Индэр    
2018 оны 9 сарын 14
Зураг
iKon.mn сэтгүүлч

"Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор бий болгох ажлыг урагшлуулах механизмтай боллоо"

Зураг

ОХУ-ын Владивосток хотноо энэ сарын 11-13-нд зохион байгуулагдсан “Дорнын эдийн засгийн чуулга уулзалт"-д оролцох үеэрээ Ерөнхийлөгч дөрвөн улсын төр засгийн тэргүүнтэй уулзаж, тухайлсан асуудлуудаар санал тавьж, ярилцлаа.

Тодруулбал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл олгохоо мэдэгдэж, УБТЗ-ын болон Дулааны цахилгаан станцын шинэчлэлд уг  зээлийг зарцуулах боломжтойг хэлсэн. Түүнчлэн ОХУ, БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах саналыг дэмжиж байгаагаа дахин нотолсон юм.

Харин БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улстай хийх худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх, төмөр зам барих, боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэхээс гадна бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал гэх мэт олон чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлсэн юм. Мөн Монгол Улсаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тус улсад экспортлох саналыг хүлээн авч, дэмжиж ажиллахаар болсноо илэрхийлсэн билээ.

"Дорнын эдийн засгийн чуулган"-ы өргөтгөсөн хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэхдээ Зүүн хойд Азийн орнуудыг цахилгаан эрчим хүчээр хангах, оргил цагийн ачаалал хуваалцах, нөөц ашиглалтын оновчтой шийдэл болох “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” төслийн ажлыг хамтран, цаг алдалгүй, шуурхай эхлүүлэхийг уриалав.

БНСУ-ын Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхах үеэрээ Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулахад Монгол Улс нар, салхи, нүүрсний эх үүсвэрийн эрчим хүчний нийлүүлэгчээр оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлэхэд БНСУ-ын тал уг саналыг хүлээн авах боломжтойгоо мөн илэрхийлсэн.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Бид энэхүү супер сүлжээний бодит эхлэл болгож, Монгол-Хятадын хамтарсан эрчим хүчний цогцолбор болон үлэмж өндөр хүчдэлийн шугамын төсөл эхлүүлж байгаа. Монгол Улсаас Хятад руу 1,500 км үлэмж өндөр хүчдэл бүхий цахилгаан дамжуулах тогтмол гүйдлийн шугам татна. Цогцолборын судалгааны ажил, ТЭЗҮ бэлтгэгдэж дууссан” хэмээн мэдэгдсэн юм.

Харин Япон улстай аялал жуулчлал, хөдөө аж ахуй, эко хот байгуулах зэрэг чиглэлд өргөн хүрээтэй хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн.

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан дээрх саналуудыг дэмжин ажиллахаа илэрхийлж, Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх онгоцны буудлыг удахгүй ашиглалтад оруулах, аялал жуулчлалын салбарт тодорхой төлөвлөлт хийж хөгжүүлэх гэх мэт саналууд тавьж ярилцсан юм.

Хоёр талын уулзалтуудын үеэр Ерөнхийлөгч 2019 оны эхний улиралд БНХАУ-д, мөн БНСУ-д айлчлал хийх урилга авсан.

"Хүрэн нүүрсийг газар дээр нь эрчим хүч болгож, экспортлох боломж байгааг бүс нутгийнхаа улс орнуудад дуулгалаа"

Ерөнхийлөгч эх орондоо ирсэн даруйдаа Дорнын эдийн засгийн чуулга уулзалтыг сурвалжилсан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж, ярилцлага өгөв.

 

-Дорнын эдийн засгийн форумд та хоёр дахь удаагаа оролцлоо. Чуулганаар яригдсан гол асуудлуудаас танилцуулна уу?

- Монгол Улс бүс нутагт болж байгаа томоохон, онцгойлох арга хэмжээнүүдэд байнга оролцдог байх ёстой. Ингэж оролцож, мэдээлэл авч байж бүс нутаг дахь Монгол Улсын оролцоо чухам ямар байгааг тодорхойлно. Өнгөрсөн жилийн хувьд сонгуулийн дараа уг уулзалтад оролцсон бол энэ удаа нэлээд бэлтгэж очлоо. 

Урд хөрш маш өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Японы Ерөнхий сайдын ахалсан бүрэлдэхүүн гэхэд л хоёр том онгоцоор ирсэн байх жишээтэй. Энэ нь бүс нутгийн уг уулзалтад ач холбогдол өгч байгаагийн илрэл. 

