Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Кёльн хотын цагдаа нар “шоконд” оржээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Шинэ жилийн үеэр Кёльн хотод болсон эмх замбараагүй байдлын дуулиан Германд тасрахгүй байна. Болсон явдлын тухай цагдаагийн мэдээлэл өчигдөр Der Spiegel, Bild сонинуудад нийтлэгджээ.

Бүлэг бүлгээрээ явсан дүрвэгч эрчүүд цугларсан хүмүүс рүү болон цагдаа нар руу салют, лонх зэргийг шидэлж байжээ. Мөн энэ үеэр олон тооны эмэгтэйчүүд секс халдлагад өртсөн юм.

Зарим тохиолдолд цагдаа нар өөрсдөө гэмтэж бэртэхээс айж байсан гэнэ. Дүрвэгч нарын зарим нь цагдаагийн өмнө түр оршин суух зөвшөөрлөө урж тасдан “Та нар намайг яаж ч чадахгүй. Би маргааш буцаж яваад шинийг авчихна” гэж байжээ.

Мөн зарим нь “Би Сири хүн! Та нар надтай хүндэтгэлтэй харьцах ёстой. Учир нь намайг хатагтай Меркель урьсан юм” гэж хэлж байсан байна.

Тэднээс баривчлагдсан хүмүүсийн 14 нь Сири, нэг нь Афганистанаас ирсэн байжээ.

Мэдээлэл өгсөн цагдаа “29 жил ажиллахдаа цагдаатай ингэж харьцахыг ганц ч хараагүй” гэж ярьсан байна. Тэд урьд өмнө нь ийм нөхцөл байдалтай тулгарч үзээгүй тул яаж ажиллахаа ч мэдэхгүй байжээ. Кёльн хотын цагдаагийн дарга өчигдөр ярихдаа “маш олон тооны эрчүүд эмэгтэйчүүдийг хөөж, оролдож байсан. Бид боломжоороо арга хэмжээ авч тусалсан. Гэхдээ бид энэ нөхцөлд үнэхээр цочирдсон гэдгээ хэлэх хэрэгтэй. Бид хэзээ ч ийм зүйлтэй учирч байгаагүй, ямар ч бэлтгэлгүй байлаа” гэжээ.

Өчигдөр Германы канцлерь Ангела Меркель уг үйл явдлын мөрөөр цагдаагийн тоог нэмэх, хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаа мэдэгдлээ.

Меркель “Шинэ жилээр болсон явдал бол байж боломгүй хэрэг” гээд “хувь хүнийхээ хувьд би эмэгтэй хүн ямар ч хамгаалалтгүй, аюултай нөхцөлд байгаагаа мэдрэхийг тэвчихгүй” гэжээ.

Тэр бас дүрвэгсдийн бодлогодоо өөрчлөлт оруулж “өөрийн хуулийн хүрээнд амьдарч чадахгүй хүмүүст тодорхой сануулга” өгнө гэлээ.

Өчигдрийн цагдаагийн мэдэгдэлд Кёльн хотын шинэ жилийн арга хэмжэээний үеэр 121 гэмт хэрэг бүртгэгдсэнээс хоёр хүчингийн хэрэг гарсан ба 16 сэжигтнийг баривчлаад байгаа гэнэ.

Дүрвэгч нарт нээлттэй бодлого баримталсныхаа төлөө Меркель ихээхэн шүүмжлэл хүлээгээд байгаа. 2015 онд Герман улс Европт хамгийн их дүрвэгч хүлээж авсан орноор тодроод байна.

Шинэ он солигдох үед Меркель ард түмэндээ хандаж үг хэлэхдээ нийгэм даяараа үндэс угсаагаар ялгаварлахгүй нэгдмэл байж дүрвэгсдийн хямралыг улс орныхоо шинэ боломж гэж харахыг уриалж байсан юм.

 

Эх сурвалж: Russia Today