Индэр    
УИХ-ын гишүүдэд зориулсан хичээл #5
Зураг
2018 оны 11 сарын 14
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

УИХ-ын гишүүдэд зориулсан хичээл #5

"Дайны хажуугаар дажин" гэгчээр жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилтээс иргэд, сонгогчдынхоо өмнүүр нь орж мөнгө зээлсэн эрхэм түшээдийн балаг дуусахгүй нь.

Тэд Валютын зохицуулалтын тухай, Зээлийн хүүд хязгаар тогтоох гэх мэт чөлөөт эдийн засгийн эсрэг хуулиудыг санаачилж, түүнийгээ батлуулахаар янз бүр болох ажээ. 

Тиймээс ч энэ удаад Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга Монгол Улсын эдийн засагт цаашлаад иргэн бүрийн орлого, санхүүд ямар хэмжээний эрсдэл, дарамт учруулахаар байгааг энэ удаагийн УИХ-ын гишүүдэд зориулсан хичээлээр хүргэхээр боллоо. 

ХИЧЭЭЛИЙН СЭДЭВ: ХӨРӨНГИЙН ЧӨЛӨӨТ УРСГАЛ

Монгол Улсын эдийн засаг 1994 онд ердөө 382 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байв. 

Жилийн төсвийн орлого ба тусламжийн дүн 86, мөнгөний нийлүүлэлт 77, зээлийн хэмжээ 53 тэрбум төгрөг байж. Ийм жижиг эдийн засаг өдгөө 73 дахин өссөн нь “нээлттэй” хэмээх тодотголтой байсны ач гэж хэлж болно.

Тодруулбал, өмчийн хяналтгүй, хөрөнгө оруулахад чөлөөтэй байсан нь Монгол Улсыг өдий зэрэгт авчиржээ. Хөрөнгө оруулалт эрчээ авахад эдийн засаг хэрхэн тэлж болдгийг 2011 оны эдийн засгийн өсөлт монголчуудад маш бодитой харуулсан. 

Тиймээс ч эдийн засагч, улстөрчдийн мөнхийн толгойны өвчин болсоор ирсэн асуудал нь гадаадын хөрөнгө оруулалт ахиухан татаж, эдийн засгаа тэлэх. 

Харин энэ өдрүүдэд УИХ-ын гишүүд яг үүний эсрэг нөлөө бүхий хуулийг хэлэлцэж эхлээд байгаа нь Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга юм. 

Монголбанк боловсруулж, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын гишүүдээр өргөн бариулсан тус хуулийн төсөлд туссан таван ноцтой заалтыг энэ чигт нь баталбал манай улсын эдийн засагт ямар хэмжээний сөрөг үр дүн гарахыг эдийн засагчид, бизнес эрхлэгчид, олон улсын байгууллагуудын боловсруулсан саналуудаас тоймлон хүргэе. 

НЭГ.  Хоёр шатлалт банкны тогтолцоог эвдсэн ХОЁР ЗААЛТ

Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын:

  • 16.1.3 -т Монгол Улсын гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, зохицуулах зорилгоор Монголбанк иргэд, хуулийн этгээдээс цэвэршүүлсэн алт, иргэд, хуулийн этгээд, санхүү, төсвийн захиргааны төв байгууллагаас валют худалдан авч болно.
     
  • 10.4. Монголбанк Монгол Улсын эдийн засаг, төсвийн орлогын бүрдэлтэд чухал ач холбогдолтой, стратегийн хөрөнгө оруулагч эдийн засгийн харьяат бус этгээдэд харилцан тохиролцсоны үндсэн дээр валютын данс нээх, төлбөр тооцоо гүйцэтгэж болно гэжээ. 

Энэ хоёр заалтыг уншингуут төвбанк тухайн улс оронд чухам ямар үүрэг, оролцоотой байх ёстой талаар анхан шатны ойлголтгүй мэт уншигдах. 

