Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хуулийг гууль болгосон 25 мянган аж ахуйн нэгж байна

Б.Даваахүү
2016 оны 1 сарын 6
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Шинэчлэн батлагдсан НӨАТ-ын хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. НӨАТ цахим хэлбэрт шилжиж, татвар төлөгчийн арилжаа хийж буй бүх мэдээлэл татварын байгууллага, Сангийн яаманд цахим хэлбэрээр төвлөрнө. Ингэснээр татвараас зугтаах, зайлсхийх боломжгүй болох юм. Шинэ хуулиар үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 саяас дээш ААН албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэгтэй болсон.  

Хуучин мөрдөгдөж байсан хуульд заасан 10 сая төгрөгийн босгыг 50 сая төгрөг болгон нэмэгдүүлснээр сайн дураар бүртгүүлэгчид нэмэгдэнэ гэж хууль санаачлагчид тайлбарлаж байсан юм. 

Түүнчлэн хуулийн дагуу татвар төлөгч өөрийн төлсөн нийт татварынхаа 20 хувь, худалдан авалт хийсэн үнийн дүнгийнхээ хоёр хувийг урамшуулал, сугалаа хэлбэрээр буцаан авах боломжтой болж буй. Гэсэн ч, НӨАТ-ын баримтыг зарим аж ахуй нэгжүүд иргэдэд өгөөгүй, стандартын бус баримтаар үйлчилсэн зэрэг тохиолдлууд гарсаар  байна. НӨАТ-ын тухай хууль өнгөрсөн оны долдугаар сард батлагдсан. Харин хэрэгжилт ямар байгааг манай сонин “Дугаарын сурвалжлагаараа” хөндөхийг зорилоо. 

НӨАТ-ын суутган төлөгч 30 мянган аж ахуй нэгж бий

Шинэчлэн батлагдсан НӨАТ-ын хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасны дагуу татвар төлөгч урамшуулалд хамрагдах юм. НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулгын дагуу худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн, ААН байгууллагууд нь худалдан авагч нартаа татварын нэгдсэн системээр баталгаажсан сугалаа бүхий баримтыг худалдан авагчиддаа хэвлэж өгөх мөн Татварын ерөнхий хуулийн 18.1.8-д зааснаар Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пост терминал машин хэрэглэх үүрэгтэй. 

Харин иргэдийн хувьд эхлээд www.ebarimt.mn сайтад нэвтэрч хэрэглэгчээр бүртгүүлэн хувийн дугаартай болно. Бараа үйлчилгээ худалдан авч буй хувь хүн энэхүү баримтаа авч өөрийн нэр дээр бүртгүүлснээр төрөөс олгож байгаа НӨАТ-ын 20 хүртэл хувийн буцаалт болон сар бүр зохион байгуулагдах сугалаат урамшуулалд оролцож, 100 сая хүртэл төгрөгийг хожих боломжтой болох юм.

Хуульд ингэж заасан.  Харин хууль хэрэгжиж эхлээд зургаа хонож буй энэ үед 5,000 гаруй аж ахуй нэгж  татварын нэгдсэн сүлжээнд холбогдож, иргэдэд НӨАТ-ын баримт хэвлэж байна. Угтаа НӨАТ-ын суутган төлөгч 30 мянган аж ахуй нэгж бий гэсэн тоон баримт байгаа юм. Эдгээр аж ахуй нэгж бүгд сүлжээнд холбогдох ёстой ч, одоогоор 5,000 гаруй нь л холбогдсон нь чамлалттай тоо юм.  

Хууль өнгөрсөн оны долдугаар сард батлагдчихаад байхад түүнээс хойш бэлэн байдлаа хангаагүй аж ахуй нэгжүүд хууль хэрэгжиж эхэлмэгц сэрсэн мэт Татварын Ерөнхий газарт хандаж, дараалал үүсгэж эхэлсэн талаар ч холбогдох байгууллагын ажилтнууд хэлж байлаа.

Үүгээр зогсохгүй хууль хэрэгжиж эхэлмэгц зарим худалдааны байгууллага НӨАТ төлсөн баримтаа авах бол үнийн дүнгийн 10 хувийг нэмж төлнө, авахгүй гэвэл нэмэхгүй гэх зэргээр бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх явдал гарч байгааг манай уншигчид бидэнд учирлаж байсан юм. Тиймээс манай сурвалжлах хэсэг хамгийн түрүүнд Татварын Ерөнхий газрыг зорьж, холбогдох албаны хүнээс тодруулсан юм. 

Б.Насанжаргал: Барааны үнээ нэмсэн ААН-ыг шалгана 

/НӨАТ-ын Урамшууллын системийн  ахлах хөгжүүлэгч/

-НӨАТ төлсөн баримтыг иргэдэд олгох хууль энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Гэсэн ч баримтыг олгож байгаа албан байгууллага ховор байх шиг байна. Хэзээ бүрэн хамрагдах вэ?

