Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Эдийн засаг хурдан хугацаанд буюу ЭНЭ ЖИЛДЭЭ Ч СЭРГЭХ БОЛОМЖТОЙ"

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

 “Туушин” зочид буудалд өнөөдөр 30 гаруй эдийн засагчид уулзаж “Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, хүндрэл, гарц, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо. 

Монгол Улсын эдийн засгийн суурь фундаментууд болох улсын төсөв, төлбөрийн тэнцэл, гадаад өр, төгрөгийн ханш, улсын валютын нөөц зэрэг үзүүлэлтүүд сүүлийн жилүүдэд тасралтгүй уруудаж байна. Иймд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд эдийн засагч, судлаачдын үнэлэлт, дүгнэлтийг хэлэлцүүлж, хүндрэлээс гарах гарц, шийдлийг олох нь хэлэлцүүлгийн зорилго юм.

Уг хэлэлцүүлэг дараах таван сэдвийн хүрээнд өрнөсөн юм. 

  1. Макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал,
  2. Төсөвтэй холбоотой хүндрэл бэрхшээл,
  3. Төлбөрийн тэнцэл, ханшид учирч буй дарамт,
  4. Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгцээ, шаардлага,
  5. Банкны секторын нөхцөл байдал.

Монгол Улсын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээндээ ирээд буй. Энэ үеэр “Төсөвтэй холбоотой хүндрэл бэрхшээл” хэмээх сэдэв эдийн засагчид болон сэтгүүлчдийн анхаарлыг хамгийн их татаж байв. 

"Улс төрчдийн гаргасан саналууд нийлээд төсвийн төлөвлөлтөө муутгачихаад байна"

Илтгэлийг тус сэдвээр эдийн засагч Н.Энхбаяр танилцуулсан бөгөөд түүний илтгэлд манай төр засаг төсвийн бодлогын циклийн үед Төсвийн төлөвлөлт, Төсвийн хуулийг батлах тал дээр асуудал үүсгэдэг талаар дурдагдав. 

Мөн төсөв, мөнгөний бодлогын уялдаа холбоо, түүнийг дагах үр дүнгийн асуудлуудыг ярилаа.  Манай Улс

  • 2009-2012 оны үед төсвийн тэлэх, мөнгөний хумих бодлого явуулж байсан. Үүний үр дүнд эдийн засгийн өсөлт, өндөр инфляци, ханшийн өсөлт болж байв. 
  • 2013-2016 онуудад төсвийн хүчтэй тэлэлт, мөнгөний тэлэх бодлого явагдсан. Үүний үр дүнд өсөлт саарч, инфляци буурч, ханш тогтворгүй болжээ. 
  • Харин 2016 оны наймдугаар сараас төсвийн бодлогыг хумих хандлага ажиглагдаж, мөнгөний хумих бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Үр дүн ямар байх нь хамгийн сонирхолтой байна гэв. 

Мөн төсвийн асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүд санал оруулахдаа улс төрийн тоглолт хийдгээс болж төсвийн их хэмжээний алдагдал бий болдгийг анхааруулж байв. 

 

Энэ талаар эдийн засагч Н.Энхбаяр тодруулж хэлэхдээ “Жил бүр Төсвийн тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хуульд заасны дагуу Засгийн газар ирэх оныхоо төсвийг хэлэлцүүлдэг. Төсвийн хэлэлцүүлэгт урсгал төсвөөс гадна томоохон багц хөтөлбөрүүд яригддаг. Хэлэлцүүлгийн явцад төсвийг тэлээд буй гол шалтгаан нь хөрөнгө оруулалтын зардлууд байна. Энэ зардлуудыг их хурал дээр хэлэлцэхдээ хуулиар гишүүд, байнгын хороодын саналыг авдаг. Өнөөг хүртэл санал гэж чухам юу вэ гэдгийг аль ч хуулинд зааж өгөөгүй. Цаад санаа нь бүтээн байгуулалтыг бий болгох, ард иргэдийнхээ нийгмийн халамжийг сайжруулах зорилготой боловч гаргасан саналууд нийлээд төсвийн төлөвлөлтөө муутгачихаад байна. 

Өнгөрсөн жилүүдээс харахад УИХ-аас анх баталсан төсөв, тодотгосон төсөв, гүйцэтгэл гурвын дунд асар хол зөрөө бий. Бараг нэг сарын зөрүүтэй, савлагаатэй төсөв батална гэдэг макро эдийн засаг, гадаад өр гээд бүх зүйлсд дарамт учруулж байгаа юм” гэв. 

Төсвийг алдагдалтай батлах асуудалд хүргэсэн шалтгааны тухайд тэрбээр “Засаглалын асуудал байна. Институци нь өөрөө чадавхтай байх, өмнөх бодлогын залгамж халаа байх, төсөв мөнгөний бодлогын хүчтэй нөлөөллийг хэзээ хэрэглэх вэ гэдэг асуудалд анхаарах юм. Харамсалтай нь манай өнөөгийн тогтолцоо сул учраас төсвийн тэлэлт зохисгүй цаг үедээ эхлэх, эсвэл дуусахгүй удах зэрэг асуудлууд байна. 

