Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Эрдэнэбат: Грект хэрэгжүүлсэн “Стэндбай” хөтөлбөр үндсээрээ буруу байсан

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 8 сарын 23
iKon.MN
 
Ч.Хашчулуун

Монголын шилдэг эдийн засагчид өнөөдөр цуглаж эдийн засгийн хүндрэл ба түүнээс гарах гарц, шийдлийн асуудлаар хэлэлцлээ.

/Энэ талаарх эхний сурвалжлага унших бол ЭНД дарна уу/.

Уг хэлэлцүүлгийн үеэр эдийн засгийн хүндрэлээс олон улсын байгууллагуудын тусламжтай гарч болох тухай доктор Ч. Хашчулуун “Олон улсын байгууллагатай хамтран ажиллах талаар” сэдвээр илтгэл тавилаа. Энэхүү илтгэл болон илтгэлийн үеэрх хэлэлцүүлгээс бид онцлох байр сууриудыг хүргэж байна. 

Ч.Хашчулуун Монгол Улсын эдийн засгийн байдал хүнд байгаа учраас ОУВС-гийн өгдөг зээлд хамрагдах нь эдийн засгийг сэргээх нэг арга гэж үзэж байгаагаа дурдсан.

Ч.Хашчулуун доктор илтгэлдээОУВС бүх дүрэм журмаа 2011 оноос эхэлж зөөлрүүлсэн. Тогтвортой хөгжлийн бодлогыг баталсан улсуудад зориулсан дэмжлэг хүртэл гаргасан. Концессийн тусламжийн тухайд ядуу буурай орнуудад өгөх хөнгөлттэй зээлийг 50 хувиар нэмсэн байгаа” гэдгийг онцлов.

Мөн “ECF”, “Стэндбай”, “Rapid guide” бүгд байгаа. Эдгээрийг авах эсэх нь тухайн улс орны асуудал болж байгаа юм.  Хамгийн үр дүнгээ өгсөн нь ОУВС-ийн “Стэндбай” хөтөлбөр хэмээсэн юм.

Түүний илтгэлийн дараа эдийн засагчид тал талын байр суурь илэрхийлэв. Тэднээс ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь сөрөг нөлөөтэй тухай Монгол Улсын Их Сургуулийн багш, доктор, профессор Б. Эрдэнэбат үг хэллээ.

 
Б.Эрдэнэбат

Тэрбээр “Нэгдүгээрт. ОУВС-гийн хамгийн сүүлд Грект хэрэгжүүлсэн “Стэндбай” хөтөлбөр үндсээрээ буруу байсан гэдгийг бид хүлээн зөвшөөрсөн. ОУВС-гийн хөтөлбөрүүдийг ерөнхийд нь үзвэл тухайн хэрэгжүүлсэн улсуудын эдийн засгийн нөхцөл байдал өмнөхөөсөө буурсан дүгнэлт гарсан.

Хоёрдугаарт. ОУВС-гийн оролцоо тухайн улсын дотооддоо хуулиа дээдлэх дэг журмыг алдагдуулж, ардчилалд сөргөөр нөлөөлдөг гэж үзсэн.

Энэ байгууллага өөрийн гэсэн дотоод бодлого, сонирхолтой. ОУВС-д ажиллаж байгаа хүмүүс ч өөрийн гэсэн хувийн эрх ашигтай хүмүүс байдаг. Тэгэхээр энэ байгууллагаас өгч байгаа мөнгө, төр, эдийн засагт үзүүлж байгаа нөлөөнд автах вий. Юм л бол зээл тусламж хүсээд байвал бидний дотооддоо бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хянах, хариуцлага тооцох тогтолцоо алга болно” гэв.

 
Н.Энхбаяр

Харин эдийн засагч Н.Энхбаяр“Үүнтэй холбоотой өнгөрсөн жилийн нэгдүгээр сард УИХ хямралаас гарах хөтөлбөрөө баталж, Засгийн газар ОУВС-д хүсэлт гаргасан боловч манай эдийн засгийн төв байгууллагуудын нэг татгалзсаны улмаас энэ байгууллагаас зээл авахаа цуцалсан.  Энэ хөтөлбөрийн нөлөөнд авталгүйгээр татгалзсан. Тэгвэл өнгөрсөн жил манай эдийн засаг сайжирсан уу. Муудсан уу? Бидний чадавхи сайн байсан бол дотооддоо арга хэмжээ аваад залруулж байх ёстой байсан. Гэтэл нэг жил хагасын хугацаанд ийм зүйл хийж чадаагүй. Гадны тусламж ч байхгүй, дотоодын эдийн засгаа сайжруулах чадавхи ч байхгүй учраас эдийн засаг унахаас өөр аргагүй” гэж үзэв.

Хэдийгээр эдийн засагчид эерэг, сөрөг байр суурь илэрхийлж байсан ч дийлэнх нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нь эдийн засгийг сайжруулах гарц гэдэгтэй санал нийлж байв.