Түүх сөхвөл Испани, Италиас үүсэлтэй Төв банк хэмээх бүтэц дэлхийн улс орнууд дамнан 300 орчим жилийн шалгарлыг туулахдаа улам шат ахисаар 1694 онд өнөөгийн орчин үеийн загварыг олсон байдаг. Улсын банк, арилжааны банк гэсэн хоёр шатлалтай банкны систем нь хамгийн оновчтой бөгөөд Төв банк нь эдийн засагт байгаа нийт мөнгөний болон зээлийн нийлүүлэтийг зохицуулж, инфляцыг хянах үүрэгтэй гэдгийг хүн төрөлхтөн аль 300 гаруй жилийн өмнө тодорхойлчихсон. Харин өнөөдөр Монгол Улсын Төв банк үүнээс гажиж, арилжааны банкны үүргийг давхар гүйцэтгэх эрх зүйн зохицуулалтыг УИХ хэлэлцэж сууна. 

Одоогийн хууль тогтоомжоор ч Монголбанк Засгийн газар болон арилжааны банкуудтай харилцах л үүрэгтэй. Мөн Төв банкны тухай хуулиар Монголбанк нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас валют худалдан авах, иргэд, хуулийн этгээдээс алт худалдан авах бүрэн эрхтэй. 

Гэтэл төв банк өөрөө иргэд, хуулийн этгээдээс гадаад валют (алтнаас бусад)-ын арилжаа эрхлэх нь арилжааны банкнаас ялгарах зүйлгүй болж, хоёр шатлалт банкны тогтолцоог эвдэх дэлхийд байхгүй заалтуудыг Монголбанк, УИХ, Ерөнхийлөгч гурав санаачлан хэлэлцэж байна. 

Нөгөө талд, Монголбанк 16.1.3 гэдэг заалтыг оруулж ирсэн шалтгааны нууцыг хууль өргөн барьсан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг холбогдох Байнгын хорооны хуралд дэлгэсэн нь ““Оюу Толгой” Монголд нийлүүлж байгаа валютынхаа 80 хувийг тухайн өдрийн Монголбанкны ханшаар нийлүүлж, үлдэж байгаа 20 орчим хувийг нь арилжааны дөрвөн банканд нийлүүлэхдээ хэн өндөр ханш хэлсэнд нь илүүг нь өгч байна” гэсэн мессежийг унагав. Энэ нь Монголбанк валютын нөөцөө нэмэгдүүлэх зорилгоор угаас "Оюу толгой"-оос авч буй долларын хууль бус худалдан авалтаа хууль ёсны болгох гэсэн үйлдэл мэт харагдах аж.

Тодруулбал, (Төв банкны тухай хуулийн 23.1.3 -т Монголбанк Засгийн газар болон банк, Хадгаламжийн даатгалын болон Ирээдүйн өв сан корпораци, Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасан шууд оролцогч, оператороос бусад хуулийн этгээд, иргэний мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалах, төлбөр тооцоо хийх, зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно гэж заасан байдаг. 

 Мөн нөгөө талд Монголбанк арилжааны банкуудад очих ёстой валютын урсгалыг хамснаараа долларын эрэлтийг улам их өдөөж байгааг зарим эдийн засагч онцолсоор ирсэн билээ. 

Эрх баригчид “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгчээр ганцхан компани "чангалах" гэж байгаад Монголын найдвар болсон томоохон төслүүдээ тэр чигт нь эрсдэлд оруулж байна. 

Юу гэхээр удахгүй IPO хийхээ мэдэгдсэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа үнэ хүрэх магадлалыг энэ хууль улам бууруулна. 

Валютын зохицуулалтын тухай хууль хэрэгжээд эхэлбэл ЭТТ -н өнгөрсөн хугацаанд хийсэн бүх бэлтгэл талаар болж, IPO гаргах суурь нөхцөл эрс өөрчлөгдөж, давхар бүртгэл амжилтгүй болох эрсдэл ийнхүү үүслээ. 

