Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 7 сарын 5
www.ikon.mn
 

 

Анхдугаар чуулганыг ШУУД дамжуулж байна. 

 

Өнөөдөр буюу долоодугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын долоодугаар Их Хурлын анхны чуулган эхэлж байна. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр "Эрхэм хүндэт иргэд, сонгогчид оо, УИХ-ын гишүүнд шинээр сонгогдсон гишүүд ээ. 

Монголын ард түмэн сонголтоо хийлээ. Энэ бол дээд шийдвэр. СЕХ УИХ-д сонгогдсон гэсэн гишүүдийн нэрсийг надад өргөн барьсан. Иймээс УИХ-ын анхдугаар чуулган хуралдуулахад бэлэн болж байна. 

Сонгуулийн ирц анх удаа өссөн дүнтэй гарсан. Сонгуулийн дүн гарах үйл явцыг тойрог, нэр дэвшигч тус бүрээр шууд дамжуулж харуулсан нь иргэд сонгогчдын талархлыг хүлээсэн" гэв.

Тэрбээр шинэ гишүүдэд захиж хэлсэн үгэндээ Хариуцлагын тухай хуулийг хэлэлцэх, мэргэжлийн Засгийн газар байгуулах, иргэдийн талархал хүлээж байгаа ажлуудын тасалдалгүй хөгжүүлэх, Монгол Улсын нээлттэй, тууштай төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах зэрэг асуудлыг хөндлөө. 

Үүний дараа Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн сонгуульд ялалт байгуулсан 76 хүний нэрсийг Ерөнхийлөгчид танилцууллаа. 

Түүний дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Лу.Болд нар сонгуулиар гарсан зөрчлийн талаар асуулт асууж СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хариуллаа. Тэрбээр "Сонгууль автоматжуулсан системээр явагдсан. СЕХ-ны төв серверт ирж байгаа дүнг дэлгэцээр шууд харуулсан. Энэ бол найдвартай. Мөн хурууны хээг бид найдвартай гэж бодож байна. Энэ нь өөрөө маш нууцын зэрэглэлтэй ТЕГ-т байдаг. 

Шилжилт хөдөлгөөнийг манай гишүүд сайн мэдэж байгаа. Өмнөх сонгуулиудаас харахад жижиг тойрог дээр харагддаг. Нийтдээ 18 мянган хүн шилжилт хөдөлгөөн хийлгэсэн. Нарийн тоо, мэдээлэл нь УБСЕГ-т хадгалагдаж байгаа" гэсэн юм. 

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийг яаралтай шинэчлэх шаардлагатай гэж үзэж буйгаа мөн илэрхийллээ. 

Асуулт асууж, хариулт авсны дараа УИХ-ын гишүүд тангараг өргөлөө. Тангараг өргөсний дараа УИХ-ын гишүүд гарын үсэг зурж, тугандаа мөргөлөө. Зургийг ЭНД дарж үзнэ үү. 

/Гэрэл зургийг MPA.mn/