Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Торгоны зам тодрох нь

Г.Байгаль, Засгийн газрын мэдээ
2016 оны 6 сарын 15
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

АСЕМ айлсаж, нийслэл өнгө засаж байна. Төв талбайд төрийн далбайнууд намирч, тив, дэлхийн нэгдлийг илтгэн, нийслэлчүүдтэй “мэндчилж” буй. АСЕМ-ийг угтсан уулзалтууд эхэлж, Ази, Европын дээд түвшний чуулганы уур амьсгал хэдийн бүрджээ.

Өнгөрсөн долоо хоногт АСЕМ-ийн Сангийн сайд нарын уулзалт нийслэлд болов. 40 гаруй орны мөнгөний бодлого тодорхойлогчид чуулсан энэ уулзалтыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нээсэн. Засгийн газрын тэргүүн энэ үеэр Монгол Улс тив холбосон зангилаа байх боломж бас хүсэл буйг илэрхийлэв.

Мөн ирэх сард эхлэх үндсэн чуулганы үеэр өгүүлэх гол санаагаа ч ийн ил болголоо.

АСЕМ-ийн уулзалтын үеэр дэлхий дахинд хоёр тивийн гүүр болохоо батлан харуулахаар зорьж буй.

Монгол Улс далайд гарцгүй хэдий ч хоёр тивийг холбодог. Энэ сул бөгөөд давуу талаа манай улс ашигтай ашиглахыг хүсдэг. Иймд АСЕМ-ийн уулзалтын үеэр дэлхий дахинд хоёр тивийн гүүр болохоо батлан харуулахаар зорьж буй. Өөрөөр хэлбэл, энэ хүсэл нь улам ч асаж байна.

2016 оны зургаадугаар сарын 6. Энэ өдрийн Засгийн газрын хуралдаанаар нэгэн хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг Гадаад хэргийн сайдад олголоо. Узбекистаны нийслэл Ташкент хотод энэ сарын 23-нд Монгол, ОХУ, БНХАУ-ын удирдагчдын уулзалт болно. Энэ үеэр Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт

Монголыг төлөөлж газрын үсэг зурах үүргийг Л.Пүрэвсүрэн сайдад даалгав. Ингэснээр хоёр гүрэн цаашлаад тив дамнах дэд бүтцийн сүлжээний ажил илүү албажих юм. Монгол гэлтгүй улс орнууд тив дамнасан дэд бүтцийн сүлжээ байгуулахаар зорьж буй.

Тухайлбал, манай улс “Талын зам”-ыг танилцуулж буй бол БНХАУ “Нэг зам, нэг бүс”, ОХУ “Евразийн эдийн засгийн холбоо” төслийг санаачлаад байна. Нэр өөр эдгээр санаачилга агуулга хийгээд учир холбогдлын хувьд нэг. Иймд ОХУ, Монгол, Хятад улс нэгдэж, “Эдийн засгийн коридор” байгуулахаар тохирсон.

Мөн энэ “зөрлөг”-өө буй болгох хөтөлбөр боловсруулж буй. Тус ажлыг Монголын талаас Гадаад хэргийн яам ахалж буй бол Хойд хөршийн Эдийн засгийн хөгжлийн яам, Хятадаас Хөгжил шинэтгэлийн хороо удирдаж байна.

Хөтөлбөрийн талаар 32 төслөөс бүрдэж буй гэснээс өөр нарийн мэдээлэл одоогоор алга. Холбогдох албаныхан ч энэ хөтөлбөр нууцын зэрэглэлд хамаарч буйг мэдэгдсэн. Гэхдээ Зам тээврийн сайд М.Зоригтын “Mongolian Mining Journal” сэтгүүлд өгсөн ярилцлагын зарим хэсгийг эшлье.

М.Зоригт сайдын ярьснаар Эдийн засгийн коридорыг төв, баруун, зүүн гэсэн гурван чиглэлд байгуулахаар төлөвлөжээ. Чиглэл бүр авто болон төмөр замаар холбогдоно. Тухайлбал, зүүн чиглэлд Эрээнцав-Чойбалсан-Баруун-Урт-Бичигтийг холбосон авто зам тавихаар яригдаж байна. Харин төмөр замын хувьд Чойбалсан-Хөөт-Бичигтийг дамжина.