“Оюу толгой”-н хувьд эл хууль хэрэгжиж, хөрөнгийн урсгалд хязгаарлалт тавьдаг болбол далд уурхайн төслийг санхүүжүүлж буй гадаадын хөрөнгө оруулалтын 15 банкны Монгол дахь бизнесийн сонирхол, байр суурь өөрчлөгдөх нөхцөл бүрдэх юм. 

Монголын эдийн засагт нөлөө бүхий "Эрдэнэс Тавантолгой", "Оюу толгой"-гоос гадна мөн хууль өөрчлөгдөхөөс өмнөх хугацаанд байгуулагдсан гэрээ, хэлцэл зөрчигдөх, гэрээний маргаан үүсэх, Монгол Улсын Засгийн газар (хэрэв баталгаа гаргасан бол), банк, ААН-үүд их хэмжээний гадаад төлбөрт унах эрсдэл үүсэж болзошгүйг мөн эдийн засагчид сануулж байгаа юм. 

Төв банкны тухай хуульд заасанчлан Монголбанк нь банк болон хуульд тусгайлан заасан этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих, банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй хараат бус нэгж юм.

Гэтэл Валютын зохицуулалтын тухай хуульд дээрх өөрчлөлтүүд орсноор Монголбанк хараат бус, хяналт тавьдаг чиг үүргээ алдаж, тодорхой нэг үйлчлүүлэгчдэд л үйлчилж, арилжааны банкуудтай өрсөлддөг байгууллага болж хувирахаар байна. Өөрөөр хэлбэл, банк, санхүүгийн салбараа хянадаг, эрсдлээс хамгаалдаг бус, тэдний эсрэг ажилладаг байгууллага болж хувирах нь. Ийм туршлага дэлхийд зөвхөн Монголд л нүүрлэх гэж байна.
ХОЁР. Хөрөнгийн чөлөөт урсгалыг БООМИЛОХ ГУРВАН ЗААЛТ

Хуулийн төслийн: 

  • 16.2-т Монголбанк нь макро зохистой бодлого, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, долларжилтын түвшинг бууруулах зорилгоор шаардлагатай тохиолдод гадаад гүйлгээ, валютын арилжаанд тодорхой хугацаанд ХЯЗГААРЛАЛТ тогтоож болох бөгөөд үүнтэй холбогдох журмыг Монголбанк гаргана.
     
  • 17.1.3-т Санхүүгийн Зохицуулах Хороо төгрөгийн ханшид үзүүлэх нөлөөг харгалзан гүйлгээнд ХЯЗГААР тогтоож болно.
     
  • 16.1.6-т Монгол Улсын хилээр орох, гарах бэлэн валютад ХЯЗГААРЛАЛТ тогтоох хэмээн хязгаарлалтын тухай гурван заалтыг тусгажээ. 

Энэхүү заалтаа Монголбанк “Валютын орох, гарах урсгал дээр мэдээллээ сайжруулах зорилгоор зохицуулалт хийж байгаа” хэмээн тайлбарлаж буй.

Гэтэл ХЯЗГААРЛАЛТ гэдэг энэ үг гаднын хөрөнгө оруулагч, зээлдүүлэгчдийн хувьд хяналт тавих гэдэг утгаар бус “CONTROL” хэмээх үгээр шууд ойлгогдож байна. Өөрөөр хэлбэл, валютын гүйлгээг төр зохицуулна, хэдий хугацаанд хэрхэн хязгаарлахыг Монголбанкны журмаар шийдвэрлэнэ, харин журам нь яг ямар заалттайгаар гарах нь тодорхойгүй байгаа өнөөгийн нөхцөлд одоо байгаа гадаадын хөрөнгө оруулалт, ирээдүйд орж ирэх санхүүжилтэд ТОМООХОН ШИНЭ ЭРСДЛИЙГ бий болгоод байна. 

