Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Архангай аймагт нэр дэвшигчид хэн нь хэн бэ?

С.Бадрал, iKon.mn
2016 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Архангай аймагт сонгуулийн сурталчилгаа хоёр өдрийн өмнөөс эхэлж, нэр дэвшигчид өрсөлдөөнд оржээ. Тэд тойргийн сонгогчиддоо мөрийн хөтөлбөрөө танилцуулж, өрх бүрийн хаалгыг тогшоод тун завгүй явна. Аймгийн төвүүдэд байрлах сурталчилгааны самбарууд дээр нэр дэвшигчдийн амлалт өгсөн зургууд өөдөөс мишээж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа нь хөвөрч эхлэв. Тэгвэл энэ удаагийн Архангай аймгийн сонгуулийг хэн өнгөлөхөөр байна вэ. Иргэд тэднийг хэрхэн хүлээн авч байгааг энэ удаад сийрүүлье.


Архангай аймагт Ардчилсан нам УИХ-ын сүүлийн гурван удаагийн сонгуульд 100 хувь ялалт байгуулсан. Харин энэ сонголт үргэлжлэх эс бөгөөс шинэ хүмүүс Архангайчуудыг төрд төлөөлөх эсэх нь 20 ч хүрэхгүй хоногийн дараа шийдэгдэнэ. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэг, хоёрдугаар, гуравдугаар тойрогт буюу Архангай аймагт долоон нэр дэвшигч өрсөлдөж байна.

Нэгдүгээр тойрогт Архангай аймгийн хойд сумд болох Булган, Өндөр-Улаан, Тариат, Хангай, Цахир, Чулуут, Жаргалант гэсэн долоон сум багтаж буй. Энд АН-аас Д.Ганхуяг, МАН-аас НАМЗХ-ны тэргүүн Г.Тэмүүлэн, МАХН-аас Архангай аймгийн Хүүхдийн төлөө төвийн дарга асан Ц.Цэдэндамба, Эх орончдын нэгдсэн эвслээс С.Заяадэлгэр нар учраа таарсан. Тэдний хувьд Архангай аймгийн гаралтай гэдэг ч нутгаасаа өмнө нь УИХ-д нэр дэвшиж байгаагүй шинэхэн хүмүүс юм. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг л гэхэд өмнөх хоёр сонгуульд нийслэлийн Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон. Тэрбээр “Хангайн бүтээгдэхүүнийг дэлхийд таниулна” гэх уриатайгаар төрсөн нутгаа зорьжээ. Түүний өрсөлдөгч нь НАМЗХ-ны тэргүүн Г.Тэмүүлэн. 2012 оны сонгуульд УИХ-д Архангай аймгаас нэр дэвшинэ гэх яриа байсан ч ах нартаа зайгаа тавьсан гэх мэдээлэл байдаг.

Гэхдээ тэрбээр оффшор дансны тухай хууль батлагдвал нэр нь татагдаж мэдэхээр нөхцөлд байсан. Учир нь “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн захирал асан Ч.Ганзоригийн ах Ч.Батзориг оффшор данстай гэх баримт Панамын материал дэлгэгдэх үеэр илэрсэн. Үүнээс үүдэж олигархиудыг төрөөс холдуулна гэх шүүмж олны дунд байсан ч биелэлээ олоогүй билээ. Тэрбээр МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан таван салбарын бодлогыг хэрэгжүүлэх бололтой. Нөгөө хоёр нэр дэвшигчийн тухайд битүү морьд. Өөрөөр хэлбэл, Архангайнханд тийм ч их танигдаагүй бололтой. Зарим иргэд Хүүхдийн төлөө газрын дарга асан Ц.Цэдэндамбыг л гадарлаж байгаагаас биш Эх орончдын эвслээс нэр дэвшигч С.Заяадэлгэр гэгчийг таних хүн ховор байна. Харин нөгөө хоёр тойрогт гал гарсан өрсөлдөөн явагдаж мэдэхээр байгаа юм.

Хоёрдугаар тойрог болох Архангай аймгийн Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Цэнхэр сумдад АН-аас УИХ-ын гишүүн Н.Батбаяр, МАН-аас Архангай аймгийн Засаг дарга асан Ё.Баатарбилэг, МАХН-аас Б.Ганцэцэг нар өрсөлдөж байна. Мөн “Архангайнхан клуб”-ын тэргүүн, улс төр бодлого судлаач Б.Мэндсайхан, Барилга технологийн коллежийн захирал Б.Мөнхзул нар энэ тойрогт хүч үзэж буй. Хуучин хүүгээс илүүтэй энэ жил шинэ хүмүүс энэ тойрогт өрсөлдөж байгаа нь өрсөлдөөнийг улам ч ширүүн болгож мэдэхээр байна.

Н.Батбаярын хувьд гудамж төслөөр нүүрээ тахалж байгаа ч сурталчилгааны нээлтийн үеэр Архангайчууд түүнээс амлалт нэхэж, 70 тэрбумын төсвөөр чухам юу хийсэн талаар тайлбар шаардаж байсан юм. Харин аймгийн Засаг дарга асан Ё.Баатарбилэгийн хувьд Цэнхэр сумын Орхоны Хөндийн алтны уурхайн лицензийн асуудлаар АТГ-т шалгагдаж улмаар жил гаруйн хугацаанд саатуулагдаж байсан нэгэн. Түүнээс гадна өнгөрсөн 2012 оны сонгуульд Н.Батбаяр, Б.Болор нартай өрсөлдөж ялагдал хүлээсэн. Мөн энэ хоёр эрхмийн эсрэг талд тун хүчтэй бие даагчид бий. Тухайлбал, “Архангайнхан клуб”-ын тэргүүн улс төр, бодлого судлаач Б.Мэндсайхан. Тэрээр нутаг руугаа чиглэсэн олон төсөл хөтөлбөрийг АН, МАН-ын акулуудаас өрсөн хэрэгжүүлж чадсан.

Түүнээс гадна бие даагч Б.Мөнхзулын хувьд нутагтаа элэгтэй нэгэн. Өнгөрсөн хугацаанд нутгийн иргэд, залуусаа дэмжин чамгүй олон ажлыг хийж байсныг зарим хүн мэднэ.

Эцэст нь гуравдугаар тойрог буюу Өгийнуур, Өлзийт, Хашаат, Хотонт, Цэцэрлэг, Эрдэнэмандал, Хайрхан, Батцэнгэл сумдад АН-аас УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, МАН-аас тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, МАХН-аас Н.Тамир нар учраа таараад байгаа юм. Тэдний дотроос хамгийн шаанстай нь Ж.Мөнхбат. Гэхдээ тэрээр өнгөрсөн сонгуулиар өвдөг шороодсон. Энэ удаад даагаа нэхэн “Төрд бөгсөө хавтайтал суусан” гэх үгний эзэн болоод буй Р.Гончигдорж гишүүнтэй өрсөлдөж байгаа юм. Р.Гончигдорж гишүүний хувьд олон жил төр түшилцэж яваа нэгэн. Түүнийг хүмүүс тэтгэвэртээ гарах болсон гэж шүүмжилдэг ч тэрээр нутгийнхаа залуустай хүч үзэхээс огт татгалзаагүй. Ямартай ч Архангайд нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны хуулийн хугацаа эхэлсэн тул өрсөлдөөнөө эхлүүлжээ.