Зураг
Зураг
Индэр    
УИХ-ын гишүүдэд зориулсан хичээл #4
Зураг
2018 оны 1 сарын 10
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор
Зураг
iKon.mn сэтгүүлч, Эдийн засаг, Санхүү

УИХ-ын гишүүдэд зориулсан хичээл #4

ТАНИЛЦ: Монгол Улс 2018 онд иргэдээсээ 50%-ийн "татвар" авч эхэлнэ

СЭДЭВ: ТАТВАР ЯАГААД НЭМЭХ ЁСГҮЙ ВЭ?

Монгол Улсын ажил хөдөлмөр эрхэлдэг иргэдийн ердөө 11.1 хувь нь 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай учир эдгээрт нэмэгдүүлж буй татвар нь нийт иргэдэд хамааралтай биш гэх агуулга бүхий мэдэгдлийг эрх баригчид та бүхэн удаа дараа бахархалтайгаар хийж буй.

Ердөө 10 орчим хувь нь өнөөдрийн ханшаар 616 ам.доллараас дээш цалинтай байна гэдэг баярлахаар тоо юу, гутрахаар тоо юу?!

Эгдүүцэл нь төрөөд буй энэ 10 хувийг нэмж торгох уу. Харин ийм орлоготой иргэдийн тоог илүү нэмэх бодлогыг санал болгох ёстой юу гэдэг торгон ялгаан дээр эрх баригчдын чанар чансаа танигдах аж. 

Тодруулбал, Өнөөдөр Монгол Улсад 600 ам.доллараас дээш цалинтай иргэд аравхан хувь байна гэдэг сайн уу, муу юу тухай ярих ёстой байтал энэ хүмүүсээ нэмээд торгоё гэх санал яавч Монголчуудыг баян болгох сонирхолгүй хүний шийдвэр гэж уншигдаж байна.

“Өндөр орлоготой иргэдэд л хамаарч буй татвар, Америк, Герман, Шведүүд ч ийм шаталсан татвараар 40 орчим хувийн татвар төлдөг” гэх УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга Г.Занданшатарын мэдэгдлээс үүдэлтэйгээр өндөр татвар төлөгчид маань яг Америк, Герман, Швед шиг өндөр орлого, нийгмийн халамж, амьдрах орчин нэхэх эрхтэй болж байна гэж ойлгож болохоор. Гэтэл бодит байдал дээр тийм боломж бололцоо манай улсад бий бил үү.

Монголд өнөөдөр хүн өндөр орлоготой болох тусмаа аль болох улсын үйлчилгээнээс татгалзаж эхэлдэг нь бодит үнэн. Улсын эмнэлэгт дугаарлах бус хувийн эмнэлгийг бараадаж, улсын сургууль, цэцэрлэг бус хувийнх нь чанартай гэж хүүхдүүдээ явуулдаг нь нууц биш. Монгол хүн өнөөдөр гэрээс гараад л утаанд хордож,эрүүл мэндээрээ хохирч байгаад төр иргэддээ нөхөн олговор өгөх ёстой болохоос нэмж татвар авах тухай нь өөрөө логикийн алдаатай шийдвэр юм.

Үнэн хэрэгтээ энэ оноос ердөө 10 хувийнх нь ч биш нийт нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хүн бүрийн цалингийн орлого багасч буй.

АЛДААТАЙ ШИЙДВЭРҮҮД

НЭГ: 55 ТЭРБУМЫН ХАЛАМЖ БА 51 ТЭРБУМЫН ТАТВАРЫН НЭМЭГДЭЛ

Иргэдийн бодит орлого буурч байгаа үед орлогыг нь нэмэгдүүлэх ёстой талаар уг нь өмнөх хичээлээр заасан боловч энэ удаад дахин нотлох хэрэг гарлаа.

Дэлхийн Банкны ахлах эдийн засагч Самуэль Фрейже-Родригес "2014 - 2016 оны хооронд өрхийн бодит орлого ихээхэн буюу 15 хувиар буурсан” гэж Монгол Улсын Ядуурлын чиг хандлагад нөлөөлсөн үндсэн хүчин зүйлс танилцуулгадаа дурджээ.  Тэгэхээр Монголчуудын бодит орлого буурсныг зөвхөн бид биш Дэлхийн банк нотолжээ.

Иргэдийн бодит орлого өнгөрсөн жилүүдэд буурсныг нөхөх нь төрийн үндсэн бодлого байх ёстой атал харин сонгогчдыгоо нэмж торгох шийдвэр гаргасан нь энэ улс ямар гээчийн мухардалд хүрээд буйг илтгэх мэт.

2017 онд эмч, багш нар цалингийн орлогоо нэмэгдүүлэх удаа дараагийн хөдөлгөөн өрнүүлэхэд төр засаг тийм боломж үгүй бөгөөд бэлнээр төрийн албан хаагч бүрт 300 мянган төгрөг буюу 55 тэрбум төгрөг тараах шийдэл боловсруулж, шинэ жилийн баярын өмнө энэ шийдвэрээ ёсоор болгожээ. Харин үүний үр дүнд эдийн засагт ямар нөлөө гарав.