-Бүрэн хангагдана, хангагдахгүй гэсэн ойлголт байхгүй. Манай зүгээс мэдээллийг хүлээн авах технологио нэвтрүүлж, иргэдэд зориулсан вэб сайтаа нээчихсэн байгаа. Иргэд НӨАТ-ын баримтаа авч, код нь ирж байна. Тиймээс манай зүгээс бэлтгэл байдлаа бүрэн хангачихсан. Харин аж ахуй нэгжүүд хугацаагаа тулгаж, хандсаны улмаас машин дээр дараалал үүсгэж байна.  

Цаг хугацааг нь тулгаснаас баримтаа буруу зөрүү хэвлэх асуудал үүсч байна.

Технологи нь бэлэн болчихсон. Томоохон аж ахуй нэгжүүд стандартын баримтаа хэвлээд эхэлчихсэн. Одоогоор жижиг аж ахуй нэгж, найман нэрийн дэлгүүрүүд, ресторанууд нэгдсэн сүлжээнд холбогдож эхэлж байгаа. Цаг хугацааг нь тулгаснаас баримтаа буруу зөрүү хэвлэх асуудал үүсч байна. Манайхаас хангалттай зар, мэдээлэл тараасан. Бүх дүүргүүдэд байцаагч нар маань явж сургалт зохион байгуулсан. Зарим аж ахуй нэгжүүдэд Татварын ерөнхий газрын байран дээрээ дуудан ирүүлж, сургалт хийсэн. Ерөнхийдөө өнгөрөгч оны арваннэгдүгээр сар хүртэл Татварын Ерөнхий газарт байнга сургалт явагдсан. 

-Иргэдээс санал гомдол хэр их  ирж байна вэ?

-Иргэдээс гомдол маш их ирж байгаа. Эсрэгээр аж ахуй нэгжүүдээс ч гэсэн санал гомдол ирж байна. “Нэгдсэн системд холбогдоогүйн улмаас үйлчлүүлэгчээ алдаж байна”, “Хурдан холбогдмоор байна” гэсэн гомдлууд ч ирж эхэлсэн. Төслийн нэгж байгууллагын зүгээс аж ахуй нэгжид шаардлага тавих эрх зүйн орчин байхгүй. Тиймээс эдгээр гомдлыг харьяа дүүргийнх нь татварын байцаагч нарт өгч, харин татварын байцаагч нар нь тухайн дүүрэгт харьяалах байгууллагад анхааруулга, сануулга өгч ажиллаж байна. 

-НӨАТ-ын баримт өгөөгүй, эсвэл стандартын бус баримтаар иргэдэд үйлчилсэн ААН-үүдэд ямар хариуцлага тооцох вэ?

-Стандартын бус гэдэг нь сугалааны дугааргүй, бар кодгүй, нэг үгээр хэлбэл Татварын нэгдсэн системд бүртгэлгүй баримтыг өгч буй хэрэг. Стандартын баримтыг олгоогүй цэгүүд хуулиараа тухайн сарын борлуулалтын орлогын хоёр хувиар торгуулах эрсдэлтэй. Тиймээс үүнээс сэргийлэхийн тулд нэгдсэн системд холбогдох шаардлагатай гэдгийг хэлмээр байна. 

-Цахимаар төлбөр тооцоо хийж буй иргэд ч гэсэн НӨАТ-ын баримтаа авах боломжтой юу?

-Тэгэлгүй яах вэ. Баримт зөвхөн цаасан байх албагүй. Цахим хэлбэрээр байж болно. Хамгийн гол нь QR код байх ёстой.  Интернэтээр төлбөр төлж буй иргэдийн хувьд өөрийн email хаягаараа төлбөрийн баримтаа хүлээн авах боломжтой. 

-Зарим иргэд НӨАТ-ын баримт авсан тохиолдолд тухайн бүтээгдэхүүний үнийг нэмж байна гэсэн гомдол байна. Энэ талаар тодруулаач?

-Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх ёсгүй. Хуучин НӨАТ-ын тухай хуульд ямар ч өөрчлөлт ороогүй. Харин ч босго нь 50 сая төгрөг болоод нэмэгдчихсэн. Ийм байтал зарим ААН хуулийг ашиглаж, бизнес хийхийг завдсан оролдлогууд гарч байгааг үгүйсгэхгүй. “Зарим газрууд баримтаа авбал үнийн дүнгийн 10 хувийг нэмнэ, авахгүй бол нэмэхгүй” гэсэн тухай гомдол бидэнд ирсэн.

Хэрвээ ийм тохиолдол гарвал тухайн байгууллага өмнө нь иргэдээс авч байсан татвараа төлдөггүй хувьдаа завшдаг байсан гэсэн үг. Харин шинэ хууль хэрэгжиж эхэлснээр энэ мэт асуудал  эхнээсээ илрээд эхэлж байна.

