“Цаад эзнийг нь, эздийг нь ол” гэх шийдвэрээр С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал түр өндөрлөв. 1998 оноос өнөөдрийг хүртэл 18 жилийн хугацаанд таван засгийн нүүр үзсэн эл хэргийн илрүүлэлтэд алуурчдад ял оноосноор эхэллээ гэцгээж буй. Уг нь улс төрийн зорилготой аллагыг нууц хэвээр нь мөнхөлж нам дарахыг оролдсон ч үргэлжлэлтэй болгосныг харахад хэргийг захиалагчдын гap хөл суларч, улс төр дэх байр суурь ганхсаных гэлтэй.
Мэдээж хэргийг илрүүлж захиалагчдыг олохын тулд эргээд 1998 оны Засгийн газрын бүрэлдэхүүн, улс төрийн нөхцөл байдал руу анхаарал хандуулах учиртай болов уу.
Түүх сөхье. 1997 оны хавар тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан “Эрдэнэт” үйлдвэрт аудитын шалгалт оруулж үйлдвэрийн дарга Ш.Отгонбилэгийг улсын хөрөнгөөр өөрийн мэт дургиж байгааг илрүүлэн Монгол Улс, Засгийн газар хохирлоо нэхэмжлэн шүүхэд өгчээ. Ингээд 1998 оны наймдугаар сарын 20-ны үед ТӨХ-ноос Батлан хамгаалах яамны нисдэг тэрэг бүхий зэвсэглэсэн цэргийн хүчийг дайчлан “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Ш.Отгонбилэгийг тушаалаас нь огцруулж, оронд нь яамны сайд байсан Д.Дорлигжавыг томилсон байна.
Энэ үйл явдлын дараа Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Багабанди ОХУ-ын Ерөнхийлөгч Б.Ельцинд хандан “Эрдэнэт” үйлдвэрийн даргыг сольсон асуудлаар захиа бичиж, хуучин даргыг нь хэвээр үргэлжлүүлэн ажиллуулах тал дээр дэмжлэг хүсч байсан удаатай. Удалгүй тухайн үеийн МоАХ дотроо тэмцэлдэж М.Энхсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Ц.Элбэгдорж томилогдсон ч төрийн өмчийн “Сэргээн босголтын банк”-ийг хувийн хэвшлийн “Голомт” банктай нийлүүлэх ажиллагаа явагдав.
Үүнд Засгийн газрыг буруутган Ц.Элбэгдорж 1998 оны тавдугаар сарын үед огцров. Зарим нь төрийн нууц задруулсан хэргээ нуух гэж сайн дураараа ажлаа өгсөн гэж ярьдаг. Ц.Элбэгдоржийн огцорсон явдал бол хөндлөнгийн түүх. Харин оронд нь хэн Ерөнхий сайд болсон бэ гэдэгт анхаарал хандуулъя.
Сануулахад, ардчилсан хүчин өөрийн гэсэн шилдэг лидергүй, боловсон хүчин хомс байсан үе. Да.Ганболдыг Ерөнхий сайдад долоон удаа нэрийг нь дэвшүүлсэн ч МоАХ-ны баримтлал “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаас болж Ерөнхийлөгч Н.Багабанди хориг тавин буцааж байв.
Ингэхдээ Ерөнхий сайдад нэр дэвшигч бүртэй тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга С.Баяр уулзан “Эрдэнэт” үйлдвэрийн байр суурийг асууж, тулгалт явуулдаг байсан гэлцдэг. (Да. Ганболд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо, мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж 25 дугаар суваг телевизэд өгсөн ярилцлагадаа ч энэ тухай тодорхой ярьсан)
Энэ уулзалтанд С.Зориг ч мөн хамрагдаж үйлдвэрийн 49 хувийг хувьчлахыг эсэргүүцэж байжээ. Шуудхан хэлэхэд, “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ш.Отгонбилэг, Н.Багабанди, С.Баяр нартай хамсран ОХУ-ын мэдэлд байх 49 хувийг тус улсын мафид хувьчилж өгснөөр Монголын мэдэлд байх 51 хувь тоотой хэдэн нэр бүхий хүмүүсийн мэдэлд орох тооцоо байсан гэлцдэг.
Харамсалтай нь, эсэргүүцлийг эрс шийдэмгийгээр гаргаж байсан С.Зоригийн нэр Ерөнхий сайдад гарцаагүй яригдах тэр мөчид, 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр тэрбээр бусдын гарт амиа алдсан байдаг. С.Зориг алагдсаны дараа Ерөнхий сайдад нэр дэвшин дэмжигдэж албан тушаалд суусан хүн нь Ж.Наранцацралт.
С.Зориг алагдсаны дараа Ерөнхий сайдад нэр дэвшин дэмжигдэж албан тушаалд суусан хүн нь Ж.Наранцацралт.
Үндсэндээ бол Н.Багабанди, С.Баяр нарын тавьсан бүх болзол нөхцөлийг мэдэх төдийгүй, зөвшөөрөн хүлээж авсан хүн. Ажлаа авсан даруйдаа Ж. Наранцацралт Ш.Отгонбилэгийг ажлаас нь чөлөөлсөн ТӨХ-ны дарга З.Энхболд, Д.Одхүү зэрэг хүмүүсийг огцруулж байв.