Энэ удаагийн уулзалтын гол сэдэв нь Солонгосын хойгийн тухай байлаа. Солонгосын хойгийг энх тайван, цөмийн зэвсэггүй болгоход хэрхэн хамтрах талаар ярилцлаа. Бие биеэ ойлголцож байж эдийн засгийн харилцаагаа сэргээнэ үү гэхээс биш, дан ганц эдийн засгаа нэгдүгээрт тавиад урагшлахгүй гэдгийг урд хөршийн дарга хэлж байсан.

- Энэ удаагийн чуулганы ач холбогдол нь Монгол Улсын хувьд юу байв?

-Бидний хувьд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, газрын баялгаа нэмүү өртөг шингээн экспортлох чиглэлээр энэ бүс нутагт оролцоогоо нэмэгдүүлэх тухай ярьсан. Уул уурхайд түшиглэсэн эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд бидэнд байгаа хамгийн том боломж болох хүрэн нүүрсийг газар дээр нь эрчим хүч болгон экспортлох боломж байгааг бүс нутгийнхаа улс орнуудад дуулгалаа. Энэ талаар ОХУ, БНХАУ, БНСУ-ын компаниуд судалгаа, тооцоо хийсэн байдаг. Манайх ч гаргасан. Эдгээр тооцоо, судалгааг нэгтгэж, Зүүн Азид эрчим хүчний хамгийн том хэрэглэгч болох Япон, Солонгост нийлүүлэх хувилбар дэвшүүлэн ярилцсан. Хоёр талын уулзалтуудын үеэр үүнийг нэлээд дэлгэрэнгүй ярилаа. 

Мөн энэ үеэр урагш ахисан нэг асуудал бол Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорыг хамтран урагшлуулах механизм бий болгох асуудал байлаа. Ийм механизмтай болохгүй бол уулзахаараа нэг яриад л, дараагийн уулзалтаар дахиж ярьдаг болчихоод байгаа юм. Сая гурван улсын холбогдох яамд санамж бичигт гарын үсэг зурсан нь томоохон алхам боллоо. Чиндаогийн уулзалтын үеэр хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах саналаа ОХУ-ын Ерөнхийлөгчид тавихад дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Сая урд хөршийн даргатай уулзаж, энэ талаар ярилцахад эдийн засгийн судалгаа хийхээ хэлсэн. 

Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Хятадын талтай нийлүүлэгч болон худалдан авагч талдаа ашигтай хувилбарын талаар ярилцахаа илэрхийлсэн. Ерөнхийлөгч В.Путинтэй урд хөршид уулзах үеэр хүлээлгэн өгсөн холбогдох судалгаа, тооцоонуудад үндэслэн ажил нэлээд урагштай байгаа юм билээ. Мөн 100 тэрбум рублийн зээлийн талаар ярилцсан. Уг зээлийг олгохын тулд Оросын Сангийн яам нэлээд өндөр шаардлага тавиад байгаа. Бид тэр шаардлагын дагуу хүлээвэл энэ зээл бүтэхгүй учраас анхаарал хандуулахыг хүссэн. 

Улмаар Оросын тал тарифын зохицуулалттай холбоотой шаардлагатай шийдвэрийг манай тал гаргавал урагшлах боломжтойг хэлсэн. Энэ асуудлыг УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх байх. Намайг дагалдан Шадар сайд болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, УИХ-ын зарим гишүүн ажиллаж, холбогдох хүмүүстэй уулзаж, ярилцсан. Оросын талаас уг зээлийн үнийн дүнг өндөр гэж үзэхгүй байгаа юм билээ. Тиймээс тарифын зохицуулалттай холбоотой зарим зүйлийг тодорхой болгочихвол зээлийг нааштай шийдэх боломжтой гэсэн үг. Ингэснээр УБТЗ менежмент хийгээд, хөрөнгө оруулалтын хувьд шинэчлэгдэх боломжтой.

Түүнчлэн Халх голын тулааны 80 жилийн ойг ОХУ-тай хамтран тэмдэглэх талаар ярилцсан. Түүхэн дурсгалтай, байгалийн өвөрмөц тогтоцтой тус сумын хүн ам цөөрч байна. Тиймээс Халх гол сумыг шинэчлэх төслөө ОХУ-ын Ерөнхийлөгчид танилцуулж, хүлээлгэн өгсөн. Мөн ялалтын ойн арга хэмжээнд оролцох урилгаа ч гардуулсан. Оросын тал уг төслийг боломжтой гэж үзээд, 10 орчим сая ам.доллартай тэнцэх санхүүжилтийг шийдвэрлэхээ илэрхийлээд байна. Энэ санхүүжилт албажвал  зүүн хязгаарын алслагдсан сум Халх голыг 80 жилийнх нь ойн босгон дээр төсвийн бус хөрөнгөөр шинэчлэх боломж бүрдэнэ гэж бодож байна.

