Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюунжаргал: Хүйтний эрч өмнөх хоногоос 10 гаруй градусаар чангарна

Г.Номин, iKon.mn
2017 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Цаг Уур Орчны Шинжилгээний Газраас 2017 оны нэгдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд цаг агаарын байдал муудаж, хүйтрэх талаар ЦУОШГ-аас мэдээлэл хийлээ.

ЦУОШГ-ын урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал "Ойрын өдрүүдэд цаг агаарын огцом өөрчлөлт орох гэж байгаа учраас ард түмэндээ сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх зорилгоор мэдээлэл хийж байна. 

Сибирээс шилжин ирж буй хүйтэн агаарын нөлөөгөөр шөнөдөө ихэнх нутгаар өдөртөө нутгийн зүүн хагаст цас орно. Өнөө шөнө Өвөрхангай, Булган, Төв, Дундговь аймгийн нутгаар, маргааш өдөр Хэнтий, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна. Салхи секундэд 18-20 м/сек, зарим үед 24 м/сек хүрч ширүүсэх төлөвтэй байна. 

Агаарын температур 28-наас эхлэн хүйтний эрч өмнөх хоногоос 10 гаруй градусаар чангарч, 30-ныг хүртэл хүйтний эрч чангарна. 

Улаанбаатар хотод өнөө шөнө цас орж, шуурч хононо. Маргааш өдөртөө 20-22 градус хүйтэн байна" гэлээ.

Хүчтэй салхи шуургатай гэсэн анхааруулга мэдээлэл тараасаар байтал иргэд холын замд бэлтгэлгүй гарч, саатах асуудал гардаг. Тиймээс нэгдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд аль болох холын замд гарахгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байгаа юм.

Хүчтэй салхи шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах, автозамын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, автомашин замд олноор саатах, автомашины шатахуун дуусах, эвдрэх, иргэд сураггүй болох, төөрөх зэрэг тохиолдол гарч зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирдаг тул шаардлагатай тохиолдолд холбогдох мэргэжлийн байгууллагуудын шийдвэрээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зохицуулалт хийдэг тул Онцгой Байдлын Ерөнхий Газрын 325726, 265726 дугаарын утсанд холбогдож мэдээлэл авахыг зөвлөж байна.