Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Батмөнх: Өчигдрийн байдлаар малчны 10 хувийн зээлд хамрагдах ГУРВАН хүсэлт ирсэн

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Малчны зээлийн хүүг 10 хувь болгосонтой холбоотой холбогдуулан Монголбанкны Мэдээллийн албаны ахлах мэргэжилтэн Г.Батмөнхөөс зарим зүйлийг тодрууллаа.


-Төрийн банк Засгийн газрын “Сайн малчин хөтөлбөр”-ийн хүрээнд малчны зээлийн жилийн хүүг 2016 оны 3 дугаар сарын 15-наас 10% болгон бууруулсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

- 10 хувийн хүүтэй малчны зээлийг Төрийн банкны салбаруудаар өчигдрөөс олгож эхэлсэн. Өчигдрийн 19:00 цагийн байдлаар Төрийн банкнаас Монголбанкинд ирүүлсэн малчны зээлийн мэдээлэлд гурван малчин жилийн 10 хувийн хүүтэй зээлд хамрагдах хүсэлт ирүүлсэн. Үүнээс малчин данстай, эрүүл мэнд, нийгмийн даатгалаа төлдөг, малаа тарилга туулгат тогтмол хамруулдаг тус малчдад зээл олгохоор шийдвэрлэсэн. Нийт 8.0 сая төгрөгийн зээл хүссэн. Үүнээс хоёр малчинд 5.5 сая төгрөгийн зээлийг олгосон байна. Үлдсэн малчны зээлийн шийдвэр нь гарсан тул өнөөдөртөө зээлийг нь олгох байх. 

- Тавигдсан шаардлагыг хангаагүй малчин тус зээлд хамрагдах боломжгүй гэсэн үг үү?

-Тийм. Төрийн банкнаас тавигдсан шаардлагыг хангаагүй малчин тус зээлд хамрагдах боломжгүй. Малчны зээл нь хэрэглээ, импортыг бус ажлын байр, экспорт, хуримтлалыг дэмжсэн зээлийн хүүг бууруулах Төв банкны бодлогын зорилттой уялдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанк  цаашид хуримтлал, экспортыг дэмжсэн зээлийг хүүг бууруулах бодлого баримталж ажиллах талаараа мэдэгдсэн.

Мөн Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2016 оны 1 дүгээр сарын 14-ны өдрөөс бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 12 хувьд хүргэсэн. Бодлогын төлөвийг алгуур зөөлрүүлэх нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон эдийн засгийн идэвхжилийг дэмжихэд эергээр нөлөөлөх юм.

Энэ бүх асуудал нь төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын 93 дугаар тогтоолын "...зээлийн хүүг дунджаар 1-3 хувиар бууруулах бодлого боловсруулж, хэрэгжүүлэх" заалттай уялдаж байгаа юм. Хамгийн гол нь инфляцийн түвшин цаашид нам, тогтвортой байх төсөөлөлтэй байгаа нь мөнгөний бодлогыг сулруулах бага ч атугай орон зайг үүсгэж байгаатай холбоотой.

-Тодруулга өгсөнд баярлалаа.