2018 оны эхний хагас жилийн байдлаар хадгаламжийн байгууллагууд гадаадын банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчдаас 2.3 тэрбум ам.доллар (ДНБ-ий 20 хувь)-ийн эх үүсвэрийг зээл, бонд хэлбэрээр татан төвлөрүүлсэн статистик байгаа бол 2017 онд 1.4 тэрбум, 2018 оны эхний наймдугаар сарын байдлаар 1.2 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт Монгол Улсад орж иржээ. 

Доорх графикаас харвал, түүхий эдийн үнийн өсөлтөөс хамаарч хөрөнгө оруулалт дөнгөж сэргэж эхэлж байгааг илтгэнэ. Харин яг ийм үед хязгаарлалтын бодлого баримтлах нь улсаа хорлож байгаагаас ялгаагүй ажээ. 

График 1, Монгол дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ, 2010 -2018(II)

Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам) дээрх хуультай холбогдуулан УИХ-ын даргад хандсан захидалдаа “Тус хуулийг батлах нь олон улс дахь Монгол Улсын байр сууринд ноцтойгоор нөлөөлж, улмаар гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ багасах, Монгол Улсын хөгжил дэвшилд том хувь нэмэр бүхий урт хугацааны төслүүдийн үйл ажиллагаанд тушаа болно гэж санаа зовниж байна.

Хэдий монгол төгрөг чөлөөтэй хөрвөх мөнгөн дэвсгэрт ч, долларжилт өндөр Монгол Улсад төгрөгийн үнэ цэн улс төрийн чухал асуудал байдаг учир хуулийн төслийн үндсэн зорилгын нэг нь 2020 оны УИХ-ын сонгууль хүртэл төгс валютын ханшийг тогтвортой байлгах гэсэн оролдлого гэж харагдаж байна. Хэдий тийм ч богино хугацааны дээрх арга хэмжээ нь дунд хугацаанд хүлээж байснаас өөр үр дүн бий болгох буюу хөрөнгийг гадагш чиглүүлж, гадаадаас орж ирэх хөрөнгийн урсгалыг хааж улмаар төгрөгийн ханшийг сулруулах магадлалтай гэж бид үзэж байна" гэжээ. 

Өөрөөр хэлбэл, эрх баригчид 2020 оны сонгуулийг угтан богино зайн явуургүй хууль батлах гэж байгааг тэд ийнхүү анхааруулав.

Угтаа Монголд орж ирэх хөрөнгийн хэмжээ нэмэгдэх тусам ам.долларын ханш бууж, төгрөг чангарах нөхцөл бүрдэх байтал өнөөдрийн хуулийн төслийг энэ чигт нь баталбал доллар улам үнэд орж, эргэн гадагшлах үүдийг нээх нь.

Энэ маягийн хөрөнгөнд хяналт, хязгаарлалт тогтоох гэж оролдсон олон орны жишээ, гашуун туршлага байгааг гишүүдэд дахин сануулъя. 

Хэдийгээр өөр цаг хугацаанд өрнөсөн ч Бразил, Чили, Малайз, Тайланд, Испани, Колумби, Чех, Мексик, Индонез, Филиппин, Өмнөд Солонгос, Венесуэль, ОХУ, Аргентин, Кипр, Малайз зэрэг улс бүгд валютын захын дарамтыг бууруулах, ханш тогтворжуулах, хөрөнгө гадагшлах явдлыг зогсоох гэсэн гурван үндсэн зорилгоор валютын зохицуулалт хийжээ. 

Гэвч эцэст нь, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшаа улам сулруулж, хөрөнгийн гадагшлах урсгалыг зогсоож чадаагүй, харин ч эсрэгээрээ нэмэгдэж, зарим нь бүс нутгийн эдийн засгийн хямралаар өндөрлөсөн гашуун түүх бий. 