Харин баруун зүгт Арц-суурийн боомтоос урагш Хятадын Шинжаан-Уйгарын автономит орон руу чиглэсэн төмөр зам тавина. Тэгвэл авто зам нь Цагаан нуур-Өлгий-Ховд-Булганыг дайрна. Үүнээс гадна төвийн чиглэлийн авто зам хэдийн зурайсан. Энэ нь 2014 онд гурван улсыг холбож буй хатуу хучилттай авто зам.

Энэ замаар ачааны тээвэр хийх саналыг Монгол Улс гаргаад буй талаар Зам, тээврийн сайд хэлжээ. Тэгвэл санал нь ч биелэл болж, авто замын транзит тээврийн туршилт эхлүүлэх гэж байна. 2016 оны наймдугаар сарын 13-нд гурван улсын ачааны машин, албаныхан, цагдаагийн хамгаалалтаас бүрдсэн цуваа Хятадын Тяньжинаас хөдөлнө.

Улмаар Монголоор дайрч, ОХУ-д хүрэх ачаа тээврийн анхны туршилт эхлэх аж. Ийм нэгэн замын зураг цаасан дээр хэдийн буужээ. 2,100 километр урт энэ “аялал”-д албаныхан явна. Энэ нь учиртай.

Зам, тээврийн яамны Авто тээврийн хэлтсийн дарга Т.Зулзүсэмийн хэлснээр транзит тээвэрт тулгарах саад, сорилтыг танадаж, засч, сайжруулах чиглэлд анхаарах зорилготой аж.

Энэ оны эхний улирлын байдлаар Орос, Хятадын худалдааны эргэлт 3.6 хувиар өсөж, 91.77 тэрбум юаньд хүрчээ. 

Мөн тэрбээр Монголын нутгаар транзит тээвэр хийхэд зам дагуух зочид буудал, зоогийн газар, засварын цэг зэрэг үйлчилгээний газар, шугам сүлжээ дутмаг байгааг дурдсан.

Монгол Улс яг ийм туршилтын тээвэр хийх саналыг сүүлийн 10 гаруй жил гаргажээ. Г эвч энэ урт хугацаанд урагшлаагүй тээвэр тун удахгүй эхлэх гэж байна. Энэ бол дээр өгүүлсэн тив, дэлхийг хэрсэн дэд бүтцийн сүлжээний нэг “шугам” нь. Зөвхөн авто замаар ачаа тээхэд Монгол Улс багагүй ашиг хүртэх боломж бий. 

Сүүлийн жилүүдэд хоёр хөршийн хоорондох худалдаа улам тэлж буй. Энэ оны эхний улирлын байдлаар Орос, Хятадын худалдааны эргэлт 3.6 хувиар өсөж, 91.77 тэрбум юаньд хүрчээ. Мөн 2020 он гэхэд худалдаагаа 200 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавиад буй юм. Тэгэхээр хоёр улсын хооронд ачаа зөөхөд л Монгол Улс хангалттай ашиг хүртэхээр байна.

Туршилттай зэрэгцээд Ташкентад Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр баталчихвал Монгол Улс хүссэн, хүсээгүй тив холбосон зангилаа болно. Зам, тээврийн яамнаас мэдээлснээр гурван улс хөтөлбөрт гарын үсэг зурснаар Эдийн засгийн коридор байгуулах бүтээн байгуулалтын ажил улам тодорно. Өөрөөр хэлбэл, санаачилга төдий бус шийдэл болон дэвших аж.

Тодруулбал, хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаа, хөрөнгө оруулалт нь тодорхой болно. Замын зураг нь зурагдаад эхлэхээр бүтээн байгуулалт эрчимжинэ. Ингэснээр дэлхийн худалдаа эргэлтийн 70 гаруй хувийг бүрдүүлдэг хоёр тивийн худалдаа ч Монголоор дамжина.

Энэ мөнгөний эргэлтээс бид ч жишиг хүртэж, хоёр тивийн хооронд хэдэн зууны турш жин тээсэн Торгоны замын мөр улам тодрох гэрэлтэй мэдээ батлагдаж байна.

Зураг