2019/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
04:00
S31
05:00
S31
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10:00
S32
12°
11:00
S32
16°
12:00
S32
18°
13:00
S32
19°
14:00
S32
21°
15:00
S32
22°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/02/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Хаянхярваа: “Эрдэнэт” үйлдвэрийг нээлттэй компани болгох асуудал яригдаж байгаа

А.Ням-Өлзий, iKon.mn
2017 оны 2 сарын 14
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, дэд дарга Б.Саранчимэг, ажлын албаны дарга Н.Энхтайван нар намрын ээлжит чуулганы үр дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Өнгөрсөн хугацаанд УИХ дахь МАН-ын бүлэг 36 удаа хуралдаж, давхардсан тоогоор 79 асуудал хэлэлцэн зохих шийдвэр гаргажээ. Бүлгийн хурлаас хууль, тогтоолын төсөл дээр ажиллах 12 ажлын хэсэг байгуулж гишүүд жигд оролцоотой ажилласан бөгөөд дангаараа болон УИХ-ын бусад гишүүдтэй хамтарч давхардсан тоогоор 19 хуулийн төсөл санаачлан боловсруулж өргөн барьснаас батлагдсан 4, хэлэлцүүлгийн шатанд 15 төсөл байна. 

Хурлын үеэр бүлгийн дарга Д.Хаянхярваа “Бид УИХ-ын намрын чуулганаар сөрөг хүчин байхдаа дэвшүүлсэн хуулийн төслүүд, санал санаачилгууд, МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан бодлогууд, санал санаачилга, хуулийн төслүүдээ батлууллаа. Намрын ээлжит чуулган 85 өдөр чуулахад бүлгийн гишүүд УИХ-ын нэгдсэн 34 хуралдаан, Байнгын болон дэд хорооны 140 хуралдаанд оролцож, бие даасан 22 хууль, хуульд өөрчлөлт оруулах тухай 190 хууль, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай 3 хууль, УИХ-ын 59 тогтоолыг хэлэлцэн баталлаа" хэмээн онцлов.

Тэрбээр дээрх мэдээллийг хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-“Эрдэнэ”-ийн 49 хувийг хууль зөрчин худалдан авсан гэдэг дүгнэлтийг Хууль зүйн Байнгын хорооноос томилогдсон Ажлын хэсэг гаргасан. Тэгвэл хууль зөрчсөн хүмүүст хариуцлага тооцох уу? 

-Засгийн газрын зүгээс хуулийн байгууллагад хандсан байдаг. Энэ хүсэлтийн хариуд Нийслэлийн прокурорын газраас хэрэг үүсгэх боломжгүй гэдэг хариу өгсөн. Засгийн газар “Эрдэнэт”-ийг төрийн мэдэлд авахдаа хууль зөрчсөн гэж үзвэл дараагийн шатанд хууль хяналтын байгууллагад хандаад явах эрх нь нээлттэй байгаа. 

-МАН төр барьж байх хугацаандаа Таван толгой төслийг эргэлтэд оруулах боломжтой юу? 

-Таван толгойтой холбогдсон асуудлыг эргэлтэд оруулах асуудлыг энэ Засгийн газар нухацтай судалж байгаа юм билээ. Бүлэг дээр танилцуулсан.

Аль болох богино хугацаанд Таван толгойг эргэлтэд оруулах тэгэхдээ бүрэн утгаар нь ажиллуулах шаардлага байгаа. Тийм учраас Засгийн газар хаврын чуулганд багтаад энэ асуудлыг Их хуралд оруулж ирэх болов уу гэж найдаж байна. 

-Ерөнхийлөгч намрын чуулганы хаалтын үеэр “МАН-ын зарим гишүүд “Эрдэнэт”-ээр шантааж хийн Засгийн газраа огцруулах гээд байна” гэж байсан. Ер нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа энэ Засгийн газрыг огцруулна гэх яриа ч гараад байгаа. Үүн дээр ямар байр суурьтай байна вэ? 

