Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Тэр морийг унаагүй бол одоо гүйгээд явж байх байсан"

Б.Халиун, iKon.mn
2016 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Шагналын байд эзэмдүүлсэн уяачид, нэрээ дуудуулах гэсэн улс төрчид, компанийн захирлуудын хурдан морины уралдаан сүүлийн арав гаруй жилд унаач хүүхэд гэдэг шинэ мэргэжил үүсгэж зургаан хүүхдийн аминд хүрээд байна. 

17 настай Цэндсүрэнгийн Будгарав 2010 онд уралдааны үеэр мориноосоо унаж баруун гуяны ясаа бэртээжээ. Уяач Д нь тухайн үед эмнэлэгт аваачиж хийх ёстой эмчилгээг нь хийлгэлгүй тэмээний ноосоор ороож эдгээснээс болж жилийн дараа хүндээр үрэвссэн байна. Мөн 2009 онд моринд улаан нүүр лүүгээ өшиглүүлсэн ба уяач нь мөн л дур мэдэн эмчилж ээжээс нь асуулгүйгээр долоон ширхэг шүдийг нь авахуулжээ. 

Малгүй болж хотод ирсэн энэ айл хоёр хүүхдээ уяач Д-д морь унуулах гэрээ байгуулахдаа нэг хувийг нь өөрөө авах ёстой гэдгийг ч мэдээгүй байна. 

Уралдаанд түрүүлж амжилт гаргах гэсэн хүүхдийн гэнэн сэтгэлд дулдуйдан баяжих уяачид аль болох шүүхдэж, эрхээ хамгаалуулах хуулийн ойлголт мэдлэггүй ядуу айлын хүүхдийг сонгож морь унуулж байгаагийн нэг тод жишээ нь Будгарав болон түүний дүү Мөнх-Эрдэнэ нар юм. 

 

Будгаравын ээж Цэндсүрэн төрөлхийн хөдөлгөөний бэрхшээлтэй учраас ажил хийж чадахгүй халамжийн мөнгөөр болон аавынхаа тэтгэврийн мөнгөөр амь зуудаг байжээ. 2008 онд Монголын хамгийн алдартай уяач Д-д хоёр хүүгээ сарын 100 мянган төгрөгийн цалингаар унаач болгожээ. Тэр уяач нь Монголын уяачдад байж болох хамгийн том бүх цол гуншин хүртсэн алдартай нэгэн.  

Будгарав анхны дурлал, үерхэл болзоо гэж гүйж явах насандаа өвчин намдаах, мэдээ алдуулах эмэнд мансуурч таван жилийг эмнэлгийн тааз ширтэж өнгөрүүлжээ. 

Будгарав таван жилийг эмнэлгийн тааз ширтэж өнгөрүүлжээ. 

Хөлөө гэмтээхэд Д-ийн туслах уяач нь “гэрийнхэндээ хэлбэл ална шүү” гэж хүүг айлгасан учраас Будгарав ээждээ юу ч хэлсэнгүй. 
Халуун дулаан гэртээ, эцэг эхийн хайр энэрэлд өсөх учиртай хүүхдүүд огт танихгүй айлд амьдарч, уяачийнхаа хий гэснийг нь хийж хоолоо олж иддэг учраас хэлснээс нь зөрөх хүчгүй, өөрийгөө мэдэх эрхгүй уралдаанаас уралдаанд, аймгаас аймгийн хооронд явж, айрагдаж амжилт гаргах гэж байгаа бүхнээ зориулна.    

“Д уяач миний духан дээр тамхиа чүдэнз шиг зурж унтраадаг байсан” гэж Будгарав ярьсан юм.  

 
Эх нялхас-д долоон удаа хагалгаанд орж тэр тоогоор гуяны ясыг тайруулж хүү үүрдийн доголон болжээ. Эмч нар шүдээ авахуулсан нь ясны үрэвсэлд хүргэж, үрэвссэн байсан гуяны ясыг нь өвчлүүлсэн гэж дүгнэсэн байна. 

