Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч баримтуудаа устгах ажиллагаа явуулсан нь илэрсэн байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хэтэй холбоотой авлигын хэргийн баримтуудыг Хөх ордны захиргаа устгах ажиллагааг явуулж байсан тухай мэдээлэл Пүрэв гарагт таржээ.

Тус улсын гол сөрөг хүчин Солонгосын Ардчилсан Намын төлөөлөгч, парламентын гишүүн Бак Хэ Рюний баталж байгаагаар дуулианы оргил үе болох өнгөрсөн оны есдүгээр сараас өнгөрсөн хоёрдугаар сар хүртлэх хугацаанд ерөнхийлөгчийн ордон 26 ширхэг баримт бичиг устгагч машин худалдан авсан байна. Энэхүү мэдээллийг Төрийн Хангамжийн Албаны тоо баримтаас илрүүлсэн гэнэ.

Гишүүн хэлэхдээ энэ бол хэвийн биш үзэгдэл, дуулиан дэгдэхээс өмнөх зургаан сарын хугацаанд Хөх ордон ганц ч ийм төхөөрөмж авч байгаагүй нь харагдсан гэжээ.

Анхны баримт устгагчийг есдүгээр сарын 27-нд авсан нь Пак Гын Хэ ерөнхийлөгч, түүний найз Чой Сүүн Силтэй холбоотой анхны цуурхал гарснаас долоо хоногийн дараах хэрэг гэнэ.

Үүний дараа аравдугаар сарын 25-нд нэмж зургаан машин худалдаж авсан нь Чой Сүүн Силийн тухай баримт олдсоныг телевизээр мэдээлсний маргааш нь байжээ.

Чойг баирвчлагдсаны дараа хэдхэн хоноод арваннэгдүгээр сарын 7-нд дахин зургаан устгагч машин авсан байна. Ингээд нэгдүгээр сарын 11-нд ерөнхийлөгчийн асуудлыг шалгаж байхад дахин зургааг авсан нь илэрчээ. Хараат бус зөвлөл Хөх ордонд шалгалт хийхийн өмнөх өдөр буюу хоёрдугаар сарын 2-нд дахин зургааг авснаар нийтдээ 26 болсон байна. Гэвч зөвлөлийг тухайн үед ордонд нэвтрүүлээгүй өнгөрсөн юм.

“Баримт устгагчийг эрчимтэй худалдан авч байсан нь Хөх ордон нотолгоонуудыг системтэйгээр устгасны шинж. Ерөнхийлөгчийн ордон одоо ч устгал явуулж байж магадгүй” гэж намынхаа хурал дээр Бак ярьжээ.

Сөрөг хүчнийхэн Хөх ордонд даруй шалгалт оруулахыг шаардаж, хэрвээ энэ удаа дахин эсэргүүцэл үзүүлбэл ерөнхийлөгчийн ордонд гэмт хэргийн бүлэглэл үүрлэсэн гэж ойлгохоос өөр аргагүй гэж дүгнэжээ.

Ирэх Мягмар гарагт ерөнхийлөгч асан Пак Гын Хэг байцаах ба энэ үед яригдах нэг гол сэдэв нь баримт устгасан тохиолдол байх төлөвтэй байна.

 

Эх сурвалж: Korea Times