Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Япон эмэгтэй улс төрч болохын тулд сонгогчид биенд нь хүрэхийг тэвчих хэрэгтэй болдог

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Улс төрч эмэгтэй Аяака Шиомура

Японы бизнесийн салбарт эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах үзэл амь бөхтэй оршдог тухай хангалттай их мэдээлэл байдаг. Тэгвэл улс төрд ч хүйсээр ялгаварлах үзэл хүчтэй байдаг гэнэ.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Киодо Ньюс агентлаг Японы орон нутгийн эмэгтэй улс төрчдийн дунд явуулсан судалгааны дүнг танилцуулах үеэр тэдний 59 хувь нь эрэгтэй улс төрчдөөс болон сонгогчдоос бэлгийн дарамт амсдаг болох нь харагджээ.

Олны нүдэнд ил харагдсан нэг жишээг дурдахад 2014 онд Токио хотын хууль тогтоох байгууллагын гишүүн эмэгтэй Аяака Шиомура хотын захиргаанаас жирэмсэн болон залуу эхчүүдийг дэмжих амлалтын талаар асуулга тавих үеэр эрэгтэй гишүүд түүн рүү хэл амаар дайрч байв. Бүр нэг гишүүн түүнийг энэ асуултаа асуухаасаа өмнө гэр бүлтэй болж хүн амын өсөлтөд хувь нэмрээ оруулах хэрэгтэй хэмээн зөвлөж байжээ.

Судалгаанд оролцсон эмэгтэйчүүд тэдний эрэгтэй хамтран зүтгэгчид нь томилолтоор явах үедээ зочид буудлын өрөөнд нь дагаж ордог, хүчээр үнсэх гэж оролддог тухай мэдээлсэн байна. Зөвхөн улс төрчид ч биш, тэдний сонгогчид нь дарамталдаг тухай өчжээ. Жишээ нь сонгогчдын зарим нь тэднийг уух зүйлээр дайлвал саналаа өгнө гэж өдөж хоргоодог бол зарим нэг нь нэр дэвшигчийн биед гар хүрч халддаг гэжээ.

Японы орон нутгийн хууль тогтоох байгууллагуудад эмэгтэйчүүдийн эзлэх хэмжээ 10 хүрэхгүй хувьтай байгааг засгийн газрын тоо баримт харуулж байгаа юм.

 

Эх сурвалж: Quartz