Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Манжийн үед 10 сая, өнөөдөр 400 сая хонины өртэй бид

Зууны мэдээ
2016 оны 6 сарын 7
polit.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Францын жуулчин Ё.Гюктай Орост 1844 онд уулзсан Хятадын нэгэн худалдаачин хэлэхдээ “Та бидний мэргэжил бол Монголчуудыг идэхийн тулд адилхан тийм үү?  Та нар уншлагаараа иддэг, би наймаагаараа, зээлийн хүүгээр иддэг. Худалдаачид бид Монголчуудыг үс арьстай нь залгиж байна. Та Монголчуудыг ер мэдэхгүй байна.  Харахгүй байна уу, тэд чинь бүгдээрээ ер хүүхэд шиг улс... Монголчуудын өр гэдэг ер дуусашгүй зүйл. Өр нь үеийн үед ач гучдаа шилжиж байх зүйл. Аяа, Монголын өр гэгч юутай сайхан зүйл гээч. Энэ ч ёстой алтан хайрцаг гэгч дээ” хэмээн хэлснийг манай нэгэн түүхч бичин үлдээжээ.

Бага байхад дунд сургуулийн түүхийн хичээл дээр “Гадаад дотоодын шунахай худалдаачид, баяд, ноёдын дарлал, мөлжлөгийн эсрэг ард түмэн тэмцэж хувьсгал хийсэн” гэж үздэг байсан нь миний санаанд тод үлдсэн. Харийн, гадны түрэмгийлэгчдийн хувьд бол ойлгомжтой. Харин дотоодын дарлан мөлжигчид гэж хэн билээ, Монголчууд яагаад бие биеэ дарлах ёстой вэ гэсэн бодол 13 настай бяцхан хүүд асуулт болон үлдэж байсан юм.

1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны ардын хувьсгал хоёулаа гадаадынхны мөлжлөг, дотоодын дарангуйллын системийг түлхэн унагаах зорилготой гарч, үүргээ гүйцэтгэсэн юм. Гадна, дотны дарангуйлагчид тус тусдаа ажиллаж байсан уу гэвэл үгүй. Дотоодын зарим нэг урвагч этгээд Монголын ард түмнийг дарангуйлан мөлжих, үндэсний баялгийг цөлмөн хоослох тал дээр гадныхантай гадаад өрийн нөхцөл байдал нь 1911 оны үеийн өр зээлийн асуудалтай тун ижил нөхцөл байдал үүсээд байна.

Таван толгойг тойрсон асуудлууд, Оюутолгойн Дубайн гэрээг үзэглэсэн нөхцөл, өдрөөс өдөрт өсөн нэмэгдэх өр, зээлийг харахад манай зарим нэг эрх баригч гадныхантай амь, агаар мэт байдаг мэт. 1911 үндэсний эрх чөлөөний хувьсгал гарсан шалтгаануудын нэг нь Монгол Улс гадаад өрийн дарамтад орсон явдал байсан юм.

Тухайн үед хятадын худалдаачид нутгийн ноёд, түшмэдүүдийг хахуульдан дотор газраас авчирсан цай, бөс даавуу, эд барааг монголчуудад өндөр үнээр “шахаж” зээлээр өгсөн бараандаа 2-3 дахин нугарсан хүү тооцдог байсан ба хошууны ноёдтой үгсэн хуйвалдах замаар энгийн ардуудад өрийн хатуу болзол тулган хүлээлгэх, албадан төлүүлэх, мөн хошуу ноёд ч өөрсдийн тавьсан өрийг ард, иргэдээрээ төлүүлэх бусармаг ажиллагааг төрийн нэрээр лан мөнгөний үнэтэй байсан ба худалдаачид зээлдүүлэхдээ үнэнд нь 1 хонь (2-3 лангийн үнэтэй) авахаар тохирч, нэг жилийн хүүд нь мөн нэг төлөг авна. 

Хэрэв зээлдэгч жилийн дараа төлж чадахгүй бол хүүнд авах төлгийг эх болгож, цааш нь бас хүү үржүүлнэ. Арьс шир, ноос зэрэг түүхий эдэд ч ийм журмаар хүүнээс хүү үржүүлж, нэг нэхийний хүүд заримдаа 2-3 нэхий хүртэл авдаг байжээ.

Хятад худалдаачид монголчуудаас мөлжиж авсан малынхаа заримыг нь нутагт нь адгуулан ашиг шимийг нь авдаг болсноос хувьдаа малтай хятадууд олширч монгол эхнэр авч, мал маллан амьдрах нь ихэссэн байна. Зарим худалдаачин “хүчний хүн” гэж нэрийдсэн ядуу монголчуудыг зарцлан малаа маллуулдаг байсан. 

Эдгээр гадны мөлжигчид манай бэлчээрийг ашиглачихаад төлбөр төлдөггүй байсан. Тухайн үед албаны өр, амины өр гэж байсан ба албаны өрийг ч, эрх мэдэлтэй ноёдын амины хэрэгцээнд тавьсан өрийг ч ард иргэд төлөх болдог байсан. Хятад худалдаачдын хувьд эрх мэдэл бүхий этгээдүүдэд алба, амины хэрэгцээнд нь их хэмжээний зээл “шахаж” хошууны харьяат ардуудаар төлүүлэх гэрээг хийдэг байсан нь тун ашигтай бөгөөд амархан мөлжлөгийн хэлбэр байсан байна.