Харин Ерөнхийлөгч Н.Багабанди “Эрдэнэт” үйлдвэрийн хэрэг, Ш.Отгонбилэгийн хэргийг өмгөөлж байсан, олонд төдийлөн нэрд гараагүй өмгөөлөгч М.Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхий прокурор, өмгөөлөгч Ч.Ганбатыг Монгол Улсын Ерөнхий шүүгчээр томилсон байдаг.
Ш.Отгонбилэгт хамаарах шүүх хурал тэгсхийгээд өнгөрч, шийдвэр ч тэдний талд гарсан. Мөн Ерөнхий сайд Ж.Наранцацралт ОХУ-руу Эрдэнэтийн 49 хувийг хувьчлах асуудлыг зөвшөөрсөн алдартай захиагаа бичсэн байдаг. Тэр захианы агуулга нь “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын төрийн өмчид оногдох хэсгийг хувьчилж авахыг тань зөвшөөрлөө. Бид ч бас ижил нөхцөлөөр хувьчлал хийсэн тохиолдолд танай Засгийн газар бас зөвшөөрөх ёстой шүү гэсэн утгатай байсан гэдэг.
Хожим нь Н.Энхбаяр Ерөнхий сайд болохдоо уг захиаг хүчин төгөлдөр бус хэмээн ОХУ-д мэдэгдсэн нь нам доторх зарим хүн, хэсэг бүлгийн ашиг сонирхолд нийцээгүй гэгддэг. Энэ бол өөр түүх.
Өнөөдөр цаг хугацаа бүхнийг тайлагнаж байна. Азгүй азгүй гэхэд С.Зоригийн аллагын хэрэгт холбогдсон болгон гэнэтийн ослоор үхэх тохиолдол гэж байх yу. Энэ бүгдэд хэн хариулт өгөх вэ.
Улс төрд орж байгаа бол “Эрдэнэт”-ийн хэрэг, С.Зоригийн аллагын хэрэг хоёроор хэзээ ч бүү оролд” гэх үг оргүй ч үг биш дэг ээ. 18 жилийн дараа эргээд нэг харья. Тухайн үед “Эрдэнэтийн хэрэг”, С.Зоригийн аллага хоёрт холбогдсон хүмүүсээс хэд нь амьд байна вэ?
Энэ бүхэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан мэдээлэл. Эдгээрийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэргийг дагалдан гарсан гэмт хэргүүд гэж үзэж байгаа юм байна. (Мөн хэвлэлүүдэд бичигдээгүй өөр ч бас хүн амины хэрэг байдаг гэх мэдээлэл бий).
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлнэ хэмээн олон улстөрч амлаж үе үеийн сонгуульд оролцож, Засгийн газар байгуулагдаж байсан ч хэрэгт холбогдсон бүхэн амиа алдаж байж.
Хэрэг гарснаас хойш засгийн эрхийг улс төрийн томоохон хоёр хүчин ээлжлэн барьсан бөгөөд хэргийн илрүүлэлтэд оролцсон бүхэн ямар нэгэн шалтгаанаар солигдон ирэх дарга нарын тоогоор ажил албанаасаа салж, хавтаст хэргээс материалууд алдагдаж байсан гэдэг.
Магадгүй хэвлэл мэдээллээр гарсанчлан хэргийг баллах зорилгоор улстөрчдийн даалгаврыг өвөртлөн эрхэм дарга нар цагдаа шүүх, прокурорын байгууллагуудад томилогддог байсан гэдгийг үгүйсгэх аргагүй. Тэгэхээр энэ хугацаанд хэрэг илрүүлэхээр толгойлон ажиллагсдыг тоочъё.
Сүүлийн үед цацагдсан мэдээллүүдээс үзэхэд Б.Булганыг хоригдож байх явцад УИХ-ын гишүүд санаа тавин асарч байсан бол тэрбээр урьдчилан хорих төвөөс гарангуутаа Төрийн ордонд морилох шалтгаан байсан бололтой. Энэ мэт хэлхээ холбоо бүхий улстөрчдийн нууцыг хэн тайлах бол.
Э.Бат-Үүл баатрыг 40 мянгатын унаган хүүхэд С.Баяртай ноцолдож өссөн, сайн муугаа мэдэлцэх андууд гэдгээр нь бүгд мэднэ. Түүнчлэн Ш.Отгонбилэгийн “угаасан” ам.долларыг төгрөгт шилжүүлдэг компаниуд ч тухайн үед байсан гэдэг юм билээ. Аливаа хэрэгт удирдах тархи, шинийг сэдэх санаачлагч, дамжуулагч, гүйцэтгэгч байдаг хойно улстөрчийн үхлийн захиалагч хэчнээн нуугдсан ч цаг хугацааны эргэлт, болж өнгөрсөн түүхийн баримтууд түүнийг илчлээд байна уу, эсвэл...?