Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдөр /2016.10.17/ 00:00 цагт дуусгавар болно.
Сонгуулийн тухай хуульд сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс арван найм хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана гэж заасан байдаг.
СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ:
68 дугаар зүйл.Сонгуулийн сурталчилгаа
68.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс арван найм хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана.
68.6.Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсооно.
Тиймээс аравдугаар сарын 1-нээс эхэлсэн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр дуусна.
Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа аравдугаар сарын 19-ний Лхагва гарагт Улаанбаатарын цагаар 07:00-22:00 цагийн хооронд явагдана. Энэ өдөр бүх нийтээрээ амрна.
Сонгогч санал авах байранд ирж саналаа өгөхдөө саналын хуудсан дээр өөрийн сонгохыг хүссэн нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугуйг тусгай тэмдэглэгээний бал ашиглан дүүргэн будаж саналаа тэмдэглээд саналын хуудсаа санал тоолох төхөөрөмжид уншуулна.
Санал тоолох төхөөрөмж нь саналын хуудсыг сканердан уншиж, санал хураалтын дүнг нэгтгэнэ.
Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1,613 баг, нийслэлийн 9 дүүргийн 152 хорооноос нийт 7,282 төлөөлөгч сонгогдох юм. Эдгээр 7,282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15,212 нэр дэвшигч бүртгүүлснээс улс төрийн нам, эвслээс 14,489 нэр дэвшигч, 723 бие даан нэр дэвшигч бүртгүүлжээ.