Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Онцлог олонтой тойргоос тодрох ДҮР ХЭН БОЛ

Б.Энхжаргал, Засгийн газрын мэдээ
2016 оны 3 сарын 22
Засгийн газрын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улс төрийн хүрээнийхэн Хөвсгөлийн сонгуулийг анхааралтай ажигладаг. Цэнхэр далайн хавиар өрнөх сонгуулийн дүнгээс улс төрийн чигийг танддаг тал ч бий. УИХ-ын сонгуулийн 17-дугаар тойрог, Хөвсгөл аймгийг Сонголт-2016 буланд онцолъё.

“Ер нь Хөвсгөлд нэр дэвшинэ гэдэг зүрх, зориг шаардсан сонголт байдаг юм” гэж тус тойргоос сонгогдсон, нэр дэвшээд бүдэрсэн улстөрчид ярьдаг. Учир нь эрс тэс уур амьсгал, бартаа саадтай зам даваа нь нэр дэвшигчдээс ихээхэн зав, зардал шаарддаг хүнд тойрог.

Хөвсгөлчүүдэд хүрч ажиллах нь хүнд байхаас гадна цөс ихтэй тэдний сонголт хааш ч эргэж мэдэх талтай. Тааж хэлэхийн аргагүй учир нэр дэвшигчид “үзээд л алдъя” гэсэн үгийг бодлынхоо мухарт хадгалж явдаг гэхэд хилсдэхгүй.

Чингүнжавын өлгий нутаг Хөвсгөл аймаг 100,629 ам дөрвөлжин километр газар нутагтай. Харин хүн амынх нь тоо 130 орчим мянга. Энэ үзүүлэлтээрээ Хөвсгөл нь Монголын хамгийн олон хүн амтай аймагт тооцогддог юм. Мөн газар нутгийн хэмжээ нь Монголын 21 аймаг дотроо зургадугаарт эрэмбэлэгдэнэ.

Халх, дархад, хотгойд, урианхай ястан зонхилдгийн дээр цаатнууд отоглон амьдардаг цор ганц аймаг нь Хөвсгөл юм. Ийнхүү онцлох шинж олонтой Хөвсгөл аймгаас сонгогдсон үе үеийн төлөөлөл дунд нь парламентын түүхэнд тод “дүр”-тэй нь ч олон бий. Хамгийн тод жишээ Л.Гүндалай.

МАН /тухайн үеийн МАХН/ үнэмлэхүй ялсан 2000 оны сонгуульд бие даан гарч ирсэн Л.Гүндалай тухайн үедээ л хамгийн том “сөрөг хүчин” байв.

Хөвсгөлчүүдэд хүрч ажиллах нь хүнд байхаас гадна цөс ихтэй тэдний сонголт хааш ч эргэж мэдэх талтай. 

Мэдээж парламентын 76 суудлын 90-ээс дээш хувийг бүрдүүлж буй МАН хүссэн шийдвэрээ гаргаж чаддаг байсан. Гэвч 2000-2004 оны УИХ-д Л.Гүндалай байсан тулдаа ардчилал, Ардчилсан намын талаар ард түмэн марталгүйгээр ирэх сонгуулийн цикльтэй залгасан гэвэл хэтрүүлэг болохгүй.

2000 онд эхэлсэн Л.Гүндалайгийн ялалтын буухиа 2012 он хүртэл тасраагүй ч өмнөх сонгуулиар Хөвсгөлийн Ардчилсан намын дотоод хагарал тус тойрогт данстай ардчиллынхныг “тоглоомын тойрог”-оос гаргаж орхисон билээ.

Түүнээс гадна Монгол Улсын анхны ардчилсан чөлөөт сонгууль буюу 1992 онд Хөвсгөлөөс гарсан депутатуудын нэг одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсныг Та мэдэх үү. Тиймдээ ч Ц.Элбэгдорж 2013 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа тус аймгаас эхлүүлж байв. Харин 1996 оны УИХ-ын сонгуулиар Э.Бат-Үүл Хөвсгөлийн тойрогт хүч үзэн, УИХ-д сонгогдсон юм.