Өрийн шийдлийн зарлигт зээлээ төлж чадахгүй болсон ардуудын өрийг хамаатан саднаар нь, сураггүй болсон, нас барсан хүмүүсийн өрийг хошууны харьяат ардуудаар төлүүлэх журамтай байсан байна. Хятад худалдаачин Баянсан, Далай нар “Бид таван лангийн оронд арван лан, арван лангийн оронд хорин лан авдаг заншилтай. Бид илүү авсан мөнгөний хэдэн хувийг хэрэг шийтгэх ноёнд барьдаг” хэмээн хэрхэн авлига хээл, хахуулиар өрц зээлийн асуудлаа шийддэг байснаа түүхэнд тэмдэглэн үлдээжээ.

Тухайн үед Монголын зарим нэг улсаа худалдсан, ноёд, нөлөө бүхий баячууд Бээжинд өөрийн байшин, эдлэн газартай байсан нь манай өнөөгийн зарим нэг эрх баригчдын гадаадад, оффшор бүсэд данстай, үл хөдлөх хөрөнгөтэй байгаатай адил юм.

Хятадын худалдаачид өрийнхөө хүүг л хураан авч, эх өрийг нь тогтмол орлогын эх булаг болгон хэвээр нь байлгахыг эрмэлздэг байсан төдийгүй монголчуудыг туйлын ядуу, мунхаг байлгаж бүх түүхий эд, баялгийг нь маш хямдаар, эсвэл үнэгүй авч байх бодлогыг барьдаг байсан юм.

Монголын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн энэ гадаад өр, гадаад дотоодын шунахай этгээдүүдийн хуйвалдаан, дарлал, мөлжлөг авилгалын энэ асуудлууд та бидэнд өнөөдөр танил биш байна гэж үү. Надад бол дэндүү танил байна!

Түүхэнд Ховдын хязгаарын “Цэцэг нуурын дугуйлан” хэмээн алдаршсан Ард Аюушийн хөдөлгөөн нь чухамдаа л Хятадын шунахай худалдаачид болоод тэдэнтэй үгсэн хуйвалдаж ард иргэдээ давхар мөлжиж байсан хошуу ноён Маньбадар гүнгийн үйл ажиллагааг эсэргүүцсэн, гадаад өрийн дарамтыг сөрөн зогссон ард түмний тэмцэл байсан юм.

1911 он гэхэд Монгол Улсын нийт гадаад өр 30 сая лан мөнгө хүрээд байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тухайн үед нэг хонь гурван лан мөнгөний үнэтэй байсан гэж үзвэл нийт 10 сая хонины өртэй байсан байх нь. Харин өнөөдрийн байдлаар бид хамгийн багадаа 24 тэрбум долларын гадаад өртэй байна. Нэг хонийг өнөөдрийн ханш $60 доллараар (120 мянган төгрөг) тооцвол өнөөдөр манай улс ойролцоогоор 400 сая хонины өртэй байна.

Гэтэл бид ердөө 55 сая толгой малтай, үүнээс хонь 24 сая. Ямартай ч бид өнөөдөр Манжийн дарангуйллын үеийнхээс 40 дахин их гадаад өрийн дарамтад амьдарч байна. Эдийн засагт орж ирж буй $1 Доллар тутам бид $4.5 доллар зарцуулж байгааг харахад өртэй байхаас ч аргагүй, ямар гээчийн гаж тогтолцоо, хаанахын хэний бодлого вэ гэж бодогдмоор.

Өнөөдрийн Монголын нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөлийг харахад аль 170 гаруй жилийн өмнө тэр нэгэн хятад худалдаачны хэлсэн “Монголчуудын өр гэдэг ер дуусашгүй зүйл. Өр нь үеийн үед ач гучдаа шилжиж байх зүйл. Аяа, Монголын өр гэгч юутай сайхан зүйл гээч” гэх үг дахин биеллээ олох нөхцөл бүрэлдэж байна уу даа гэмээр.

Бидний өвөг, дээдэс шударга бус хууль цааз, харийн болоод дотоодын шунахай этгээдүүдийн үгсэн хуйвалдсан луйвар, мөлжлөгийг эсэргүүцэн тэмцэж өрийн дансыг шатааж өөрсдийгөө болоод үр хүүхэд биднээ гадаад, дотоодын мөлжлөгөөс чөлөөлсөн. Харин бид яах вэ? Бид үр хүүхдэдээ өр үлдээх ёсгүй, тэдний ирээдүйг харлуулах эрхгүй. Бид ил далд мөлжлөг, дарангуйллыг хүлээн зөвшөөрөх ёсгүй. Бидэнд сонголт байна, сонголтоо зөв хийх цаг нь ч болсон. Асуудлыг ойлгодог, гарц гаргалгааг санал болгож байгаа нэр цэвэр хүмүүсээ сонгож итгэл хүлээлгэх цаг нь болсон байна.

 

Эдийн засагч Х.Батсуурь

Зураг