Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Түүхийг өөрчилсөн гэрэл зургууд

Х.Батсайхан, Үндэстний тойм
2017 оны 3 сарын 24
"Үндэстний ТОЙМ" сэтгүүл

“Түүхийг өөрчилсөн гэрэл зургууд” булан энэ удаа коммунист, капиталист хоёр дэглэмийн зөрчлийг харуулсан хоёр гэрэл зургийг онцолж байна.

Tank man 

 

Стюарт Франклин /1989 он/

Амиа алдана гэдгээ мэдсээр байж хүчит техникийн өмнө эрсхэн зогсох нэр нь үл мэдэгдэх баатар. Даргаасаа “Зогсож болохгүй” гэсэн хатуу тушаал авсан танкчин.

Энэ хоёрыг сэтгэл түгшин ажиж, болох гэж буй явдлыг төсөөлөөд аппаратаа шүүрэн авах гэрэл зурагчин. Энэ бүгд нийлээд эрх чөлөөг хүсэмжлэн жагссан олон мянган оюутныг эрх баригчид цэргийн хүчээр дарсан “хар” үйл явдлаас үлдсэн ганц гэрэл гэгээ, сэтгэл хөдөлгөм дурсгалыг үлдээжээ. Дарангуйлагчдаас ардчилалд өгсөн хамгийн бүдүүлэг халдлагын нэгд тооцогддог, олноо “Тянь Аньмэний бослого” хэмээн нэршсэн цуст үйл явдлын зургийг энэ удаа онцоллоо.

ЗХУ-д М.Горбачёвын эхлүүлсэн өөрчлөн байгуулалт “Социалист” гэгдэж байсан олон оронд эрх чөлөөний тэмцлийн галыг ноцоож өгсөн билээ. Түүний зоримог, алсыг харсан шийдвэрийн ачаар “Соц блок”-ийн ихэнх улс эрх чөлөөтэйгөө золгосон юм. Монголчууд бид ч энэ өөрчлөн байгуулалтын ачаар ардчиллыг тогтоох эрхээ олж авсан. Харамсалтай нь дэлхийн хамгийн олон хүн амтай БНХАУ-ын иргэдэд энэ хувь дутсан юм.

Урд хөршийн оюутнууд 1986-1987 оноос ардчиллын төлөө нэгдэж, их сургуулиудад дугуйлан байгуулагдаж эхэлжээ. Дэн Сяопины 1978 онд эхлүүлсэн “Өөрчлөлт шинэчлэлтийн бодлого” тэдэнд хангалтгүй санагдаж, илүү нээлттэй эрх чөлөөтэй орчинд амьдрахыг хүсэж байгаагаа ил тод илэрхийлэх болсон байна. Гэтэл тэдний энэ хүслийг дэмжиж, санаа нэгтэй байгаагаа илэрхийлж байсан Хятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Яобан 1987 оны нэгдүгээр сард албан тушаалаасаа огцров.

“Эрх чөлөө”, “Ардчилал” гэсэн сэдвийн талаар нээлттэйгээр ярьж, оюутнуудын хөдөлгөөнийг дэмжсэн тэрбээр 1989 оны дөрөвдүгээр сарын 15-нд зүрхний шигдээсээр гэнэт нас барсан нь оюутнуудын бослогыг өдөөж өгчээ. Оюутнуудын анхны жагсаал түүний дурсгалыг хүндэтгэх зорилгоор 1987 онд зохион байгуулагдсан юм. Харин зурагт дүрслэгдсэн хамгийн гол жагсаал 1989 оны зургаадугаар сарын 3-ны орой болсон.

