Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Бямбаа: Хатуу нөхцлийг хүлээн зөвшөөрч ОУВС-тай хамтарч ажиллах л хэрэгтэй

Ч.Болортуяа
2016 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

iKon.mn эдийн засгийн хүндрэлийн энэ үед мэргэжлийн эдийн засагч, санхүүчдээс цуврал ярилцлага авсаар байна. Энэ удаад санхүүч Л.Бямбаагаас дараах асуултуудад тодруулга авснаа хүргэж байна. 

- Монголын эдийн засгийн өнөөгийн хүндрэлийн гол шалтгаан нь дэлхийн эдийн засгийн хямрал уу, эсвэл засаглалын асуудал илүү нөлөөлөв үү?
- Засаглал, улс төр, эрх зүйн орчны тогтворгүй байдлаас үүдэлтэйгээр хөрөнгө оруулагчид дайжсан, том төслүүд гацаанд орж хугацаа алдсан нь өнөөгийн хүндрэлийн гол шалтгаан нь байсан. 

Үүний хажуугаар дэлхийн эдийн засаг, түүний дотор түүхий эдийн үнийн уналт нөхцөл байдлыг улам дордууллаа. Монголын эдийн засаг төрөлжөөгүй, экспортын орлогын эх үүсвэр цөөн, үндэсний хуримтлал бага зэрэг суурь нөхцөл нь эдийн засгийн дархлаа сул болохыг илтгэж байгаа бөгөөд хямралд өртөмтгий болгож байна.

- Одоо Монгол Улс яаралтай валютын орох урсгалаа нэмэгдүүлэх шаардлагатай болоод байна. Гадаадын хөрөнгө оруулалт мөддөө сэргэх шинжгүй. Тиймээс бид нэг орноос их хэмжээний зээл авах эсвэл олон улсын шинж чанартай хатуу нөхцөлтэй ч хөнгөлөлттэй зээлд хамрагдах үгүй бол дахиад бонд гаргах гэсэн сонголтууд байна. Та алийг нь илүүд үзэх вэ?
- Дэвшүүлсэн гурван хувилбар гурвуулаа хүлээгдэж буй урсгал зардал, зээл төлбөрийг дахин зээл авч санхүүжилт хийх хувилбарууд байна. Хөнгөлөлттэй зээлээс бусдад нь зах зээлийн үнэлгээгээр хүү төлнө, Монголын зээлжих зэрэглэл буурсан, эрсдэл нэмэгдсэн учир хүү өндөр тогтоно. 

Орлогын урсгал нэмэгдэх нь тодорхойгүй байгаа өнөө үед илүү өндөр хүүтэй зээл  авах нь бага зэрэг хугацаа хожих боломж олгож байгаа боловч шийдэл болж чадахгүй, хэсэг хугацааны дараа байдлыг улам хүндрүүлнэ гэж бодож байна.

- Хэрвээ бид нэг улсаас их хэмжээний зээл авъя гэвэл хамгийн боломжит хувилбар нь Хятад. Хятадаас бид их хэмжээний зээл авахын эерэг, сөрөг талыг та судлаач хүний хувьд тайлбарлахгүй юу?
- Зээл өгөх талд л эрсдэл байдаг, авах талд ямар сөрөг тал байгааг сайн ойлгохгүй байна. 

Зээл авах тал нь болгоомжлоод байгаа нь өөрсдөө зээлээ хугацаанд төлж чадна гэдэгт эргэлзэж байгааг илтгэж байна.

Сөрөг тал гэхээс илүүтэйгээр болгоомжлол байгаа бололтой. Хэрэв бодит эрсдэл байгаа бол гэрээний зүйл заалт, зохицуулалтаар шийдвэрлэж болдог, жишээ нь эрсдэл өндөр байх тусам зээлийн хүү нэмэгдэж тусгагддаг гэх мэт. Зээл авах тал нь болгоомжлоод байгаа нь өөрсдөө зээлээ хугацаанд төлж чадна гэдэгт эргэлзэж байгааг илтгэж байна.  Хэрэв тийм бол зээл авснаар асуудлыг шийдэх бус, харин хойшлуулж улам хүндрүүлнэ л гэсэн үг.