-БНХАУ-ын даргатай Чиндаод уулзах үеэр хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийг судлахаар ярилцсан. Энэ удаагийн уулзалтын үеэр тэдний талаас хамтын ажиллагааны саналыг хүлээн авах боломжтойгоо хэлсэн. Тэгэхээр энэ үйл явц цаашаа хэрхэн үргэлжлэх вэ?

- Манай улс урд хөрштэйгөө 4,700 орчим км хуурай газраар хиллэдэг. Улаанбаатараас зүүн хязгаар маань 1,000 орчим, баруун хязгаар маань 1,600 орчим км-ээр алслагдсан. Алс нутагт амьдарч байгаа иргэд Улаанбаатар хот руу бараа таваар авчирч борлуулах дэд бүтэц байхгүй, мөн тээврийн зардал өндөр.

Тиймээс хил орчмын гаалийн татварыг түр хугацаагаар хөнгөлж, чөлөөлөх асуудлыг Чиндао хотноо болсон уулзалтын үеэр ярилцсан. Хятадын талаас энэ асуудлыг судалъя гэсэн хариу өгч байсан. Сая БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад ирээд Увс руу онгоцоор явсан байсан. Ингээд үнэхээр алслагдсан хол аймаг юм байна, тэндхийн ард иргэд эдийн засгийн хувьд төв суурин газрынхтай зэрэгцэх боломжгүй гэдгийг өөрөө очиж үзсэнээ илтгэсэн байх. Тиймээс энэ тал дээр удахгүй шийдэл гарах болов уу гэж найдаж байна. Энэ асуудлыг хоёр орны Гадаад хэргийн сайдууд хариуцаад тогтмол ажиллаж, шийдвэрлэлтийг түргэвчилье гэж ярьсан. 

"Хөгжлөөс нь хоцрохгүйн тулд хоёр хөршийнхөө хооронд өрнөж байгаа төслүүдээс боломжит хувилбарыг сонгож оролцох хэрэгтэй"

-Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээн дээр манайх нийлүүлэгчээр орох асуудлыг БНСУ нааштайгаар хүлээн авч байгаагаа чуулганы үеэр илэрхийлж байсан. Энэ тухайд тодруулж мэдээлэл өгөхгүй юү?

-БНСУ, Япон хоёр бол эрчим хүчний маш өндөр хэрэглээтэй улсууд. Эцсийн хэрэглэгчид очиж буй нэг киловатт эрчим хүч 20 центээр очдог бол бидний нийлүүлэх эрчим хүч хамгийн ихдээ 15 цент, цаашилбал 10 центээс бага байх боломж байгаа. 

Хятадын эрчим хүчний компани 1,000-1,500 км орчимд нийлүүлэлтийн алдагдалгүй шугамын технологийг нээсэн байна. Энэ нь 1,000 км-т 1.2 киловаттын алдагдалтай гэсэн үг. Энэ бол бидний яриад байгаа нийлүүлэлтийг түргэвчилсэн технологи юм. 

Манай оронд хэзээ ч хэрэглэж барахгүй хэдэн тэрбум тонноор хэмжигдэх эрчим хүчний хүрэн нүүрс нөөцлөгдсөн байна. Түүнийгээ боловсруулаад Зүүн Азийг эрчим хүчээр хангах экспортын боломж байна гэдгийг чуулга уулзалтын үеэр бүгдээрээ сонсож мэдлээ.

-Владивостокийн боомтын боломжийг ашиглах талаар ямар шинэ зүйл яригдав? Та боомттой болох санал дэвшүүлсэн шүү дээ.

-Арваад жил хөөцөлдсөний эцэст ОХУ-ын нутгаар дамжин өнгөрөх Монголын бараа, бүтээгдэхүүн эдгээр боомтод очиход 25 жилийн хугацаанд тогтвортой тарифын хөнгөлөлт эдлүүлж эхэлсэн. Сая хувийн хэвшлийнхэн дагалдаж явсан. Харамсалтай нь, манайханд туршлага алга. Эл ажил эхлээд хэдхэн сар болж байгаа учраас бэлтгэх ажил нэлээд шаардлагатай байна.

Эрчим хүчний болон коксжих нүүрсний гурван том хэрэглэгч манай бүс нутагт байгаа нь БНХАУ, БНСУ, Япон улс. Харин бидэнд нүүрс нь байна. Гашуунсухайтаар гарч буй нүүрс зөвхөн нэг худалдан авагчид хүрч буй учраас бид дэлхийн зах зээлийн үнээр өгч чаддаггүй.

2020 онд хоёр хөршийн маань худалдааны эргэлт 200 тэрбум ам.долларт хүрнэ.