-Ерөнхийлөгч тийм үг дурдаад өнгөрнө билээ. Манай намаас тийм зүйлийг хүлээгээд хэрэггүй байх гэдэг хариулт л хэлмээр байна. Бид Засгийн газраа шүүмжилнэ, шахна. Буруу зүйл хийх юм бол хариуцлагын асуудлыг хөндөж тавина. Энэ бүхнийг нийгэмд Ардын нам задарч байгаа юм байна, Засгаа унагаах гэж байна гэж тайлбарлах шаардлага байхгүй. Засгийн газар энэ бүрэн эрхийн хугацаанд ажиллаад явж чадна гэж итгэж болно. 

-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь нь ямар байдалтай байна вэ. “Эрдэнэт”-ийг барьцаанд тавьсан 460 тэрбум төгрөгийн өрийг Монгол Улсын Засгийн газар төлөхөөр болсон гэх мэдээлэл цацагдаа байгаа. Үүн дээр тайлбар өгөөч? 

-“Эрдэнэт” болоод томоохон төрийн өмчит улсын үйлдвэрийн газруудыг нээлттэй компани болгох тухай асуудал яригдаж байгаа. Нээлттэй компани гэдэг бол шударга, ил тод, тодорхой хэсэг нь IPO гаргаж хөрөнгийн биржээр худалдаа хийнэ гэсэн үг. 

Арбитрын шүүхийн асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаан дээр авсан. 50 сая ам.долларыг нь хохирол учруулсан гэж байгаа “Жаст” груп барагдуулсан, одоо үлдэгдэл байгаа гэсэн асуудал яригдсан. Яг өнөөдрийн байдлаар Арбитрын шүүхээс шийдвэр гараад, Монгол Улсын Засгийн газар тийм төлбөр хийх гэсэн эцсийн шийд гараагүй байна. Гэхдээ залилан хийсэн хүмүүс нь тодорхой учир Засгийн газарт бус тэр хүмүүст шийдвэр нь очих болов уу гэж бодож байна.  

-УИХ дахь АН-ын бүлгээс намрын чуулганаар батлагдсан хуулиуд дунд эдийн засгийг сэргээх зорилготой хууль бараг батлагдсангүй. Харин ч халамжийн хуулиуд батлагдаа. Эдийн засаг хүнд байгаа үед халамжийн хууль батлагдах нь сөрөг нөлөөтэй гэж байсан. Энэ нь хэр зөв зүйтэй юм бэ? 

-МАН зүүний чиглэлийн нам. Эдийн засгийн боломжоо бид маш сайн тооцсон. Өнөөдөр Монгол Улс дан зүүний чиглэлийн намтай болсон. АН ч яг л зүүний намын үзэл баримтлалаар ажиллаж байгаа. 

-“Эрдэнэт”-ийг хууль бусаар хувьчиллаа гээд төр авахаар болж байна. Тэгвэл төр буцаан авах процес нь мөн л хууль зөрчиж байна гэж байр сууриа илэрхийлэх хүмүүс бий. “Эрдэнэт”-ийг эргүүлж авах процес яаж явагдах вэ? 

-УИХ-аас тогтоол гаргасан. Энэ тогтоолд “Эрдэнэт”-ийг авсан, ХХБ-ны холбогдох хүмүүстэй тооцоо нийлнэ гэсэн байгаа.

Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт”-ийг төрийн мэдэлд байлгаж байгаад энэ хугацаандаа тэр хүмүүстэй тооцоо хийнэ гэсэн үг. Төрөөс ямар хэмжээний мөнгө, өөрсдөөс нь ямар хэмжээний хөрөнгө гарсан юм гэдгийг тогтооно. Эцэст нь энэ хэсгийг төрийн мөнгөөр, үүнийг нь хувийнхаа мөнгөөр авчээ гэдэг ялгаа заагийг гаргаж байж шийдэх болов уу гэж харж байгаа. Тэр хүртлэх хугацаанд “Эрдэнэт”-ийн 49 хувь төрийн мэдэлд байна.

 

x