Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

ГХЯ: Италийн Сенатын танхимын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Гадаад Хэргийн Яамнаас зохион байгуулдаг “Мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.

Уг хэвлэлийн бага хурлаар Монгол Улсын гадаад харилцааны салбарт болсон үйл явдлууд, төрийн өндөр дээд хэмжээний айлчлалын талаар мэдээлэл өгсөн юм.

Өнгөрсөн өдрүүдэд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын айлчилсан, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Азийн Хөрөнгө оруулалтын чуулганд оролцсон, Олон Улсын Улаан загалмайн холбооны Ерөнхийлөгч айлчилсан зэрэг томоохон үйл явдлууд болжээ.

Серей Лавровын айлчлалын талаар Хөрш орнуудын газрын дэд захирал А. Ананд “Энэхүү айлчлал нь Монгол Улс, ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд болсноороо онцлог төдийгүй тус улсын Гадаад хэргийн сайд манай улсад 10 жилийн дараа ирсэн албан ёсны айлчлал болсон юм.

Хэлэлцээ уулзалтууд найрсаг, нөхөрсөг уур амьсгалтай болж хоёр орны стратегийн түншлэлүүдийн харилцаа идэвхтэй хөгжиж, өндөр дээд түвшний болсон. Хэлэлцээний үеэр бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцсон. Хоёр талын хамтын ажиллагааны хувьд талууд Монгол Улсаас ОХУ-ын өмнө хүлээсэн санхүүгийн үүргийг зохицуулах тухай хэлэлцээрийг ОХУ-ын тал соёрхон баталж энэ асуудал шийдэгдсэний дагуу тус улсаас санхүү зээлийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх бололцоо нээгдлээ.

Цаашид ОХУ-аас хөнгөлөлттэй зээл авах талаар яриа хэлэлцээ эхлүүлэхээр тохиролцлоо. Түүнчлэн хоёр улсын Төв банк үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хийх сонирхолтой байгаагаа илэрхийлж, хамтран ажиллахаар болсон.

Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх тухай хоёр улс хоорондын Засгийн газрын хэлэлцээг хэд хэдэн удаа хийж амжилттай болсон тул энэ оны эхний хагастаа амжиж хэлэлцээр байгуулахаар хоёр тал тохиролцлоо.

Айлчлалын хамгийн гол арга хэмжээ гадаад хэргийн сайд нар хоёр улсын худалдаа эдийн засаг, улс төр, харилцааны салбарт хөгжүүлэхэд чиглэсэн “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-т гарын үсэг зурсан. Үүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм” гэв.

Эдийн Засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал А. Ариунаа Ерөнхий сайдын оролцсон Хөрөнгө оруулагчдын чуулганы талаар мэдээлэл өглөө.

Уг чуулганд олон улсын хэмжээний 600 гаруй хөрөнгө оруулагчид оролцжээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал, мега төслүүдийн талаар илтгэл тавьжээ.

Үүний зэрэгцээ Хонконгийн захирагч, Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын банкны захиралтай уулзжээ. АДБХОБ-наас Монгол Улсад экспертүүдээ илгээж, хөрөнгө оруулах боломжтойгоо илэрхийлж байсан гэв.

Азийн Хөрөнгө оруулагчдын чуулганд оролцсон Ерөнхий сайд Монголд хөрөнгө оруулах ач холбогдлыг олон улсын хөрөнгө оруулагчдад таниулснаар айлчлалын зорилго биеллээ олсон хэмээн дүгнэж байгаа ажээ.

Италийн Сенатын танхимын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна

УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар БНИУ-ын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пиетро Грассо Монгол Улсад дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд албан ёсоор айлчлах гэж байна.

Энэхүү айлчлал нь хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, өндөр дээд түвшний яриа хэлэлцээг тогтмолжуулахад чухал ач холбогдолтой гэж ГХЯ-ны зүгээс үзэж байна.

Уг айлчлал нь БНИУ-ын Парламентын даргын түвшинд Монгол Улсад хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлогтой. Айлчлалын үеэр хоёр улсын парламентын дарга нар хэлэлцээ хийж, хүндэт зочин Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад бараалхах юм байна. Энэ үеэр Улаанбаатарт болох Ази, Европын Парламентын түншлэлийн есдүгээр чуулга уулзалтад оролцох ажээ.