 Нуудаг байсан зүйл нь ил болсны дараа 10 хувийг нэмдэг асуудал гарч байгаа. 

Нуудаг байсан зүйл нь ил болсны дараа 10 хувийг нэмдэг асуудал гарч байгаа. Энэ бол яг үнэндээ хууль зөрчсөн явдал. Ийм асуудал гаргасан ААН-үүдэд  манайх татварын байцаагч нар болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай хамтран шалгалт хийхээр болсон. 

-Баримтаа бүртгүүлсэн даруйд баталгаажих уу?

-Иргэд баримтаа бүртгүүлсэн даруйд баталгаажина гэж  буруу ойлгоод байна. Хуулиараа тухайн ААН гурав хоногт багтаан борлуулалтын мэдээллээ нэгдсэн систем рүү илгээх юм. Тэгэхээр тухайн байгууллагын мэдээлэл нэгдсэн системд ирж байж л тухайн хүний баримт баталгаажна. Түүнээс өмнө бүртгэгдээд явж байх юм. Харин гурав хоног өнгөрсөн ч тухайн иргэний код баталгаажихгүй байвал Татварын ерөнхий газар руу хандаж гомдол гаргах хэрэгтэй. 

-Үүрэн холбооны оператор компаниуд нэгдсэн сүлжээнд холбогдсон уу?

-Үүрэн холбооны дөрвөн оператор компани татварын нэгдсэн сүлжээнд холбогдчихсон гэж хэлж болно. Одоогоор Unitel,  Mobicom компани баримт хэвлэж өгч байгаа. Скайтел, G mobile компанийн хувьд сүүлийн байдлаар мэдээллүүдээ авчихсан байгаа. Тун удахгүй сүлжээнд холбогдоно. 

Нийтийн тээвэрт НӨАТ-ын баримтыг  хэн өгөх нь тодорхойгүй

Нийслэлчүүд бид өдөр тутамдаа нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Хуульд зааснаар иргэдэд үйлчилж буй хэн ч байсан заавал төлбөрийн баримт хэвлэдэг тоног төхөөрөмж буюу кассын машинтай болох шаардлагатай. Үсчин, таксигаар үйлчлүүлэхдээ ч иргэд баримт шаардах эрхтэй. Гэхдээ одоогоор иргэд нийтийн тээврээр үйлчлүүлсэн тохиолдолд НӨАТ төлсөн баримтаа авч чадахгүй байгаа юм. Нийтийн тээврийн үйлчилгээний бүх орлого “Улаанбаатар смарт” карт компаниар дамжин автобус баазуудад очдог учир бид тус компанийн ерөнхий нягтлан бодогч Н.Уянгатай уулзлаа. 

Тус компанийн зүгээс оны өмнө Татварын ерөнхий газарт хандсан гэнэ. Учир нь НӨАТ-ын баримтыг автобус бааз, эсвэл Улаанбаатар смарт карт компани олгох эсэх нь тодорхойгүй байгаа юм байна. Энэ талаар тэрбээр “Ерөнхийдөө манай компанийн зүгээс Татварын Ерөнхий газарт оны өмнө хандсан байгаа. Гэхдээ нийтийн тээврийн салбарт орж буй орлого манай компанийн орлого биш.

Автобус баазуудын орлого. Манайх дамжуулах л үүрэг гүйцэтгэж байна. Мэдээж НӨАТ-ын баримтыг татвар төлөгч ч бай, татвар төлөгч биш ч бай бүх л байгууллага, иргэн энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хуулийн дагуу өгөх үүрэгтэй болсон байгаа.  

Харин энэ баримтыг Улаанбаатар смарт карт компани өгөх үү, эсвэл автобус баазууд өгөх үү гэдгийг тодруулахаар Татварын Ерөнхий газарт хандчихсан байна. Бид Татварын Ерөнхий газраас өгсөн чиг үүргийн дагуу л ажиллана. НӨАТ-ын шинэчилсэн хуулийг хэрэгжүүлэх төслийн багийнханд хандчихсан байгаа. Одоогоор хариу ирээгүй байна.

Удахгүй шийдэгдэх байх.  Гэхдээ баримт өгөх субьект нь манай биш. Учир нь орлого нь манайх биш учраас. Ерөнхийдөө орлого олж буй тал л баримтыг олгох ёстой. Тиймээс өнөөдрийн байдлаар НӨАТ-ын баримтыг манайх ч, автобус баазууд ч аль аль нь өгөөгүй байна” гэлээ. Үүнээс гадна такси компаниуд ч гэсэн НӨАТ-ын хуулийн заалтыг биелүүлж эхлээгүй байгааг энд дурьдах хэрэгтэй биз ээ. 