Ямартаа ч бидэнд буй бодит мэдээллээр 2017 оны арванхоёрдугаар сарын 28-наас-31-ний өдрүүдэд эрүүлжүүлэгдсэн хүний тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30 хувиар өссөн дүнтэй гарчээ.

Тэгвэл шаталсан татвар буюу татвар нэмэгдүүлж иргэдээс олох орлого 2018 онд 51 тэрбумаар нэмэгдэх төсөөлөл байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ.

Өөрөөр хэлбэл, төр засаг нь төсвийн орлогыг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлага байна гэх авч түүнтэй дүйхүйц мөнгийг зүгээр л халамж байдлаар тараагаад өгчихдөг нь ойлгоход тун бэрх шийдвэр.

"Улс төрчдийн зардал"-ыг цалингийн татвараар санхүүжүүлэхийн "логик" яг юу вэ?

Өөрөөр хэлбэл, ажилгүйдэл, ядуурал нэмэгдэж, эдийн засаг удааширсан нөхцөл байдлын эсрэг татварыг нэмэгдүүлж байгаа утга нь гарахгүй байгааг дээрх шийдвэрүүд харуулах ажээ.

ХОЁР: ТАТВАРАА НЭМЭГДҮҮЛСЭН Ч ТӨСВИЙН ЗАРДЛАА НЭМЭВ

Засгийн газар Олон Улсын Валютын Сантай тохиролцож, УИХ-ын гишүүд та бүхний баталж буй улсын төсөв иргэдийн орлогыг нэмэгдүүлж, улс орноо баян болгох сонирхол үгүйг нотлох давхар давхар торгох, мөлжих харалган шийдвэр баталсан нэг жишээг нэмж сануулъя.

Эрх баригчид өнгөрсөн оноос эхлэн долоон төрлийн татварыг нэмэгдүүлэх шийдэлд хүрсэн билээ. Үүнд архи, тамхины онцгой татвар, хадгаламжийн хүүгийн орлогын татвар гээд шаардлагатай татварууд байсныг үгүйсгэхгүй. Харин иргэдийн халаас руу өнгийсөн цалин, хөлсний орлогын татварыг нэмэгдүүлэхэд хангалттай хүндэтгэх шалтгаан байх шаардлагатай.

Монгол Улсын төсөв алдагдалтай батлагдах бүрт УИХ-ын гишүүд та бүхнийг шинэ өр үйлдвэрлэж буйг бид Хичээл #1 -ээр нотолсон.

Тэгвэл үнэхээр төсвийн АЛДАГДАЛ/ДУТАГДЛЫГ бууруулах зардлыг татвар төлөгчдөөр барагдуулах ёстой бол ойлгох сон.

Гэтэл 2018 онд өсөн нэмэгдэж буй төсвийн орлогыг дагуулаад зардлаа өсгөж буй нь төсвийн алдагдлыг иргэдийн татвараар нөхөж байна гэх утга үнэндээ нотлогдохгүй болж байна.

Өөрөөр хэлбэл, 2018 оны төсвийн зардал 497 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Төсвийн орлого өссөн сайн үзүүлэлт байгаа бол зайлшгүй санхүүжүүлэх ёстой иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх урт хугацааны тогтвортой шийдэл санал болгоогүй атлаа зардлаа өсгөж буйг ямар ч онолоор тайлбарлахад бэрх, ганцхан улстөрийн ашиг сонирхлоор тайлж болох шийдвэр ажээ.

Төсвийн зардлаа танаад эсвэл ядаж нэмэхгүйгээр татвар нэмсэн бол Төсвийн алдагдал/дутагдал (Шинэ Өр) багасгах нь гэж ойлгох байлаа.

Энэ нь макро эдийн засагт эерэг. Гэвч тэгсэнгүй.

Дээрээс нь 2018 онд УИХ-ын гишүүдийн кноп дарж баталсан бас нэгэн "татвар"  бол инфляцийн зорилтот түвшин 8%.

Амьдрал дээр бараг 10% гарах магадлалтай. Учир нь өнөөдөр шатахууны үнэ нэмэхээс өмнө л гэхэд Улаанбаатарт инфляц 7.6% -д хүрчээ. Иргэд, сонгогчдын хувьд аль хэдийнээ нэмэгдсэн найман хувийн инфляцийг худалдаад аваад эхэлчихсэн гэсэн үг.

Энэ бол татварын шатлал, орлого харгалзахгүй бүх иргэнд хамаатай "татвар".

Өөрөөр хэлбэл Монгол Улсын иргэд орлогоосоо 2018 онд 10-25%-ийн орлогын татвар, 10%+1%-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөөд нэмээд 10%-ийг инфляц гэдэг "татвар"-т өгөх нь ээ.

