Төгрөгийн ам.доллартай харьцах ханш сүүлийн хоёр сарын дотор 100 гаруй төгрөгөөр суларч, 2,564 төгрөг болсон нь Монголбанк байтугай улс төрийн хэмжээнд ярихаар өргөн сэдэв болов. Үүнээс шалтгаалан валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг улстөрчдийн зүгээс шахаж эхэлсэн.
Хавар хачиг, намар өег гэдэг шиг манай эдийн засаг түүхий эдийн үнийн өсөлт, бууралтаар тодорхойлогддог, эмзэг учраас зарим нэг үнэд(ханш, бензин) бодлогын зохицуулалт хэрэгтэй. Одоогоор яригдаж буй Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд авууштай болон авч хаяуштай заалтууд их бий. Тухайлбал:
Валютын зохицуулалтын тухай хуулин дахь доорх 3 заалт хэрэгжихэд л ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БУУРЧ, ГАДААД ХУДАЛДАА АЛДАГДАЛД ХҮРЧ, АМ.ДОЛЛАРЫН ХАНШ ХЯНАЛТААС ГАРНА.
Яагаад хүнд нөхцөл байдалд хүргэж болох тухай олон улсын жишээ болон эдгээр заалт мөрдөгдсөн үед манай эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг авч үзье. Мэдээж хөгжиж буй болон байгалийн баялагтай олон орнууд валютын зохицуулалтын арга хэмжээг авч байсан. Валютын зохицуулалт хийсэн орнуудаас манайхтай ижил төстэй буюу эскпортын 90 хувь нь байгалийн баялгаас хамааралтай Венесуэлийн жишээг авч үзье. Венесуэль улс валютын зохицуулалтыг хэрэгжүүлэхдээ хөрөнгө оруулагчдын мөнгийг хянаж, эцэстээ тэднийг улсаасаа хөөн гаргасан билээ.
Та бидний сайн мэдэх Венесуэлийн "Халтар царайт" телевизийн цуврал нь 1992 онд гарч эхэлсэн бөгөөд тус кино нь тухайн үедээ найман улсад цацагдаж байжээ. Мэдээж тэдгээр орны нэг нь Монгол байв. "Халтар царайт" цуврал нь тухайн үеийн нийгмийн тэгш бус байдлыг тодорхой харуулсан гэдгээрээ онцлогтой. Энэхүү кино сайн ч бай, муу ч бай Венесуэль улсад өөрийн үүргээ гүйцэтгэж чадсан гэдэг.
Эл кино гарснаас хойш долоон жилийн дараа Венесуэлийн удирдагч болох Уга Чавез төрөн гарсан юм. Түүний урт хугацааны ноёрхлын үндэс нь түүний хүүхэд насны ядуу амьдрал, тухайн үеийн нийгмийн тэгш бус байдал байсан. Чавез эдгээр нөхцөл байдлыг шүүмжлэн, түүний эсрэг хэрэгжүүлэх популист амлалтууд өгснөөр урт хугацааны ноёрхол нь бий болсон. Венесуэль томоохон хөрөнгө оруулагчдаа аль хэдийнэ луйварчид, мөнгө хүүлэгчид хэмээн улс орноосоо хөөгөөд явуулчихсан. Түүний дараа сонгуульд амалсан амлалтандаа хүрэхийн тулд газрын тосны баялгаа барьцаалан их хэмжээний зээл авсан. Улмаар халамжаар тэтгэгдсэн эдийн засаг нь удахгүй нурж эхэлсэн юм.
Байгалийн баялагтай улсуудын хувь тавилан хоорондоо тун төстэй болохыг доорх хүснэгтээс харна уу.
Хүснэгт1. Монгол ба Венесуэль
2012 онд Венесуэлийн эдийн засаг харьцангуй сайн байсан. Харин өнөөдөр инфляци нь 5 оронтой тоонд хүрч, импорт болон экспорт нь 30 хувиар буурч, ажилгүйдлийн түвшин 33 хувьд хүрсэн. Улмаар улс төр, эдийн засгийн хямрал нь иргэний хөдөлгөөн, бослого, тэмцэл рүү ард иргэдийг нь түлхсэн. Үнэндээ Венесуэлийн энэ хямрал сүүлийн 6 жилд үүсчихсэн юм биш, тэртээх 20 жилийн өмнөөс хэрэгжүүлж ирсэн бодлогуудын үр дагавар нь илэрч буй хэрэг. Дордож явахад нь гэсэн юм шиг тус улсад газар хөдлөлт хүртэл болж, их хэмжээний гай гамшиг учруулаад амжив. Одоо нөгөө поп ерөнхийлөгч нь Америк руу харах нүүр байхгүй учраас Хятадаас мөнгө гуйгаад явж байх жишээний...
Хүснэгт2. Эдийн засгийн өсөлт
Монголтой төстэй энэ улсад өнөөдөр нөхцөл байдал ингэтлээ дорджээ. Тэдний энэ гашуун туршлагыг бид ч гэсэн харсаар байж давтах ёстой юу. Ер нь хөрөнгө оруулагчдыг, эсвэл өрсөлдөгч нараа дайсан гэж хардаг сэтгэлгээнээсээ бид салах хэрэгтэй. Хөрөнгө оруулагчидтай бид хамтарч ажиллаж, улмаар бид ч, тэд ч ашгаа, үр өгөөжөө хүртдэг байх хэрэгтэй. Орж, гарах валютын урсгалыг хянаж, хөрөнгө оруулагчдыг хэтэрхий хорьж цагдах нь тэднийг үргээдэг гэдгийг дээрх улсын жишээнээс харлаа.
