Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хашчулуун: Ашиг сонирхлын зөрчилгүй ОУВС-г сонгох нь зүйтэй

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг \mpa.mn\

Монгол Улсын эдийн засгийн хүндрэл, түүнээс гарах арга замын талаар МУИС-ийн доктор, эдийн засагч Ч.Хашчулуунтай ярилцлаа.

-Сангийн шинэ сайд Б.Чойжилсүрэн хэд хоногийн өмнө Монголын эдийн засаг хүндэрсэн тухай мэдэгдэл хийсэн. Түүний мэдэгдэлд хүмүүс эерэг ба сөргөөр хандаж байна. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Сангийн сайдын танилцуулсан мэдээлэл манай бодит байдлыг л харуулж байгаа. Өнгөрсөн саруудад яагаад энэ тоог ярьдаггүй байсан бэ гэвэл тухайн үеийн эрх баригч нам мэдээллээ олон нийтэд цацахад төвөгтэй байсан байх. Сонгууль ойртож байсан учраас янз бүрийн муу мэдээг олон нийтэд түгээхгүй байх сонирхолтой байсан биз.

Бодитоор бол манай төсвийн алдагдал их өндөр, эдийн засгийн байдал хүнд байгаа. Эмчилгээ хийхэд эхлээд оношоо зөв тавих ёстой. Түүнээс биш бүх юм сайхан байна гэж ярьж байтал гэнэт хямрах юм бол бүр аймшигтай юм болно.

Тиймээс эхнээсээ санхүүгийн байдал хүнд байна гэдгийг бүгдээрээ ойлгож, ижил мэдээлэлтэй байх ёстой.

Яагаад ийм болчихов гэдэг нь тусдаа асуудал. Ямар ч байсан манай байдал хүндрэлтэй байгааг эхлээд хүлээн зөвшөөрч, дараагийн ээлжинд энэ хүндрэлтэй байдлаас яаж гарах вэ гэдэг асуудлыг ярих нь зөв.

-Та оношоо юу гэж тавих вэ. Монголын эдийн засгийн хүндрэлийн гол шалтгааны тухайд?

-Манай эдийн засгийг хоёр том хэсэгт хувааж үзвэл нэг нь бодит эдийн засаг нөгөө нь санхүүгийн зах зээл. Бодит эдийн засгийг аваад үзвэл манайд малын тоо нэмэгдэж, зэсийн олборлолт өсөж, зам, дэд бүтцийн барилга байгуулалт явагдаж байна. Энэ утгаараа үзвэл нэгдүгээр улиралд бодит эдийн засгийн өсөлт гурван хувьтай байсан. Мэдээж 2011-2012 оны өсөлтөд хүрэхгүй ч гэсэн гурван хувь гэдэг тийм ч муу үзүүлэлт биш. Цаашид оны сүүлээр нийт ДНБ-ий өсөлт 1.3 хувьтай гарна гэсэн тооцоо байгаа юм билээ. Тэглээ ч гэсэн тэр бол 2009 оны -1.6 хувийг бодвол өсөлт байна гэсэн үг.

Эдийн засгийн өсөлт:

Бодит эдийн засгийн хувьд таатай сайхан нөхцлүүд байна гэж хэлэхгүй. Худалдаа, барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт хүнд байдал ажиглагдаж, чанаргүй зээл өсөж байна. Гэхдээ ямар ч байсан өсөлттэй л байгаа.

Жинхэнэ хүндрэл хаана байна вэ гэвэл төсөв, мөнгөний хүрээн дээр байна. Тиймээс бид төсөв, мөнгөний асуудлаа онцгойлон ярих хэрэгтэй.

-Төсөв хүндэрсэн учраас ОУВС-ийн тусламжийн хөтөлбөрт орох хэрэгтэй гэж байна. “Стэнд бай” зөв сонголт байж чадах уу. Өөр ямар боломжууд байна вэ?

-Хэд хэдэн төрлийн тусламжууд байж болно. Нэг нь ОУВС-ийн зорилтот хөтөлбөр буюу “Стэнд бай”. Бүтэн нэрээрээ бүтцийн өөрчлөлт, эдийн засгийн зохицуулалтын дунд хугацааны хөтөлбөр юм.

Хөгжиж байгаа улс аливаа хямралтай тулж болно. Хямрал нь хоёр төрөл байдаг. Нэг нь төлбөрийн тэнцэл. Гадагш их хэмжээний мөнгө урсаж гарснаар улсын валютын нөөц хоосордог.