Жагсаалыг нухчин дарах үед амь насаа алдсан хүмүүсийн талаарх мэдээлэл маш бүдэг бадаг, зөрүүтэй байдаг. Хятадын Засгийн газрын албаны мэдээгээр амь үрэгдэгсдийн тоог 241 гэж зарласан бол тус улс дахь Улаан Загалмайн нийгэмлэг 2,600 гэдэг. Харин гадаадын сэтгүүлчдийн тооцоолсноор хамгийн багадаа 3,000 хүн амь үрэгджээ. Тэгвэл НАТО-гийн тагнуулын мэдээлэлд энэ тоог 7,000 давсан гэж дурдсан байдаг.

Энэ явдлын дараа эрх баригчид жагсаалын талаар мэдээлсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хааж, 150 гаруй кино, баримтат киног гаргахыг хоригложээ. Тухайн үеийн олон арван сонины эрхлэгч ажлаасаа халагдан, шийтгэл амссан юм. Засгийн газар 32 сая хувь ном, 2.4 сая дүрс бичлэгийн хуурцгийг хураан авчээ.

Хятадад одоо ч гэсэн “Google” цахим хуудсаар Тянь Аньмэний бослогын талаарх мэдээлэл авах боломжгүй. НҮБ-аас Хятадын Засгийн газрыг ард түмнээсээ уучлал гуйхыг шаардсан ч тус улсын эрх баригчид хэзээ ч буруугаа хүлээж байсангүй. Гэхдээ 2006 оны дөрөвдүгээр сард нэгэн жагсагчийн ар гэрт 70 мянган юанийн тэтгэмж олгосон тохиолдол бий. Энэ бол Хятадын эрх баригчид хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр өгсөн анхны бөгөөд сүүлийн тохиолдол болжээ.

Сонирхуулахад, энэ агшныг гэрэл зурагт мөнхөлсөн таван зурагчин бий. 2009 онд бас нэг нэмэгдсэнээр тав болсон. Эдгээрээс хамгийн алдаршсан нь “Time, “Life” сэтгүүлд зэрэг ажиллаж байсан гэрэл зурагчин Стюарт Франклины авсан хувилбар юм. Тэрбээр энэхүү зургаараа "World Press Award" шагналыг хүртэж байв.

Харин одоо таны харж байгаа нь "Ассошиэтэд пресс" агентлагийн зурагчин Жефф Вайденерын хувилбар. Түүний авч үлдсэн энэ агшин Хятадын олон тэрбум хүний хувьд “Хэзээ нэгэн цагт эрх чөлөөгөө олж авах” итгэлийн очийг бөхөөлгүй хадгалсаар өнөөг хүрчээ.

Эрх чөлөө руу хийсэн үсрэлт 

 

Петор Ляйбинг /1986 он/

Дэлхийн хоёрдугаар дайнд ялсан барууны холбоотнууд болон ЗХУ Германыг зүүн, баруун гэсэн хоёр хэсэгт хуваасан билээ. Зүүн Герман Зөвлөлт нөхдийн заасан замаар капитализмыг алгасан хөгжиж эхэлсэн. “Хамгийн төгс, зөв зам” хэмээн сурталчилж асан энэ тогтолцоо харин тийм ч сайхан биш болохыг дэлхий нийтэд мэдрүүлсэн нэгэн зургийг та бүхэн харж байна.

Зураг дээр цэргийн хувцастай залуу эр ямар нэгэн юмнаас болгоомжилж, ихэд яарсан байдалтай гүйж яваа байдал дүрслэгджээ. Зүүн Берлинд цагдаагаар ажилладаг 19 настай залуу эр Ханс Конрад Шуманн 1961 оны наймдугаар сарын 15-ны өдөр Берлиний ханыг даван баруун Берлин рүү амь дүйн гүйж яваа нь энэ. Түүний энэ зургийг барууны хэвлэлүүд тухайн үедээ санаанд багтамгүй өндөр үнээр худалдаж аван, социализмын эсрэг суртал ухуулгад ашигласан юм.

Гэхдээ зургийн түүх болон авагдсан цаг хугацаа нь хүртэл зөрүүтэй байдаг гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Зураг нь ч өөрөө “сэжигтэй”. Уншигч авгай доор бичиглэснийг уншаад ойлгох буй за. Зургийн талаар хоёр түүх байдгийг хүргэе. 