Улстөрчид валютын ханшийн гэнэтийн огцом өсөлтөөс сэргийлэх гэж хуулийн шинэчилсэн төсөл санаачилж буй нь сайшаалтай. Гэвч энэхүү хуулийн шинэчилсэн найруулгад дурдсан дээрх заалтуудыг улстөрч болон эдийн засагчийн нүдээр харьцуулан харцгаая.
Хүснэгт3. Улстөрч ба эдийн засагчийн нүдээр
Хэрэв Засгийн газар үнэхээр валютын ханшийг зохицуулахыг хүсэж байгаа бол төсвийн алдагдлаа бууруулж, нэмж зээл авахаа болих хэрэгтэй. Тэр үр ашиггүй зээлийг эргүүлээд их хэмжээний доллараар төлдөг. Үнэндээ Засгийн газрын энэ их өрийн шалтгаан нь өөрөө Хөгжлийн банк. Гурван сая хүний ирээдүйн орлого, баялгийг барьцаалан зээл авсныгаа Хөгжлийн банк гэх гоё нэртэй газраар хялбархан гаргуулаад, мөнгийг нь хуваагаад идчихсэн. Одоо ард түмэн, аж ахуйн нэгжүүд өөрсдийн өндөр хүүтэй зээлийн хажуугаар тэдний зээлийг хүүгийн төлбөртэй нь давхар төлөөд явцгааж байна.
Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох, валютын ханшийн зохицуулалт, агаарын бохирдол гэх мэт олон хуулийн төсөл дээр асуудлын суурь шалтгаан бус, үр дагавартай нь зууралдахаа хэзээ болих вэ? Хэрэв суурь шалтгаантай нь зууралдвал хугацаа их шаардана. Сонгууль хүртэл тэдэнд тийм хугацаа байхгүй учраас л бодохыг ч хүсэхгүй байгаа биз ээ.
Хөрөнгө оруулагчдын хамгийн их санаа зовдог зүйл бол мөнгө нь түгжигдэж, царцах вий гэсэн эрсдэл. Хэрэв дансыг нь үнэхээр Монголбанкин дээр нээвэл Хөгжлийн банктай адилхан хувь заяа угтах болно. Учир нь төв банкны хараат байдал өнөөдөр манайд хэр байгаа билээ. Тиймээс ямар ч хөрөнгө оруулагч энэ нөхцөл байдалд орж ирэхгүй. Үнэндээ "Буцах бэрд үнээ, тугал нийлэх хамаагүй" гэдэг шиг гаднын шууд хөрөнгө оруулалт ирсэн шигээ гараад л явна. Харин бид энэ хугацааг нь ашиглаад гоё СОЛОНГО энэ тэр гэдэг үгээ хэрэглээд, эдийн засгаа төрөлжүүлэх ажлаа хийх хэрэгтэй юмсан. Гэтэл буруу ишилсэн сүх шиг бүр эсрэг тал руу нь алхаад байх юм.
Гадаад худалдааны алдагдал нэмэгдэж эхэлнэ
2019 онд хуулийн дээрх заалтууд хэрэгжсэний улмаас манай хамгийн том хөрөнгө оруулагч "Оюу толгой" үйлдвэрлэлээ зогсоосон гэж үзье. Магадгүй энэ компани ийм нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхгүй үйл ажиллагаагаа зогсоовол манай гадаад худалдаа алдагдалтай гарч эхэлнэ. Энэ бол зөвхөн "Оюу толгой"-н нөлөө. Мэдээж түүнийг дагасан жижиг хөрөнгө оруулагчид бүгд гарах болно.
Харьцуулалт1.
Тус заалтуудтай холбоотой "Оюу толгой"-н далд уурхайн хөрөнгө оруулалт хийгдэхгүй нөхцөлд гадаадын шууд хөрөнгө оруулалт жилд дунджаар 900 сая орчим ам.доллараар буурна. Мэдээж бусад хөрөнгө оруулагчид мөнгөө татвал энэхүү үзүүлэлт 0-рүү дөхөх болно.
Харьцуулалт2.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч, худалдааны тэнцэл сөрөг болоход түүнийг даган төлбөрийн тэнцэл шууд л алдагдалтай болж эхэлнэ. Энгийнээр бол орж байгаа валютын урсгалаас гарч байгаа валютын урсгал нь илүү байна гэсэн үг. Энэ нь нөгөө хүсэн хүлээж буй ханшийг бууруулах үр дүнг маань эсрэгээр нь огцом өсгөх нөхцөл байдал бий болгоно. Магадгүй ханш 3000-г давж одох биз.
Харьцуулалт3.
Бид зүгээр л шууд нөлөөллийг хамгийн энгийн байдлаар худалдаа, төлбөрийн тэнцэлд хэрхэн нөлөөлж болохыг нь харууллаа. Үүнийг дагасан шууд бус нөлөөллүүд маш их бий. Мэдээж Валютын зохицуулалтын тухай хуулийг тэр чигээр нь үгүйсгэж байгаа хэрэг огтхон ч биш. Харин зарим нэг заалтууд нь ямар хор уршигтай байж болохыг олон улсын жишээ, Монголын эдийн засагт нөлөөлж буй байдлаар нь харуулав.
Эцэст нь бид үр дагавар дээр нь арга хэмжээ авахаас илүү суурь ужиг шалтгаан руу орох нь зүйтэй. Ядаж л төсвийн алдагдлаа багасгаад, нэмж зээл авахаа больчихвол долларын огцом гарах урсгал бий болохгүй. Өнгөрсөн зургаан сард л гэхэд "Дим сам" бондын төлөлт хийхэд зах зээлээс доллар татаж, долларын эсрэг төгрөгийн ханш 50 төгрөгөөр суларсан. Хэлж өгөвч чих нь цоорхой, хийж өгөвч сав нь цоорхой гэдэг манай улс төрд л байна даа. Харамсалтай.