Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Жон Керри ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн нар хэлэлцээ хийлээ

ГХЯ
2016 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрригийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал эхлээд байна.

Айлчлал Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Кэрри нарын албан ёсны хэлэлцээгээр эхлэв. Хэлэлцээний эхэнд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн түншлэлийн түвшинд идэвхтэй хөгжиж, дээд, өндөр түвшний айлчлал тогтмолжиж буйг тэмдэглэн хоёр талын улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, бүс нутаг болон олон улсын хамтын ажиллагааны тухай санал солилцлоо.

 Сайд Л.Пүрэвсүрэн АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш болохыг тэмдэглэж, АНУ-ыг Монгол Улсын ардчилсан шинэчлэлт өөрчлөлтийг анхнаас нь дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв. Улс төр, батлан хамгаалахын харилцаа идэвхтэй хөгжиж байгаа ч эдийн засгийн хамтын ажиллагаа чамлалттай байгааг дурдаж, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжуудын талаар санал талууд солилцов.

Иргэд хоорондын харилцааг хөгжүүлэхэд Мянганы Сорилтын Корпорацийн нэг дэх компакт чухал нөлөө үзүүлсэн бөгөөд хоёр дахь компактыг Монгол Улсад хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн imageнь Монгол Улсын хөгжил, иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэхэд чухал болохыг онцолж, иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх саналыг Сайд Л.Пүрэвсүрэн Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэррид тавив.

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри Монгол Улс нь өөрийн улсад энхийн замаар ардчиллыг тогтоож чадсан төдийгүй дэлхий олон оронд ардчиллын үлгэр жишээ болж буйг онцлов. Мянганы Сорилтын Корпорацийн хоёр дахь компактыг Монгол Улсад хэрэгжүүлэх болсондоо таатай буйгаа Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри илэрхийлэн, хэрэгжих төсөл нь Монгол Улсын эдийн засгийн хөгжил, иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Мөн хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх бодит алхмуудыг хийх шаардлага буйг тэмдэглэв.