Эхний түүх. Герман хоёр хэсэг хуваагдаад 10 гаруй жил өнгөрсөн байсан үе. Цагдаа болоод хэдхэн хонож байсан шинэхэн дүрэмт хувцастай Ханс Конрад Шуманн хэмээх залуу 1961 оны наймдугаар сарын 15-ны өдөр Берлиний хананы Риппенштрассын өнцөгт үүрэг гүйцэтгэж байжээ.

Энэ үед Баруун Берлиний талаас “Хөөе наашаа хүрээд ир” гэх дуу гарсан байна ( “Наашаа хүрч ирж халуун цай уу, бид чамд тамхи өгнө, бас царайлаг хүүхэн, бэлгэвч ч өгнө” гэх мэтээр ятгасан гэсэн яриач бий). Үүнийг сонссон залуу эр удаан бодсон ч үгүй, ханыг даван хар хурдаараа гүйсэн аж. “Зүүн Германы дутагдалтай талыг илчилсэн” гэж тайлбарлагчдын ярьдаг түүх нь нэг иймэрхүү. Харин хожим гарч ирсэн нь түүх нь арай өөр.

Хоёр дахь түүх. Зураг бол зүгээр л тавилттай бүтээл. Нэгдүгээрт, хана баригдах үед 19 настай байсан бацаан халуун цай, солих хувцасны төлөө эцэг эх, төрөл төрөгсдөө орхиод баруун руу хөлөө хугалах шахам гүйнэ гэдэг эргэлзээтэй. Хоёрдугаарт гэвэл, зургийг энхтайваныг харуулсан гэж сурталчилдаг нь Ханс буугаа тайлж шидсэнтэй холбоотой. Тэрбээр ухасхийн гүйхдээ автомат буугаа мөрнөөсөө тайлж хаядаг. Гэтэл зурагчин Петер Ляйбинг яг энэ агшинг олж дарсан нь хачирхалтай.

Гуравдугаарт, зургийг авсны 56 жилийн ой өнгөрсөн онд болсон. Берлинчүүд энэ өдөр салют буудуулан баярлацгаасан. Гэтэл бас өөр эх сурвалжууд зургийг 1961 бус 1963 онд авсан гэж баталдаг.

Дөрөвдүгээрт, зураг өөрөө эргэлзээтэй. Барууныхан болохоор Ханс Шуманн Берлиний ханыг давж ирсэн гэж тайлбарладаг. Гэтэл зураг дээр хана байхгүй. Юуг ч юм амжуулж яваа хэсэг авгайчууд л байна. Тэгэхээр зураг эвлүүлэг байх боломжтой. Ханс Шуман баруун руу гүйх үед хана барих ажил эхлээд дөнгөж хоёр хонож байсан нь үнэн ч хоёр хоногийн дотор зэгсэн өндөр хана босгож амжсан байх учиртай.

Тавдугаарт, зурагт Хансыг хана давж байгаа агшинг авч байгаа зурагчин эрийг араас нь дүрсэлсэн байдаг. Тэрхүү эр нь дүрс бичлэгийн камераар бичлэг хийж байсан нэгэн гэдэг нь хожим тодорсон. Дүрс бичлэгээс татаж авсан гэдэг нь тодорхой харагдахаар чанар муутай өөр нэг зураг үүнийг баталдаг юм.

Гэхдээ, зургийн үнэн түүх дээрх хоёрын аль нь ч байсан Конрад Шуманы үйлдэл эрх чөлөө, ардчиллын талынхны бэлгэ тэмдэг болж, зураг нь “Хүйтэн дайн” хүчээ авахад нөлөөлсөн нь үнэн юм.

Берлиний хана баригдсаны дараа Зүүн Германы 2,000 гаруй цэрэг Хансын үйлдлийг давтсан.

Зураг