- Олон улсын хөнгөлөлттэй тусламжийн шинж чанартай хөтөлбөр гэвэл бидний мэдэх "Стэнд Бай" л байгаа юм. Өөр ийм төрлийн хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл танд бий юу?
- Улс орнууд төлбөрийн чадварын хямралд ороход төсвийн дэмжлэг олгох зорилгоор харьцангуй богино хугацаанд шийдэж туслалцаа үзүүлж чадах олон улсын байгууллага нь ОУВС. Үнэндээ өөр хөтөлбөр байх шаардлагагүй гэж бодож байна, бүсээ чангална гэж байгаа бол хатуу нөхцөлийг хүлээн зөвшөөрч ОУВС-тай хамтарч ажиллах л хэрэгтэй. 

Ямар ч эмчилгээ үр дүнгээ өгөхийн тулд тодорхой дэглэм сахидагтай адил.

Ямар ч эмчилгээ үр дүнгээ өгөхийн тулд тодорхой дэглэм сахидагтай адил. Уг хөтөлбөрт хамрагдснаар харин ч улс төрийн нөлөөлөлд автаж илүү зардал гаргахаас сэргийлэх боломжтой. 

- Та тэгэхээр “Стэнд Бай”-г ерөнхийдөө дэмжиж байна гэж ойлгож болох уу?
- Зах зээлийг хумисан бус, тэлсэн шийдэл байвал мэдээж түүнийг илүү дэмжинэ. Хэдийгээр дотоод болон гадаад орчин тааламжгүй байгаа ч яриа хэлэлцээний түвшинд олон төсөл, хөрөнгө оруулалтын боломжууд байгаа гэж сонссон. Нэг нэгээр нь шударгаар, мөн аль аль талдаа харилцан ашигтай байдлаар шийдээд явах боломж байгаа л гэж бодож байна. 

- Эдийн засгийн энэ хүндрэлийн үед хувийн хэвшлүүд ямар зарчмаар ажиллах ёстой вэ?
- Өнгөрсөн хугацаанд хувийн хэвшил олон төрлийн тодорхой зохицуулалт хийж хэмнэлт, таналтын горимд хэдийн шилжсэн болов уу. Тиймээс одоо бизнесийн загвартаа анхаарч, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, экспортын чиг баримжааг нэмэгдүүлэх, эрсдлийн удирдлагыг сайн хэрэгжүүлж ажиллах ёстой гэж бодож байна.

- Монголбанк бодлогын хүүгээ 15 хувь болгосоныг та хэрхэн харж байна вэ. Эдийн засгийн нөлөөлөл нь ямар байх бол?
- Үр дүн муутай байх магадлалтай. Эдийн засгийн байдал сайжрах шийдэл, хөтөлбөр төрөөс санал болгоогүй орчинд хүлээлт сөрөг байгаа учир төгрөгт итгэх итгэл муу хэвээр байна. 

Тодорхойгүй байдал нь эрсдлийг нэмэгдүүлж төгрөгт итгэх итгэлийг бууруулж байгаа учир бодлогын хүү өсгөснөөр валютын ханшинд үзүүлэх нөлөөлөл бага, харин мөнгөний нийлүүлэлтийг хумиж, зээлийн хүүг нэмэгдүүлж бизнесийн орчин улам л муудна гэж бодож байна.

- Эдийн засгийн өсөлт саарсан энэ үед төрөөс хувийн хэвшлүүдийн үйл ажиллагааг хэрхэн дэмжих ёстой байдаг вэ?
- Татварын хөнгөлөлт үзүүлэх, янз бүрийн захиргааны дарамт ачааллыг бууруулах, авилгыг бууруулах, бизнесийн орчинг сайжруулах, саад бэрхшээлийг арилгах, худалдааг дэмжих, зээл, бусад төрлийн санхүүжилт нэмэгдүүлэх зэрэг шууд арга хэмжээ байж болно. Харин шууд бусаар зах зээлийн итгэлийг сэргээх, хүлээлтийг эерэг болгох, тогтвортой байдлыг бүрдүүлж өгөх нь чухал дэмжлэг болно.

