Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдад Ж.Эрдэнэбатыг нэр дэвшүүлнэ

Б.Ану
2016 оны 7 сарын 5
www.ikon.mn
Зураг зураг

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж Ерөнхий сайдад хэнийг дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэнэ. Улмаар МАН-ын Бага хурлаас гарсан шийдвэрийг УИХ-д танилцуулж, УИХ-аас Ерөнхий сайдыг томилно.

Бидний авсан мэдээллээр Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд болох хамгийн магадлал өндөртэй хүн нь Сэлэнгэ аймгаас нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ж.Эрдэнэбат байгаа юм.

Харин Шадар сайдад У.Хүрэлсүхийн нэрийг дэвшүүлэхээр болсон байна. УИХ-аас Ерөнхий сайдыг томилсноор Ерөнхий сайд өөрийн кабинетаа бүрдүүлж УИХ-д оруулж ирдэг билээ. 

Ж.Эрдэнэбатыг МАН-ын залуучууд дэмжин түүний нэрийг санал болгожээ.  Түүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эсэхийг маргааш юун түрүүнд МАН-ын Бага хурал шийднэ.

Ж.Эрдэнэбатын намтар:

  • 1981-1991 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 10 жилийн дунд сургууль, 
  • 1992-1995 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль,  
  • 1997-1998 онд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, 
  • 2002-2004 онд Удирдлагын академи, 
  • 2003-2005 онд Хөдөө аж ахуйн их сургууль тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр.

Тэрбээр:

  • 1996-1997 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Сүүтэй” ХХКомпанид нягтлан бодогч, 
  • 1997-2000 онд Сэлэнгэ аймгийн Хянан шалгах хороонд байцаагч,
  • 2000-2004 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, 
  • 2004-2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч, 
  • 2005-2008 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2008-2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргаар томилогдон ажилласан.

Ж.Эрдэнбат 2012 оны Улсын Их Хурлын  зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Улмаар 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар томилоглдон ажиллаж байсан. 

2005 онд Санхүү, банкны тэргүүний ажилтан, 2005 онд Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2008 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2010 онд Алтангадас одонгоор шагнагдсан. Англи хэлтэй.