Тэгвэл 2004 онд МҮАН-ын дарга М.Энхсайхан, Эх орон намын дарга Б.Эрдэнэбат нар Хөвсгөлд нэр дэвшиж байсан нь бас л онцолж болох нэр дэвшигчид. Тухайн үед М.Энхсайхан Ардчилсан намаас мандат авсан бол Б.Эрдэнэбат “Эх орон-Ардчилал” эвслийг төлөөлж байв. Хөвсгөлд хүч үзсэн, мөн УИХ-д сонгогдсон ардчиллынхны заримыг онцлоход ийм байна.

Харин МАН-ын хувьд 1992 оны АИХ-ын депутатын сонгуулиас эхлээд өнөөдрийг хүртэл хоосон хоцорч байсан удаагүй. Тэд үе үеийн сонгуулиар 1-3 суудал тогтмол авч чаддаг байв. Хамгийн сүүлийнх буюу 2012 онд Хөвсгөлийн тойргийн мандатын тоо буурснаар АН, МАН-ын аль аль нь намын байгууллага дотроо хагарал үүсэх эхлэлийг тавьсан.

Учир нь тус тойргийг онилж байсан горилогчид олон байснаас болж нэр дэвшигчдийн эхний даваа нь нам доторх өрсөлдөөн байв. Тиймдээ ч МАН-аас нэр дэвших мандат авч чадаагүй Ц.Даваасүрэн бие даан нэр дэвшин, сонгогдсон нь тус намынх байж болох УИХ-ын нэг суудал бие даагчдын эгнээнд шилжсэн билээ.

Монголын улс төрийн барометр гэгддэг Хөвсгөлийн тойрогт “хүч үзэх” хүмүүсийг тандахад ийм байна.

Гэхдээ орон нутгийн намын байгууллага дотроо хагаралдсан ардчиллынхны алдаа МАН-аас нэр дэвшсэн Л.Энх-Амгаланд парламентын босгоор алхах боломж олгосон юм. Мөн туршлагатай парламентчдын нэг Ө.Энхтүвшин Хөвсгөлөөс хоёр удаа сонгогдсон гэдгийг дуулгая.
Тэгвэл 2016 оны сонгуульд Хөвсгөлийн тойрогт тодрох “баатрууд” хэн бэ. Нэр дэвшихээр зэхэж буй горилогчид хэдийнэ тодорсон бөгөөд, албан бус кампанит ажлаа өрнүүлээд эхэлж.

Онцолж хэлэхэд, энэ удаагийн Хөвсгөлийн сонгууль Л.Гүндалайгүй өрнөнө. Тэрбээр гоё нэртэй нам байгуулаад, Эрдэнэтийн зүг мөр гаргасныг монголчууд юу эс андах.Тэгвэл МАН-ын хувьд Л.Энх-Амгалангаа дахин сойх нь баттай болжээ. Мөн УБЕГ-ын дарга асан Л.Мөнхбаатарын нэр яригдаж байна.

Ц.Даваасүрэн гишүүний хувьд энэ удаад бие даах уу, аль эсвэл АН, МАН-ын аль нэгээс нэр дэвших үү гэдгээ өдгөө ч дэнсэлж суугаа аж. Улс төрийн чансаа тогтоох санал асуулгаар топ улстөрчдийн дунд тогтмол бичигдэж буй тэрбээр Хөвсгөлд очих нь очно. Харин өмнөх шигээ бие даах уу, аль нэг намыг төлөөлөх үү гэдгээ шийдэж амжаагүй явна.

Харин Ардчилсан намын хувьд аймгийн намын хорооны дарга Ч.Батцогт, ШУТИС-ийн Эдийн засгийн хөгжлийн тэргүүн проректор Д.Батчулуун, “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний гишүүн Н.Болдбаатар нарын нэр сонсогдож байна. Монголын улс төрийн барометр гэгддэг Хөвсгөлийн тойрогт “хүч үзэх” хүмүүсийг тандахад ийм байна. Харин хэнийг сонгох нь хөвсгөлчүүдийн мэдэх хэрэг.

Зураг