Хүүг анх олоход хөл нь ялзарч бие нь дийлэхгүй үхэхийн даваан дээр байсан. Бид аарцагны яснаас нь хэсгийг тайрч авч, хиймэл эдтэй нийлүүлж гуяны ясыг нь орлуулсан. Будгарав их цоглог, сэтгэлийн тэнхээтэй, чанга хүү болохоор хагалгаа сайн болж байгаа гэж хагалгааг нь үнэгүй хийж буй “Монгол Хьюндай” эмнэлгийн эмч н.Ариунхүү мэдэгдсэн юм. 

“Би уг нь ханиад ч хүрдэггүй эв эрүүл хүүхэд байлаа. Одоо өвчин намдаах эмнээс болж юмаа санахаа больсон. Тэр морийг унаагүй ч болоосой гэж боддог” гэж Будгарав ярилаа.  

Уяач Д мэдээж хүүгийн бэртлийг үгүйсгэж ээжийг нь үг хэлээр доромжилжээ. Хүүг хагалгаанд орсны дараа эхнэр нь хоёр удаа 100 мянган төгрөг өгчээ. 

Будгаравын дүү Мөнх-Эрдэнэ 14 настай уяач Д-д нэг ажиллаад больжээ. Өгнө гэсэн цалингаа өгөхгүй сард 30 мянга төгрөг өгдөг байсан болохоор гараад өөр уяачтай ажилласан байна.  Ах нь хэвтэрт орохыг хараад морь унахаа больсон ч Мөнх-Эрдэнэ ахынхаа эм тарианы мөнгийг олохоор яах аргагүй дахин нэг уяачийнд ажиллаж эхэлжээ. 

 

Гэвч Мөнх-Эрдэнэ 2013 онд хаврын уралдааны сунгаанд давхиж байхад морь нь мөсөн дээр халтирч морьтойгоо унаж газар тархи нь машины толь шиг цуурсан байна. Тархи нь гэмтсэн учраас Мөнх-Эрдэнэ ч гэсэн шинэ хичээл тогтоож чаддаггүй, хичээлдээ явах дургүй болжээ. Ялангуяа дуу чимээтэй орчинд толгой нь өвдөж, уур нь хүрдэг байна. 

Гэвч энэ ах дүү хоёр одоо болтол том болоод алдартай уяач болно гэж бодсон хэвээр. 

Мөнх-Эрдэнэ алдартай уяач болоод ээж ах хоёроо эмчлүүлнэ гэж мөрөөддөг.

Мөнх-Эрдэнэ алдартай уяач болоод ээж ах хоёроо эмчлүүлнэ гэж мөрөөддөг, Будгарав дүүдээ тусалж морины ажлыг нь хийнэ гэж боддог байна.

“Морио уралдуулаад шагнал авбал унаач хүүхдүүдээ сайн шагнана, унаж бэртвэл бүрэн эмчилж өгнө. Хамгаалалтынх нь хувцсыг байнга өмсгөдөг бас хичээлд нь явуулдаг, гэрт хариулдаг уяач болно” гэж Мөнх-Эрдэнэ ярьсан юм.  
 

НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгаагаар унаач хүүхдүүдийн дунд толгойн, ясны гэмтэл их ба өвөл хаврын уралдаанаар гэмтэх илүү өндөр аюултай гэж дүгнэжээ. 

Өлзийт, Багануур, Налайх дүүрэгт амьдардаг 500 гаруй унаач хүүхдийн дунд судалгаа хийсэн ба 124 нь уяачийндаа мөнгө олох гэж амьдарч ажилладаг хүүхдүүд байна. Тэд гэрээ санах, ээж аав найз нөхдөө үгүйлж ганцаардах нь их ба гэртээ амьдарч өөрийнхөө морийг унаж байгаа хүүхдүүдтэй харьцуулахад өөртөө итгэх итгэл харьцангуй доогуур, ганцаардмал, зориггүй, бухимдуу байдаг байна.  