Нөгөө хямрал нь төсвийн хямрал.

Бид асуудлаа шийдэхийн тулд дэлхийн зах зээлээс мөнгө босгож болно. Гэхдээ Монгол Улс тэр боломжоо аль хэдийнэ 2012 онд ашиглачихсан. Одоо бид мөнгө босгох бус босгосон мөнгөө яаж төлөх вэ гэдэг асуудалтай тулгараад байна.

Хэрэв 2012 онд “Чингис бонд”-ыг зараагүй бол өдийд зарж болох байсан. Хийх ёстой алхмуудынх нь байр солигдчихсон гэж хэлж болно л доо.

Манайх ямар ч хэрэгцээ байхгүй байхад “Чингис бонд”-ын мөнгийг авч үрээд одоо төлбөрийн асуудалд орчихлоо. Ихэнх орнууд хямралтай тулгарвал гаднаас мөнгө зээлдэг. Тэгвэл манайд одоо тийм боломж хомс байна.

Хоёрдугаарт ямар нэгэн улсаас тусламж гуйж болно. Нэг улсаас тусламж авах нь байж болох хувилбарын нэг ч улсын тусгаар тогтнол зэрэг асуудлаа бодвол хүсээд байх зүйл биш.

Хамгийн нейтрал буюу ашиг сонирхлын зөрчилгүй байгууллага бол ОУВС юм.  ОУВС-тай Монгол Улс бусад улсын адил хандаж тусламж авах эрхтэй. Учир нь Монгол ОУВС-ийн гишүүнийхээ хувьд тодорхой хэмжээний мөнгийг квотынхоо хүрээнд ямар нэг нөхцөлгүйгээр авах бололцоотой. Квотоосоо хэтэрсэн бол ОУВС-гаас нэмж мөнгө зээлж болно.

Үүний хариуд ОУВС-гаас системээ эрүүл болгох шаардлага тавьж, тусламж үзүүлдэг. Энэ бол эдийн засгаа эрүүлжүүлэх бодлого юм.

-2017 оноос төлж эхлэх ёстой өр төлбөрүүдээ төлөх чадвар Монголд бий юу?

-Одоогийн нөхцөл байдалд шууд төлөх боломжгүй. Гэхдээ ОУВС болон донор улсуудын тусламжтайгаар төлж болно. Тэгэхээр боломжгүй биш боломжийг бий болгож төлнө гэсэн үг. Ингэхийн тулд зохион байгуулалт хэрэгтэй.

Нэгдүгээрт олон улсын доноруудад хандаж асуудлаа танилцуулах нь чухал. Бидэнд тусламж үзүүлээч гэж хандаж болно. Ялангуяа хүлээгдэж буй бондын төлбөрөө зохицуулахын тулд донор улсуудаас мөнгө авах боломжтой.

Монгол Улсын нийт гадаад өр:

Энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсын нийт гадаад өр 23,5 тэрбум ам.доллар буюу өнөөгийн ханшаар тооцвол 49,7 их наяд төгрөг буюу энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 210 хувийг даваад байна.

 

Гэхдээ тэд мөнгө өгөхдөө өөрсдөө эдийн засгаа хөгжүүлж, мөнгөө хуримтлуулах, хуримтлуулж чадахгүй бол анхнаасаа битгий тэгж их зээл авч бай гэсэн шаардлагыг тавина. Энэ чинь эрүүл яриа байхгүй юу. Байдаг л зүйл. Нөгөө талаас манай бондыг авсан байгууллагуудтай харилцах хэрэгтэй. Тэд санаа зовж байгаа байх л даа.

Хэрэв Монгол Улс цаг хугацаандаа төлбөрөө төлөх боломж муутай байгаа бол хөрөнгө оруулагчидтайгаа хэлэлцээр хийж болно. Хэлэлцээрийн үр дүнд төлөх хугацааг тодорхой хэмжээнд хойшлуулах, төлбөрөө хэсэгчлэн төлөх, хүүгийн хөнгөлөлт үзүүлэх боломжийг ярих хэрэгтэй. Тийм хэлэлцээрийг огт эхлээгүй. Бүх улс тийм хэлэлцээр хийдэг. Монгол улс дангаараа бонд зээлдэг улс биш. Бондны асуудалтай тулгардаг цорын ганц улс Монгол биш. Энэ бол хэвийн л яригддаг зүйл. Санхүүгийн зах зээл дээр бүх зээл амжилттай явагдана гэж байхгүй. Тодорхой хэмжээний эрсдлүүд бий. Тэр эрсдлийг бууруулахын тулд бид юу хийх ёстой вэ гэдгийг эртнээс тохирох нь зүйтэй.

