баталдаг дутагдалтай төсвөөс УЛСЫН ӨР ҮҮСДЭГ байх нь.
БЭЛТГЭСЭН: