Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Шударгаар хэлэхэд Монголбанк валютын нөөцөө Хятадын свопоор бүрдүүлээд удаж байна"

Ж.Нарангэрэл
2016 оны 1 сарын 26
MorninigNews.mn
Зураг зураг

Монгол Улс дэлхийн зах зээлээс дахин бонд босгохоор төлөвлөж, гарын үсгээ бараг зурах гэж байтал Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн. Гэхдээ манай улсын хувьд өдгөө дахин бонд босгох нь хэр зохистой алхам бэ гэдэг нь хэний ч сонирхлыг татаж байгаа. Тиймээс энэ сэдвээр УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай ярилцлаа.

-Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг өргөн барьснаас болж шинэ бонд гацаж, хүү нь өсөх магадлалтай болсон тухай зарим эх сурвалж хэлж байгаа. Магадгүй бүр албаар хорлочихсон ч юм шиг. Та Г.Уянга гишүүний санаачилсан тогтоолын төсөлд гарын үсэг зурсны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Бид бонд гаргах юм гэнэ гэсэн шуугиан л сонсож байсан. Гэхдээ яг хаанаас, ямар хүүтэй бонд гаргах гэж байгаа талаар УИХ дээр ямар ч мэдээлэл байгаагүй. Ерөнхий сайдыг огцруулахтай холбоотой асуудал бол эрт эхэлсэн. Зарим гишүүний гарын үсэг зурагдаагүй явж байсан. Сүүлийн 3-4 гишүүн гарын үсэг зурж, тухайн өдрөө УИХ-ын даргад өргөн барьсан.

Гэтэл түүний яг маргааш нь дэлхийн зах зээл дээр бонд босгох гэж байтал хорлочихлоо гээд хэд, хэдэн гишүүн яриад эхэлсэн. Яг үнэндээ тэд ичих хэрэгтэй шүү дээ. Хэн нь Монголыг хорлоод байгаа юм. Эрх биш эрүүл саруул ухаантай бол өөрсдөө ойлгомоор юм. Улс орон авсан мөнгөө буцааж төлнө шүү дээ. Өмнөх авсан “бантангаа” яаж төлөх вэ, улс ямар чадавхтай болчихсон билээ гэдгээ тооцож чадахгүй тэнэг юм яриад сууж байгаа хүмүүстэй юу ярих вэ.

Улс 24 тэрбум ам.долларын өрөнд орчихлоо. 2016,2017 онуудаас эхлээд өмнө нь авсан бондуудын хүүг төлнө гэж байгаа. Амаргүй болчихоод байгаа нь илэрхий байна. Гэтэл энэ олон төлөгдөх хүүг ямар эх үүсвэрээр яаж төлөх вэ, эхнийх нь зарцуулалт ямар байгаа, одоо авах гээд байгаа бондын хүү нь хэд юм, авлаа гэхэд эерэг үр дагавар нь юу вэ гэх мэтээр ямар ч тодорхойгүй нөхцөлтэй байж хорлосон гэдэг асуудал яриад байгаа нь тун харамсалтай.

-Эдийн засгийн өнөөгийн байдлыг харгалзан үзвэл бонд босгох нь ашигтай юу, үгүй юу?

-Одоо манай улсад мөнгө олдлоо гэхэд хямд буюу бага хүүтэй мөнгө яагаад ч олдохгүй. Олон улсын зээлжих зэрэглэлийн хувьд манайхыг нэлээд доогуурт буюу эдийн засгийн их эрсдэлтэй орны тоонд оруулчихсан. Тийм байтал бонд босгоно гээд явж байгааг нь би тайлбарлаж мэдэхгүй юм.

Өндөр хүүтэй бонд бослоо гэхэд өрийн дарамт нь эргээд манайд ямар байдлаар нөлөөлөх вэ гэдэг нь хэцүү шүү дээ. Бид ингэж бонд босгоно гэж явахын оронд АН-ынхан дотоодод үүсчихээд байгаа зөрчил, дутагдал, алдаа оноогоо засах талаар ярилцмаар байна.

Өнгөрсөн онд төсөв батлах үеэр бүтцийн өөрчлөлт нэрээр гааль, татвар гээд хэд, хэдэн байгууллагыг нэгтгэж, хэвийн ажиллаж байсан төрийн албадаа бужигнуулаад, бантан хутгачихсан. Өмнө нь хэвийн ажиллаж байсан хүмүүс өдгөө урьдын байдлаараа ажиллаж чадахгүй байна.

Хэвийн хэмжээнд төсвөө батлахаар хүүхдийн мөнгө, ипотекийн зээл зэрэгт анхааруулга өгөөд шаардаад байхад хүлээж авахгүй байснаа он гарангуут цочсон юм шиг гэнэт хүүхдийн мөнгө өгнө, оюутны тэтгэлэг олгоно, ипотекийн зээлийг таван хувь болгоно гэх зэргээр эдийн засгийнхаа  дандаа эсрэг, бид сонгуульд л ялж байвал улс, орон яах нь бидэнд падгүй гэсэн сэтгэлээр хандаад байх шиг байна. Арай ч тэгээгүй байгаасай гэж найдахаас өөр гарцгүй болчихож.

Ийм замбараагүй, тогтсон системгүй, эдийн засгаа авч яваа арга барил нь ороо бусгаа, өөрсдийнхөө ч учрыг олохгүй шахам байгаа нөхцөлд гаднаас бонд босгож авч ирээд зөв зохистой ашиглана гэдэгт би лав итгэхгүй байна.

Үүнийг бол авч ирлээ гэхэд амлаад байгаа хүүхдийн мөнгө, ипотекийн зээл зэрэг рүү оруулаад байхгүй болгох байх. Сонгуулийн дараа мөнгө хаана байна гэхэд үгүй л байх болов уу.

-Та үндсэндээ ирэх долоон сарын хугацаанд ашиглаж, олон нийтэд таалагдах гэсэн үйл ажиллагааны л мөнгө. Алсуураа Монгол Улсад хохиролтой гэж хэлэх гээд байна уу?

-Шулуухан хэлэхэд эдийн засаг чадамжгүй болчихож гэж хэлнэ. Яах вэ, мөнгө оруулж ирэх хоёр гарц харагдаж байна. Нэгдүгээрт эдийн засаг үнэхээр чадамжгүй болчихсон учраас ямар ч хамаагүй үнэ цэнээр мөнгө олж ирж, долоон cap хүртэл амь зуух асуудал яригдаж байна. Хоёрдугаарт, өнөөдөртөө амьсгалах хэмжээний жаахан мөнгөтэй байна гэж тооцвол хүүхдийн мөнгө зэрэг сонгуулийн өмнө шоу хийх зүйлдээ зарцуулах гэж байна гэж харж байгаа.

Гэхдээ минийхээр бол эхнийх нь. Яагаад гэвэл Монгол Улс валют, мөнгө төгрөггүй, ямар ч чадамжгүй болчихлоо. Гэтэл зарим хүн тусгаар тогтносон улс мөнгөний гачаалд ордоггүй гээд гуагчаад байдаг. Үнэн хэрэгтээ ард иргэд, аж ахуйн нэгжүүд бүгд мөнгөний гачаалд орчихсон байгаа. Ийм үед нь ямар ч хамаагүй аргаар мөнгө олж ирээд, нүдээ аниад сонгууль хүртэл цалин, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө зэргээ зууралдуулж байгаад хаяна гэсэн бодолтой байгаа болов уу. 

-Гэхдээ эдийн засаг нааштай болж байна. Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт, Гацууртын ордыг эргэлтэд оруулах гэх мэт ашигтай асуудлууд байна гэж тайлбарлаж байгаа шүү дээ?

-Оюутолгойн мөнгө бол манайхаар дамжиж орж ирэхгүй. Биднйй авч буй мэдээллээр зарцуулагдчихсан мөнгөндөө цаагуураа л яваад дуусчихна гэж байгаа. Гацууртын ордыг эргэлтэд орууллаа гэхэд урин дулаан цаг ирэх, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулна гэсээр байтал орж ирэх мөнгөний хувьд хугацаа шаардлагатай.

Оюутолгойн мөнгө бол манайхаар дамжиж орж ирэхгүй. 

Өөрөөр хэлбэл тэр мөнгө нь орж иртэл хугацаа хэрэгтэй. Тэгээд ч Гацууртаас орж ирэх мөнгө чинь 240 сая ам.доллар гээд байгаа. Тэгвэл бид “Чингис” бондын хүүнд жилд 70 гаруй сая доллар төлж байгаа. Ингээд бодохоор урд хормойгоороо, хойд хормойгоо нөхөхийн үлгэр л болж хувирах гээд байна.

-Шинэ бонд хамгийн гол нь дотоодын бондын хүүнээс бага хүүтэй гээд олзуурхаад байгаа юм биш үү?

-Хүү ч бас биш л дээ. Тэдний яриад байгаагаар Засгийн газар дотоодод 17-18 хувийн хүүтэй бонд гаргаж байгаа нь өндөр. Гаднаас хямд хүүтэй бонд гаргах гэж байна гэдэг. Энэ чинь дотооддоо нөөцөө шавхчихсан гэсэн үг. Засгийн газрын бондыг авдаг банк, санхүүгийн байгууллага одоо манай Монголд байхгүй.

17-18 хувийн хүүтэй аваад ханачихсан. Засгийн газар нь эргүүлж төлөх. Тэгэнгүүт гадаадад бага хүүтэй гаргана гэж байгаа. Валютыг бага хүүтэй авна гэж байдаггүй. Манайд бол 10 хувиас доош хүүтэй олдоно гэж бараг байхгүй дээ. Энэ тохиолдолд валютын ханш өсвөл эрсдэл гарах магадлал нь өндөр шүү дээ. Үүнийг яаж тооцож байгаа нь ч сонирхол татна. Дахиад хэлэхэд алс ирээдүй болон хойчдоо ирэх хохирлыг огт тооцохгүй байна. Өнөөдөр л болж байвал маргааш хамаагүй гээд сууж байна.

-Бонд босгосноор ипотекийн зээлийн хүүг бууруулахад шаардлагатай 700 тэрбумын хөрөнгө бүрдэх нь иргэдэд хэрэгтэй юм биш үү?

-Ипотекийн зээлийг тэгж хамаагүй өгөхгүй байлгүй дээ. Зээлийн хүүг таван хувь болгож байгаа нь сайн хэрэг. Гэхдээ банк, санхүүгийн байгууллага, эдийн засгийн байдлаа сайн тооцсон байлгүй дээ гэдэг үгийг би бол дахин, дахин хэлж, анхааруулдаг. Инфляци 2.9 хувь болчихлоо. Одоо боломжтой гэж яриад байгаа. Энэ үгийг хэлээд байгаа банкны системийн банкируудыг ч би гайхаад байна. Үнэндээ таван хувийн хүүтэй болгочих хэмжээнд Монголын эдийн засаг хүрсэн үү гэхээр олон эдийн засагч “энэ чинь аюултай алхам" гээд байгаа шүү.

Таван хувиар орон сууцны зээл олговол сайн хэрэг. Гэхдээ үүнийгээ өгөхийн тулд цаасан мөнгө хэвлэж хийвэл Монгол Улс жинхэнэ утгаараа дампуурна гэдгийг эдийн засагчид хэлдэг. Тэгэхээр цаасан мөнгө хэвлэх нь үү гэдгийг бид анхаарч байгаа.

-Гэхдээ бондоо 10 хувиар олж ирээд ипотекийн таван хувийн хүүтэй зээлд оруулчихвал жинхэнэ дампуурал гэдэг болно биз дээ?

-Тэгнэ шүү. Түүний чинь зөрүү, алдагдлыг хэн өгөх вэ гэдэг асуудал үүснэ. Ингээд харахаар бүх юм өөрийн гэсэн уялдаа, хууль дүрэмтэй явдаг юм. Даанч тэд хууль, дүрэмгүй мэт авирлах юм.

-Бонд босгосноор алтны нөөцийг нэмэх арга хэмжээ авах гэж байгаа тухай ч яригдсан?

-Алтны нөөцийг одоо яаж нэмэх вэ дээ. Алт үйлвэрлэгчид манайх гаднаас алт авдаггүй л гэдэг. Өөрсдөө өвөлдөө үндсэндээ зогсчихдог. Яг шударгаар хэлээд Монголбанк валютын нөөцөө Хятадын свопоор бүрдүүлээд удаж байна.

Хятадаас гурван тэрбум долларын хэмжээний мөнгө авах эрхтэй. Миний авч буй мэдээллээр түүнийхээ 1.4-1.8 тэрбумыг нь авчихсан. Үүгээрээ буюу Хятадын своп зээлээр валютын ханшаа бариад байх болов уу. Гэхдээ дараагийн хохирол нь чамгүй чанга тусна.

-Чанга гэдэг нь?

-Нэлээд дээр үед би Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбатын ярилцлагыг уншиж байсан. Түүнд "Өнөөдрийн энэ зээлүүд бол хуучин цагийн хөнгөлөлттэй зээл биш, арилжааны зээлүүд шүү. Монгол Улсыг дефолт болголоо гэдгийг зарлачихвал гадаадад байгаа бүх активыг шууд барьцаалах нөхцөлтэй хатуу зээл шүү” гэсэн байсан.

Мөн Монголбанкны Хяналт, шинжилгээ үнэлгээний газрын даргаар олон жил ажилласан н.Лхагвасүрэн гэж эдийн засагч “Хятадын своп зээл явж, явж Чингис бондоос илүү аюул дагуулах хэмжээнд хүрчихээд байгаа юм биш үү” гэсэн байсан. Өөрөөр хэлбэл мэргэжлийн өндөр түвшний хүмүүсийн хэлснийг би иш татаж байгаа нь ямар хэмжээнд байгаа вэ гэдгийг л тодорхойлох гээд байна гэсэн үг.

-Бонд босгох гэж байхад чөдөр тавьсан учраас хүү нь өндөр болчихвол та нөхдийн буруу болох нь ээ?

-Арай ч тийм онигоотой, инээдтэй зүйл хэлж, ярихгүй байлгүй дээ. Заримдаа ч итгэхэд хэцүү л юм ярьж байна. Жишээ нь, бонд босгох гэж байгааг нь бид мэдэж байсан шиг байгаа юм. Тэгээд л “хүүе бонд босголоо, нөгөөхөө өргөн бариарай гэхээр нь л өгчихсөн” мэтээр л ойлгуулах гээд байна. Даанч бидний хувьд тийм зүйл алга.

Харин ч тэдний хувьд үнэхээр тийм ажил хийх гэж байсан бол яагаад тогтоолын төслийг өргөн барихаас өмнө, эсвэл УИХ дээр уулзаж, учраад, ярьж хөөрөөд асуудлыг шийдэж болоогүй юм бэ. “Эдийн засгийн нөхцөл байдал ийм хэмжээнд байгаа учраас бонд босгох гэж байна. Та нөхөд ганц, хоёр хоног хүлээж бай” гэсэн бол бид чинь монголчууд юм чинь хэлээрээ яриад ойлголцож болох л байсан шүү дээ. Өргөн барих гэж байсан Г.Уянга гишүүнтэй уулзаад, ирээдүйд хэрэгтэй, үр ашигтай байсан бол ойлголцох байсан.

-Гэхдээ УИХ-аас бонд босголоо гэж Засгийн газрыг буруутгах үндэслэлгүй болчихсон юм биш үү. Угаасаа бонд босгох эрхийг нь өгчихсөн биз дээ?

-Өрийн хязгаараа өөрсдөдөө амар болгоод авсан шүү дээ. Хориг байсан байгаагүй зүтгээд л явдаг болж. Өрийн хязгаартаа багтаж байгаа эсэх, хүүний хувь зэргийг тооцох ёстой. Мөн валютын ханш тогтвортой байх эсэхийг тооцох л хэрэгтэй.

-Зарим эдийн засагч ирэх оны зургаадугаар cap гэхэд Монгол Улс дампуурах магадлалтай гэсэн. Таны хувьд ямар тооцоололтой байна вэ?

-Энэ чигээрээ яваад байвал бусдын тооцоод байгаагаар юун ирэх жилийн зургаан cap. Ирэх зургаан cap хүргэх юм уу. Ялангуяа популист маягийн амлалт өгөөд яваад байвал улс балрахад ойрхон байна. Өнгөрсөн оны тавдугаар сард ҮАБЗ Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар хэлэлцээд онц ноцтой нөхцөл байдал үүссэн байна гэж дүгнээд чиглэл өгсөн байдаг. Гэтэл өнөөдөр Засгийн газар нь тоохгүй байна гэдэг чинь энэ нөхөд амаргүй болчихоод байгаагийн л шинж дээ.

Зураг