-“Стэндбай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх санаа өмнө нь гарч байсан. Гэтэл зарим эдийн засагчид эдийн засгийг борцлох үйл ажиллагаа, жижиг дунд бизнес эрхлэгчид, иргэдэд хүнд дарамт болно хэмээн эсэргүүцэж байсан?

-“Стэнд бай” хөтөлбөр гэдэг орлого, зарлагаа л зохицуулах асуудал шүү дээ. Мэдээж улсын зарлага буурвал тендерийн худалдан авалт, хөрөнгө оруулалт тодорхой хэмжээгээр багасна. Угаасаа санхүүжүүлж чадахгүй байгаа юм чинь яах вэ. Өрийн бичиг өгчихөөд хоёр гурван жил хүлээж бай гэх үү.

Мөнгөтэй бол ажлаа хийлгэнэ, мөнгөгүй бол одоохондоо ажлаа хийлгэж чадахгүй л гэж хэлнэ шүү дээ. Тэгэхээр хувийн хэвшлийг төр ажиллуулчихаад мөнгийг нь төлж чадахгүй бол төр улам их хохирно. Аливаа юманд шударга, нээлттэй л байх хэрэгтэй.

“Стэнд бай”-д хамрагдана гэдэг манайх бүх худалдан авалтаа зогсооно гэсэн үг биш. Улсын орлого дөрвөн их наяд байгаа. Бид үүндээ тохируулаад хийх ёстой юмаа хийж болно. Харин анхнаасаа илүү тооцоолсон долоон их наяд байхгүй учраас байгаа мөнгөндөө тохируулаад л ажиллах ёстой шүү дээ.

-Манай төр эдийн засагт хэр оролцож байна. Төрийн эдийн  засагт оролцох оролцоо ямар байвал хамгийн зохимжтой байдаг вэ?

-2005-2006 он хүртэл эдийн засагт төрийн оролцоо бага байсан. Миний бодлоор тухайн үед сонгодог зах зээл рүү их сайн явж байсан.

Манайхыг буруу голдрил руу оруулсан зүйл нь 2006 онд Ашигт малмалын хуулинд оруулсан өөрчлөлт байсан. Тэр нь юу вэ гэхээр том ордуудын тодорхой хувь нь төрийн мэдлийнх байх ёстой гэсэн заалт юм. Төр зүгээр л татвараа аваад явах боломжтой байсан юмыг төр өмчлөх ёстой гээд заачихсан. Төр өмчлөх ёстой гэхээр төрийн өмчийн үйлдвэрүүд борооны дараах мөөг шиг гарч ирсэн. Жишээ нь “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Таван Толгой”  гэх мэт. Эдгээр компани олигтой хийж байгаа юм байхгүй ч хүмүүс нь цалин авна, өшөө бүр зээл авна. Яг юу хийж байгааг нь хэн ч мэдэхгүй. Заавал байх ёстой юу гэвэл тийм биш.

20 жил “Эрдэнэс Монгол”-гүй Монгол Улс хөгжиж л байсан. Төрийн оролцоо тухайн үеэс өсөж, дараа нь бүр муудаж эхэлсэн. Хэзээ муудаж эхэлсэн бэ гэвэл төмөр замыг хувийн компаниуд барья гэтэл заавал улсын компани барина гээд “Монголын Төмөр Зам”-ыг байгуулсан. “Монголын Төмөр Зам” бол нэг ч км төмөр зам өөрөө бариагүй, шахааны байгууллага болоод хувирчихсан. Тэгээд л хувийн компаниуд төмөр зам барина гэхээр улсыг төлөөлсөн гээд “Монголын төмөр зам” ороод ирдэг. Тэр нь мөнгө ч байхгүй, мэргэжилтэн ч байхгүй цэвэр улсыг төлөөлсөн хэсэг хүмүүс.