Сая ОХУ-ын Дорнын бүс хариуцсан сайд Ю.П.Трутневтэй уулзахад энэ удаагийн чуулганы үеэр 35 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий гэрээ үзэглэсэн тухайгаа ярьж байна. Энэ бүс нутагт ийм хэмжээний дүнтэй гэрээ хийнэ гэдэг бага биш. Жишээлбэл, Хятадын цэвэр усны компани Оросын Дорноос цэвэр ус савлаад, Хятад руугаа экспортолж байна. Өөрөөр хэлбэл, бид ч гэсэн судалж байгаад эндээс ашиг хүртэх талаар төрийн бодлогын түвшинд хэрэгжүүлж, хувийн компаниуд ч идэвхтэй ажиллах хэрэгтэй. Ямар ч байсан манай улсад Худалдааны төлөөлөгчийн газар нээхээ хэлсэн. Ингэвэл манайхан байр, газрын хувьд хөнгөлөлт эдлэх боломж бүрдэх юм билээ. Үүнийг УИХ хэлэлцэн шийдвэрлэх ёстой.

-Хийн хоолойг Монгол Улсаар дамжуулахын ач холбогдол нь юу вэ. Манайд ямар ашигтай юм бэ?

-Хийн хоолой бол удаан хугацааны туршид яригдаж байгаа 32 төрлийн бизнесийн нэг юм. Сүүлийн 20 гаруй жил хоёр хөршийн эдийн засгийн харилцаа эрчимтэй хөгжиж байгаа. Үүний илрэлийг ОХУ-ын хамгийн алслагдсан хотуудын нэг болох Владивостокт очиж харлаа. Владивостокт томоохон гүүрийн байгууламжууд баригдсан байна. Цаашдаа Японтой холбогдсон маш том буюу нэг триллион орчим рублиэр хэмжигдэх өртөгтэй гүүр барих асуудал яригдлаа. Уг гүүрээрээ дамжуулан аялал жуулчлал, эдийн засгаа холбохоо мэдэгдэж байна. 

Ингэж эрчимтэй хөгжиж байгаа бүс нутаг, хоёр улсын дунд бид нэг арал шиг үлдэж болохгүй. Тиймээс яригдаад байгаа хөгжлөөс нь хоцрохгүй байхын тулд хоёр хөршийнхөө хооронд өрнөж байгаа төслүүдээс боломжит хувилбарыг сонгож оролцох хэрэгтэй байна.

2020 онд хоёр хөршийн маань худалдааны эргэлт 200 тэрбум ам.долларт хүрнэ гэж байгаа. Энэ худалдааны эргэлтийн их, бага хамаагүй хэсгийг газар нутгаараа дамжуулъя гэдэг саналыг тавиад удаж байна. Үүний боломжит хувилбар нь хийн хоолой. Өнөөдөр хийн хоолой Монголоор дамжин өнгөрөх нь тийм, ийм ашигтай гэхээсээ илүү төсөлд оролцох нь чухал байна.

-2020 онд Улаанбаатарт зохион байгуулах Азийн хүүхдийн спортын их наадмыг дэмжиж, туслахыг та улс орнуудын төлөөлөгчдөд уриалж байсан. Тодорхой хариу өгсөн улс бий юү?

-Азийн хүүхдийн наадамд 21 төрлөөр өрсөлдөнө. Зохион байгуулж байгаа орон үндэсний спортоосоо сонгоод таван төрөл нэмэх эрхтэй. Тиймээс ч манайх үндэсний бөхийн төрөл нэмсэн. Улс орны төсөв, мөнгө хүндрэлтэй байгаа учраас уг наадмыг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахаар болсон юм. Спортыг дэмжигч компаниудтай ярилцан хандив, тусламжаар 50 орчим сая ам.долларын санхүүжилт босгоод байна.

Спортыг дэмжигч компаниудтай ярилцан хандив, тусламжаар 50 орчим сая ам.долларын санхүүжилт босгоод байна.

Өнгөрсөн сард байт харвааны стандартын талбайтай боллоо. Мөн энэ сарын 16, 17-нд хөнгөн атлетикийн дэлхийн стандартын талбайг шинээр нээх гэж байна. Иймэрхүү байдлаар бэлтгэлээ хангаж байгаа. Уг наадмыг ОХУ-ын Саха хотод зохион байгуулж ирсэн учраас туршлагаасаа хуваалцахыг хүсэж, бэлтгэл ажлын явц, цаашдын төлөвлөгөөгөө хойд хөршийн холбогдох хүмүүст танилцуулсан. Удахгүй нааштай хариу, зөвлөмж ирнэ гэж найдаж байна.