- Тэгвэл одоо Монголбанк эсрэгээрээ ажиллаад байна гэсэн үг үү. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монголбанк хөнгөлөлттэй олон хөтөлбөр, зээл гаргаж хямралыг зөөлрүүлж, дотоодын эдийн засгийг тэлсэн. Энэ бодлого зөв байв уу, буруу байв уу?
- Монголбанкны зүгээс ханш тогтоох зорилгоор хатуу бодлого баримталж байгаа нь ялангуяа инфляци нам дор үзүүлэлттэй байхад бодит эдийн засгийн салбарт сөрөг үр дүн авчирах магадлал илүү өндөр гэсэн хүлээлттэй байна. 

Төсвийн бодлогын тухайд бол нэгэнт төсөв их хэмжээний алдагдалтай байгаа тул төсвийн зардлыг танах нь зүйн хэрэг. Өмнөх жилүүдэд онцгой шалтгаангүйгээр төсвийн зардлын өсөлт төсвийн орлогын өсөлтөөс илүү өндөр байсан. Өөрөөр хэлбэл, төсвийн зардал илүү хурдацтайгаар нэмэгдэж ирсэн тул танах орон зай байгаа гэж үзэж байна.

Өнгөрсөн гурван жил Монголбанкны хөтөлбөрүүд хямралыг зөөлрүүлсэн. Гэхдээ дийлэнх хөтөлбөр нь бодит эдийн засгийг тэлэх гэхээс илүүтэйгээр үнэ тогтворжуулах хөтөлбөрүүд байсан тул төдийлөн үр нөлөө үзүүлээгүй болов уу. 

- “Стэнд бай” шиг хөнгөлөлттэй зээлд хамрагдлаа гэхэд дараа нь Монгол улс ямар бодлогоор хөгжлийн бодлогоо тодорхойлох ёстой вэ. Зарим эдийн засагч эргээд 2009 – 2012 оны байдал руугаа эргээд орчих вий гэж болгоомжилж байна. (2009-2010 онд Стэнд бай хэрэгжүүлсэн. Үргэлжлүүлээд түүхийн эдийн үнийн өсөлт, ОТ хөрөнгө оруулалттай залгаж их халамжийн бодлого хэрэгжүүлсэн)
- Хөгжлийн бодлого , загвар заавал байх ёстойг одоо бүгд ойлгож байгаа байх.

Ийм тогтвортой бодлогогүйн улмаас тухайн үеийн нөхцөл байдалд захирагдсан, хариу арга хэмжээ авсан байдлаар шийдвэрүүд гарч ирлээ. Энэ нь эмзэг байдал үүсгэж, савлагаа, туйлшралд  өртөмтгий болгож байна. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 он хүртэл батлагдсан байсан, бас яг нүдэнд харагдтал Монгол Улс яг ингээд хөгжчих юм байна гэтэл тодорхой бичигдээгүй санагдсан.

Жишээлбэл, Австрали улс уламжлалт уул уурхай, хөдөө аж ахуйн салбараас гадна дараагийн 10-20 жилд аль салбаруудыг түлхүү хөгжүүлэх тухай бодлого боловсруулж салбар тус бүр өөрийн удаан хугацааны хөтөлбөрийг боловсруулсан байгаа. Эдгээрийн нэг болох инновацийн тухайд 2015 сүүлээр Австралийн Засгийн газар Инноваци, шинжлэх ухааны үндэсний хөтөлбөрийг баталсан. Үүнд боловсрол, шинжлэх ухаан, судалгаа, дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх, бизнесийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сэдэл өгөх, хяналт зохицуулалтын саад бэрхшээлийг арилгах замаар инновацийг цогцоор нь дэмжинэ гэж Засгийн газар нь тодорхойлсон байна. Уг бодлогын хөтөлбөрийн хүрээнд 2015-2016 онд 9.7 тэрбум австрали долларын хөрөнгө оруулалт хийсэн нь хэдийн үр дүнгээ өгч эхлээд байна.