“Монголын Төмөр Зам” бол нэг ч км төмөр зам өөрөө бариагүй, шахааны байгууллага болоод хувирчихсан

Үр дүнд нь төрийн өмч байгуулагдсан салбар бүр үндсэндээ хямарч эхэлсэн. Яагаад гэвэл төрийн компанийн сонирхол, салбарын сонирхол заавал нийцнэ гэсэн үг биш. Жишээ нь Сэлэнгийн 100 км хувийн төмөр зам байдаг. Энэ замыг барихад “Монголын Төмөр Зам” оролцоогүй ч одоо ажиллаж л байгаа. Тэгэхэд говийн төмөр замд “ Монголын Төмөр Зам” оролцож, тэр ажил нь найман жил саатлаа. Үүнд “Монголын Төмөр Зам” хариуцлага хүлээхгүй байгаа. Тэр ч бүү хэл маш их мөнгө үрэн таран хийгээд, үрэн таран хийсэн хүмүүс нь алга болж, Интерполоор хайгдаж байна.

Тэгэхээр төрийн оролцоо буруу тийшээ явах хандлага бий болж байна. Дараагийн ээлжинд төрийн таксины компани байгуулагдвал бид яах вэ. Заавал төрийн таксинд суух уу. Энэ мэтчилэн хуучин сэтгэлгээ алхам алхмаар буцах гээд байгаа юм. Тиймээс бид одоо байгаа төрийн өмчийн үйлдвэрүүдээ аль болох үр өгөөжтэй, үр ашигтай ажиллуулахын төлөө хувьчлах нь зөв байх. Жишээ нь МИАТ-ын 40-60 хувийг хувийг, “Монголын Төмөр Зам”-ыг татан буулгах, улсын банк байлгахгүй байх гэх мэт зарчмын асуудлууд байна.

-Төрийн компаниуд олширсон нь юутай холбоотой гэж та үздэг вэ?

-Төрийн компани байлгаад байгаа нь тухайн салбарт ажиллаж буй хэсэгхэн хүмүүсийн ашиг сонирхлын асуудал болоод байна. Тэндээ өөрийнхөө хүмүүсийг байлгаж, төрөөс мөнгө саагаад сууж байдаг. Дараа нь ямар ч хариуцлага байхгүй. Хийсэн юм ч байхгүй.

Ийм юмыг байхгүй болгож байж бид эдийн засгийн өсөлтөө зөв голдрилд оруулах байх. Тэрийг хийхийн тулд төрийн өмчийг яах вэ гэдэг зарчмын асуудлаа нэн богино хугацаанд шийдэх ёстой.

Мэдээж зах зээлд хувийн компаниудын хийж чадахгүй зарим зүйлүүд бий. Жишээ нь эрчим хүчний хуваарилалт, халаалт, бохир усны цэвэрлэгээ зэргийг хийхэд хэцүү. Үүнийг төрийн мэдлийн компаниуд хийх нь зөв.

Харин бусад зүйл дээр заавал төрийн компани байх шаардлагагүй. Зүгээр тарифийг нь хянаад, гэрээ байгуулах замаар хүндээ зориулсан үйлчилгээ үзүүлж болохгүй юм уу гэдэг. Үүнийг концесс гэж хэлж байгаа юм л даа. Концессийг манайхан хувийн компани өөрийнхөө мөнгөөр зам барих л гэж бодоод байдаг. Концесс гэж өргөн хүрээний асуудал. Яваандаа зам, барилга, сургууль, эмнэлэг гээд бүх зүйлийг концесст оруулах ёстой.

-Та шинэ Засгийн газрыг хамгийн түрүүнд ямар алхам хийгээсэй гэж бодож байна?

Салбар бүртээ хугацаа алдахгүй шийдэх зүйлүүд байгаа. Гэхдээ нийт эдийн засгаа хөдөлгөх, өсөлтийг нь сэргээх хэд хэдэн том төслүүд бий. Том төслүүдээ эхний ээлжинд шийдэж, нэг мөр болгох ёстой.

Салбар бүрт хийх ёстой нэг хоёр гол ажлаа сонгох нь зөв байх. Мянган юмыг биш. Манайх өнгөрсөн дөрвөн жил бүтэхгүй, хий хоосон зүйл хийх гэж их оролдсон.

МАН-ын хувьд мөрийн хөтөлбөр нь реалист талдаа байсан. Үйл ажиллагааны хөтөлбөр нь ч реалист байх ёстой гэж бодож байна.