Жишээ хэлье, Өөрийн орлогын тухай бодит байдлаа хуучлах иргэн Б дөрвөн сая төгрөгийн цалинтай. Гадаадад эзэмшсэн өндөр боловсрол, олон жилийн эрдмийн ажлын хүрээнд нэгэн хувийн их сургуульд тэнхимийн эрхлэгч, багш, судлаач хийдэг. Гурван хүүхэдтэй. Хоёр том хүүхэд нь хувийн сургуульд сурдаг, эхнэр нь саяхан амаржсан тул гэртээ хүүхдээ хардаг.

Иргэн Б өөртэйгөө нийлээд таван хүнийг дөрвөн сая төгрөгөөр тэжээдэг. Харин энэ хүн 2018 онд гарт авах цалин нь 3,187,000 болж 204 мянган төгрөгөөр буураад дээрээс нь инфляцийн нөлөөгөөр нийтдээ 522,000 төгрөгөөр багадаа буурч 2.8 сая төгрөг болох нь. Өөрөөр хэлбэл, улстөрчид та бүхний хурууныхаа үзүүрээр гаргасан энэхүү шийдвэр нь Монголын мянга мянган өөрийн сурч эзэмшсэн боловсрол, туршлага, хөдөлмөрөөрөө ажиллах, ахих, дэвших эрмэлзэлд тавьсан татвар ажээ.

Өөрөөр хэлбэл, Монголд өнөөдөр 3.5 сая төгрөгөөс дээш цалинтай, цалингаараа сайхан амьдрах мөрөөдөлтэй залуус хувь хүний орлогын 25%, НДШ-ийн 11% нийлээд 36%, түүн дээр нэмэгдэх инфляцийн хувьтай нийлээд ойролцоогоор 50%-ийн татаастай амьдарч эхлэх нь ээ.

Яг үнэндээ эрдэмтэн судлаач иргэн Б-ийн сардаа гарт авах 2.8 сая төгрөг өндөр орлого мөн үү гэж асууя. Монголд өнөөдөр өндөр орлогод тооцогдож байгаа ч энэ нь холын Америк, Герман, Швед ч биш Монголчуудын мянга, мянгаараа дүрвэн ажиллаж буй Солонгос улсын буудлын үйлчлэгчийн цалин гэдгийг Монголчууд өнөөдөр мэддэг болоод уджээ. Харин Монголд боловсрол, туршлага, мэдлэг, чадвараа тодорхой хэмжээнд үнэлүүлэн эх орондоо харийн орноор бол “хар ажил” хийх хэмжээний цалин авах гэж тэмцэж явахад нь ийнхүү 50%-ийн татвар авах шийдвэрийг УИХ, Засгийн газрын гишүүд та бүхэн хурууны үзүүрээрээ гаргаж сууна.  

Монголд өнөөдөр тэгш бус байдал, баян ядуугийн ялгаа их байгаа учир ийнхүү өндөр орлоготой иргэдийг (бидний хүсч буй хөгжингүй орнуудын хувьд өндөр бус орлого) торгох ёстой гэх нь өөрөө Монголчууд цалингаараа сайхан амьдралыг бүтээх эрмэлзэлийг нурааж, бүгд хөрөнгийн эзэн л болж байж сайхан амьдрах зам бийг гаслантайгаар сануулжээ.

Хүн бүр хөрөнгийн эзэн болох албагүй, боломж ч үгүй. Гэтэл баян, ядуугийн ялгаа гэдэг зүйлийг хөрөнгөн дээр тавих ёстойг улстөрчид та бүхэн харах ёстой байж. Яг өнөөдөр сайн ажилтан, мэргэжилтэн, менежер, гүйцэтгэх удирдлагын үүргийг гүйцэтгэж цалингаараа сайхан амьдарна даа гэж итгэсэн залуу нөгөө талд эцэг, эхээсээ 100 тэрбум төгрөгийн хөрөнгийн өв залгамжлал аваад амьдралд хөл тавьж байгаа залуу хоёрын хооронд баян, ядуу, тэгш бус гарааны тухай яригдах болохоос гадныхаар бол үйлчлэгчийн цалин авч буйг нь нэмж торгоод байвал энэ улс баян байтугай дундаж давхаргатай болох тухай яриад ч хэрэггүй ажээ.

Эрх баригчид үүнийг ойлгохгүй биш ойлгоно. Мэдэхгүй биш мэдэх учиртай. Харин та бүхэн ийм санаатай, санаандгүй алдаануудаа хайхрах зав үгүй биз. Улс төрчид маань асар завгүй байлаа. Үнэхээр "орон гэртээ орох” ч завгүй байцгаалаа.

2012-2018 онуудад Ерөнхий сайд 5, Сангийн сайд 6 (жилд нэг), Төв Банкны Ерөнхийлөгч 3-ыг сольж амжлаа.

Ийм завгүй хүмүүс "улс төрийн" зардлаа санхүүжүүлэхийн тулд "ойлгомжгүй" татвар нэмэхэд гайхах зүйл байгаа ч билүү дээ…