Одоо манай улсад хэрэгжиж буй ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт ч “Аливаа хөрөнгийн урсгалд хязгаарлалт тавихгүй” гэдгийг тусгаад буй. 

Гадаадын хөрөнгө оруулалт буурснаар төгрөгийн ханш сулрахаас гадна бүх цаг үеийн улстөрч, эдийн засагчдын амлалт болдог зээлийн хүүг бууруулах мөрөөдөл талаар болно.​ 

Учир нь гаднаас татах хөрөнгө оруулалт буурснаар банкны секторын хувьд дотоодын хадгаламжийн зах зээлд эрэлт үүсэж, үүнийг даган хадгаламжийн төлөөх өрсөлдөөн нэмэгдэж, хадгаламжийн хүү өснө. Улмаар зээлийн хүү нэмэгддэг жамтай. Мөн арилжааны банкуудын хадгаламжаас гадна олон улсаас бага хүүтэй татан төвлөрүүлж буй эх үүсвэрт эрсдэл үүссэнээр мөн л зээлийн хүү нэмэгдэх суурийг бий болгож байна. 

Энэ тухай Монголын Банкны Холбоо УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очирт хандсан албан бичигтээ "Гадаад гүйлгээ, валютын арилжаанд гэнэтийн чанартай хязгаарлалт тавих нь бодит эдийн засгийн хувьд үргүй зардлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын өртгийг өсгөх хийгээд хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн их харгалзан үздэг хөрвөх чадвар, хөрөнгийн урсгалын эрсдлийг нэмэгдүүлэхээр байна" гэжээ. 

Хэрвээ дээрх гурван заалт энэ чигтээ батлагдвал эдийн засагт 2.0-3.5 тэрбум ам.долларын шок буюу гэнэтийн цочрол үүсэх нөхцөл бүрдээд буйг дээр бичсэн зүйлүүдээс харж болно. Эдийн засагт ийм хэмжээний шок үүсэхэд төлбөрийн тэнцлийн хямрал болж, нийт мөнгөний нийлүүлэлт агших эрсдэл үүсэж байна. Ингэснээр валют ховордоно. Улмаар инфляц өснө. Зээлийн хүү буурах нь битгий хэл нэмэгдэнэ. Инфляц өссөнөөр нийт иргэдийн амьдрал дордоно. Энэ цаг үед бодитоор харж буй Венесуэлийн жишээг уншиж судлаарай. 

Валютын зохицуулалтын тухай хууль энэ чигтээ батлагдвал Үндсэн хуультай нүүр тулна.  Учир нь хувийн өмчийг хянах нь өөрөө Үндсэн хуулийн эсрэг үйлдэл юм. 
 
Үндсэн хуулийн:

1.5.2-т Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.

2.16.3-т хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө хэмээн заажээ.

Хувийн өмчийг хянах, тэр тусмаа дансыг нь хязгаарлах эрхийг Шүүхийн шийдвэр л олгодог манай улсад Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хууль зөрчигч болж хувирах эрсдэл агуулагдаж байна.

Ер нь улстөрчдийн санаачилсан хуулийг өөрийнх нь нэрээр нэрлээд Монголд учруулсан хохирлоор нь буюу алдагдсан боломжийн өртгөөр нь хэмжих цаг иржээ. Фортунагийн 68%, Г.Занданшатарын стратегийн орд газруудыг боомилсон хууль Монголын эдийн засагт ямар хэмжээний хохирол учруулсан бэ. Энэ удаад М.Оюунчимэгийн санаачилсан Валютын зохицуулалтын тухай хууль ч тэдний араас орох уу?!

Энэ хуулийг СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан "Сайн байна уу? Валютын зохицуулалтын тухай хууль, Баяртай! Гадаадын хөрөнгө оруулалт" гэж товч тодорхой томьёолжээ.