Цаашид төсөв мөнгөний бодлогод үнэлэлт дүгнэлт, зөвлөмж өгөх тусгай хороог Засгийн газар дэргэдээ байгуулж болох юм гэсэн саналыг судлаачид дэвшүүллээ” хэмээв.

Н.Энхбаяр эдийн засагч Төвбанк болон Засгийн газрын сүүлийн үед гаргасан шийдвэрийн талаар “Энэ долоо хоногт УИХ-ын ээлжит чуулган болно. Тэр үеэр Ерөнхий сайд болон Сангийн сайд нар албан ёсны байр сууриа илэрхийлэх байх. Судлаач хүний хувьд харахад бид өмнө нь хүндрэлтэй цаг үеийг туулсан. Тухайн цаг үед дотоод эх үүсвэр хангалттай бус нөхцөлд гадны олон улсын байгууллагын туслалцаа дэмжлэгийг авч, тодорхой үр дүнд хүрч байлаа.

Нөхцөл байдал нэлээн ужгарсан нөхцөлд аль болох богино хугацаанд арга хэмжээ авах нь үр дүнтэй. Удаашрах тусам нөхцөл байдалд хүндрэхээс биш сайжрах аргагүй. Үүний нэг гол шалтгаан нь түүхий эдийн үнэ ханш ойрын хугацаанд өсөхгүй учраас валютын орлого эсвэл хөрөнгө оруулалтаар байдал сайжрахгүй. Тийм учраас олон улсын байгууллагуудын ямар нэг дэмжлэг туслалцаа, зайлшгүй хэрэгтэй” гэлээ. 

“эдийн засаг хурдан хугацаанд сэргэх боломжтой”
 

Н.Энхбаяр эдийн засагчийн ярианд дурдагдсан олон улсын байгууллагуудын тусламж, дэмжлэгийн асуудлаар эдийн засагч Ч.Хашчулуунаас тодрууллаа. 

Ч.Хашчулуун “Эдийн засгийн хүндрэлээс гарах гарц бий. Өмнө нь бид 2009 онд ийм хүнд байдалтай тулгарч байсан ч жилийн дотор хямралаас гарсан. Хямралаас гарахын тулд хэд хэдэн хүчин зүйлс хэрэгтэй байна. Нэгдүгээрт Засгийн газар, Монголбанкнаас маш сайн бодлого боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт олон улсын байгууллагуудын дэмжлэг хэрэгтэй байна.

Хүмүүс “Стэндбай”-ийн гол утгыг мэдэхгүй янз бүрээр тайлбарлаж байгаа. “Стэндбай” гэж тусламж авах тухай ойлголт юм. Бид олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгтэй. Манай эдийн засаг хугацаанаасаа өмнө нь хямралаас гарвал заавал үргэлжлүүлэх албагүй. Мөн авах тусламжийнхаа хэлбэр, хэмжээг хоёр тал ярилцаж тохиролцоно. Хамгийн сүүлд “Стэндбай” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн нь Серби улс. Нийт 1.3 тэрбум долларын тусламжийг олон улсын валютын сангаас авч бүх тулгамдсан төлбөрөө барагдуулсан. ОУВС-ийн мөнгийг 20-30 жилийн дараа буцааж төлөх ч эдийн засаг нь сайжирсан. 

Хоёр дахь гарц нь манай дотоодын томоохон нөөцүүд бий. Үүнийгээ ашиглах хэрэгтэй. Гэхдээ том төслүүдийг хөдөлгөхөд гацаа үүсч байна. “Таван толгой”-г аваад үзэхэд хөрөнгө оруулалт авах бүрэн боломжтой гэж ярьж байгаа боловч өнгөрсөн Засгийн газар 2015 Хятадын үл мэдэх компанитай гэрээ байгуулаад Баруун цанхийг үнэгүй шахуу өгчихсөн байх жишээтэй. Одоо энэ гэрээ хөрөнгө оруулалт татахад маш том асуудал болон гарч ирж байна. 

Ийм асуудлуудыг нэг нэгээр нь шийдэж Монгол руу оруулах долларын урсгалыг эрчимжүүлнэ. Хэрэв “Таван толгой”-н гэрээ амжилттай болбол 4 тэрбум ам.доллар, ТЭЦ 5 төсөл хэрэгжвэл 1.5 тэрбум ам.долларын урсгал ирнэ. 

Ам.долларын ханш өмнөх эдийн засгийн хүндрэлийн үед 1,300-1,700 руу унасан ч эргээд чангарсан. Томоохон төслүүдийг хөдөлгөж, бодлогоо зөв хэрэгжүүлбэл эдийн засаг хурдан хугацаанд буюу энэ жилдээ ч сэргэх боломжтой” гэв. 

 

Хэлэлцүүлгийн үргэлжлэлийг тун удахгүй хүргэх болно

Гэрэл зургийг Г.Өнөболд MPA.mn