“Уралдаандаа бэлдэх гэж хичээлээсээ чөлөө авдаг учраас сурлага нь муудаж үеийнхээ хүүхдүүдээс хоцорч сурах эрмэлзэлгүй болдог. Улмаар би ер нь морио унаад амьдарч болно гэж боддог. Гэтэл 13, 14 хүрч бие нь өсөөд ирэхээр мориндоо хүнддэж уяачийндаа морины ажил хийж өдөр хоногийг өнгөрөөдөг болсон хүүхдүүд их гэж” Өлзийт хорооллын багш нар ярьсан байна.  

Өнгөрөгч хоёрдугаар сарын 16-нд Цагаан хөтөлд болсон Дүнжингарав уралдааны үеэр 11 настай н.Алтаншагай гэдэг хүүтэй цухас ярилцлаа. Энэ уралдаанд орохын тулд хичээлээсээ долоо хоногийн чөлөө авчээ. Багахангайд уяачийндаа амьдардаг ба Архангайд гэр нь байдаг. Өөр нэг хүү сургуульдаа өвчтэй гэж хэлээд уралдаанд оролцохоор бэлтгэлээ хийсэн гэлээ. 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зөвшөөрсөн энэ уралдааны үеэр 16 хүүхэд мориноос унаж бэртэж, хоёр хүүхэд хөлөө хугалсан (ХЭҮК мэдэгдэл). Уралдааны үеэр хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангуулахаар очсон Хүний эрхийн комиссын ажилтнуудыг цагдаа нар гарааны зурхай оруулалгүй саад хийсэн байна. 

Өлзийтийн дунд сургуулийн нэгэн багш нэрээ нууцлан судалгааны багт ингэж мэдээлжээ. 

Өвөл хаврын уралдааны үеэр сургуулийн захиргаа хүүхдүүдэд чөлөө өгөхгүй гэж хичээдэг ч сургууль руу улс төрийн өндөр албан тушаалтнууд залгаж хүүхэд явуул гэж тушаадаг”. 

Өнөөдөр их хурлын гишүүдийн ес нь тод манлай уяач. Уяачдын холбоо гэдэг орон нутгийн эрчүүдийн танилын хүрээгээ тэлэх, улс төрд орохгүүр, эрчүүдийн томоохон сүлжээ болжээ.  Тийм ч учраас уралдааныг УИХ дахь хүний эрхийн хороо, Хөдөлмөрийн яам, Хүний эрхийн үндэсний комисс хамтран ерөнхий сайдыг Дүнжиргарав уралдааныг зогсоохыг шаардсаар байхад Монголын морин спорт уяачдын холбоо хийдгээрээ хийсэн билээ. 

УИХ-ын гишүүн Салдангийн Одонтуяагийн санаачлан батлуулсан Хүүхдийн эрхийн шинэ хуулиар өвлийн уралдааныг хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэж үзэн хүүхэд оролцуулбал, гэмтээвэл уяачийг нь хорих хуультай болсон ба ирэх есдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх юм.  

Зуны уралдаан ялгаагүй аюултай гэж Хүүхдийн төлөө байгууллагуудын холбооны тэргүүн Д.Авирмэд үзэж байна.

“Өвлийн уралдаан Монгол уламжлал биш гэдгийг судалгааныхан тогтоосон. Одоогийн энэ өвлийн уралдаан бол морио үнэ хүргэж зарах гэсэн уяачдын, улс төрчдийн бизнес. Дор хаяж 16 нас хүрсэн хүүхдээр унуулах нь зүйтэй”.

Хүүхдийг эцэг эхэд мөнгө төлж авч яваад морь унуулж хөдөлмөрийг нь мөлждөг явдлыг бүх нийтээрээ байж боломгүй явдал гэж боддог болсон цагт зуны уралдаанд хүүхэд оролцуулахгүй байх хуулийн төсөл УИХ-аар дэмжигдэх биз. Тийм учраас эхний удаад хамгийн их гэмтэл бэртэл гардаг өвлийн уралдааныг дэмжсэн гэж эх сурвалж мэдээлсэн юм. 


 

Өгүүллийг Баярцогтын Халиун

Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/