Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

Японы парламентын гишүүний огцорсон шалтгаан

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Японы парламентын түүхэнд бараг анхных гэж болох эцгийн амралт авч хэл амны бай болж байсан гишүүн, 35 настай Кенсуке Мияазаки албан тушаалаасаа огцорч байгаагаа Баасан гарагт зарласан юм.

Маш хуучинсаг Японы улс төрийн ертөнцөд эхнэр нь хүүхэд төрүүлэх болсноос үүдэлтэй сарын чөлөө авах нь байж боломгүй зүйл. Олон улс төрчид түүний энэ санаачилгыг шүүмжилж байсан юм.

Гэвч ерөнхий сайд Шинзо Абэ түүний алхмыг дэмжсэнээр Мияазаки эцэг болсны амралтаа авч чадсан байна.

Харин тэр энэ үедээ Киото хотод 34 настай, усны хувцасны модель бүсгүйтэй явалдаж байсныг долоо хоног тутмын сэтгүүл илчилжээ. Энэ явдал эхнэрийг нь төрөхөөс хэдхэн хоногийн өмнө болсон гэнэ.

Ингээд тэр өөрийн үзэл баримтлалын эсрэг үйлдэл хийж хүмүүсийн итгэлийг алдсаныхаа төлөө парламентын гишүүнээс огцрох шийдвэр гаргасан байна.

Түүний энэ дуулиан угаасаа маргаантай байгаа эцгийн амралтын асуудлаар улс төрийн орчинд ширүүн тэмцэл өрнүүлжээ. Эцгийн амралтыг дэмжигчид Мияазакигийн дуулиан тэдний тэмцэлд саад болох вий хэмээн болгоомжилж “энэ бол хувь хүний асуудал, бодлогод нөлөөлөх учиргүй” гэж байгаа юм. Харин сөрөг хүчний улс төрчид үүн дээр дөрөөлөн эрх баригч Либерал Ардчилсан намын бодлогыг ширүүн шүүмжилцгээж байгаа аж.

Эцгийн амралт авах явдал Японд маш ховор бөгөөд хувийн компаниудын эрэгтэй ажилчдын дөнгөж 2.3 хувь нь л ийм боломжийг эдэлдэг гэнэ. Гэвч Абэ 2020 он гэхэд энэ хувийг 13-д хүргэх зорилт тавиад байгаа юм.

Эх сурвалж: Daily Mail