Лангуу түрээслэгчид шинэ хуульд дурамжхан байна

“Номин”, “Миний дэлгүүр”, “Макс” супермаркет зэрэг томоохон супермаркетууд иргэдэд НӨАТ-ын баримтыг иргэдэд өгч байгаа. Харин нийслэлчүүдийн ихэнхи нь зах, найман нэрийн хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж байгаа нь нууц биш. Тиймээс зах, худалдааны төвд лангуу түрээслэн бизнес эрхэлж  байгаа иргэдийг бүртгэлжүүлэх ажил энэ  сарын 15-ны өдрийг хүртэл хийгдэж, энэ сарын 16-ны өдрөөс эхлэн зах, худалдааны төвөөр сугалаатай баримт олгогдох талаар албаныхан хэлж буй.  

Худалдааны төв зах дээр лангуу түрээсэлдэг иргэдийн хувьд НӨАТ суутган төлөгч биш төдийгүй, хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэд юм. Иймээс тэднээс иргэд бараа худалдан авсан тохиолдолд НӨАТ-ын хоёр хувийн урамшууллын буцаан олголт явагдахгүй ч, сугалаанд оролцох боломжийг хангах тухай Сангийн сайдын зөвлөх С.Пүрэв тайлбарлаж байсан.

Гэхдээ бодит байдалд томоохон захууд дээр кассын машин тавьж, баримт хэвлэх нь учир дутагдалтай гэж харах худалдаа эрхлэгчид олон байна.  Дэгсдүүлж хэлбэл, “Нарантуул” захын нэг лангуунд гэхэд кассын машин тавих нь бүү хэл, өөрсдөө зогсох ч зайгүй байдаг нь үнэн. Тэгвэл энэ байдлыг зохицуулахад гар утсыг ашиглах боломжийг судалж байгаа тухай албаныхан хэллээ. Гар утсыг ашиглан тухайн зах дээр дундын баримт хэвлэх цэгүүдийг үүсгэх юм байна.  

Харин зах дээр зогсч буй худалдаа эрхлэгч гар утсаараа ebarimt.mn  сайт руу эсвэл өөрсдийн бараа худалдаж авсан кассын программ хангамж нийлүүлэгч байгууллагуудтай холбогдож, дөрөв эсвэл зургаан оронтой тоог тухайн худалдан авалт хийсэн иргэнд өгөх аж. Харин худалдан авагч кодоо авч,  баримт хэвлэх цэг дээр очиж, тухайн кодоо хийгээд баримт хэвлэж авах бололцоог судалж байгаа юм байна.

Одоогийн байдлаар “Баянзүрх” зах дээр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэв. Тиймээс бид “Баянзүрх” зах дээр очиж, худалдаа эрхлэгчидтэй уулзсан юм. Тэдний ихэнхи нь хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэлгүй байсны зэрэгцээ шинэ хуульд дурамжхан байгаагаа илэрхийлж байв. 

Сугалааны тохиролыг телевизээр шууд дамжуулна

НӨАТ-ын шинэ хууль хэрэгжиж эхэлснээр иргэд сугалаанд оролцож, 100 сая хүртлэх төгрөгийн хожих боломж нээгдсэн. Сугалааны эхний тохирол энэ сарын 17-нд болох бөгөөд иргэд ч чих тавин хүлээж байна. Харин сугалааг ямар хэлбэрээр явуулах нь олны анхаарлыг татаж байсан юм. Тэгвэл энэ талаар НӨАТ-ын Урамшууллын системийн ахлах хөгжүүлэгч Б.Насанжаргалаас тодруулахад, “Сугалааг илүү бодитой, шударга явагдаж байгааг ил тодоор харуулах үүднээс сугалааны тохирлыг цахим хэлбэрээр явуулахгүй. Тодорхой цаг хугацаанд телевизийн шууд нэвтрүүлгээр “бөмбөг үлээх" хэлбэрээр явуулах болно. 

Сугалааны эхний тохирол энэ сарын 17-ны өдөр болох бөгөөд одоогоор МҮОНТВ-ээр шууд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа. Гэхдээ өөр телевизээр гарахыг үгүйсгэхгүй. Энэ асуудлыг дарга удирдлагуудын зүгээс шийдвэрлэнэ” гэх хариултыг өглөө.  

Сугалааны тохирол сард хоёр удаа явагдах юм байна. Сугалааны тохирлыг явуулах журмын тухайд  иргэдийн баримт дээрх сугалааны дугаар нь хоёр латин том үсэг болон тэгээс ес хүртэлх найман цифр бүхий тооноос бүтсэн AA00000000 дугаарлалтаас ZZ99999999 дугаарлалтын хооронд байх аж. Сугалааны дугаарын хоёр үсэг нь дахин давтагдашгүй серийн дугаарыг илэрхийлэх гэнэ. Үндсэн болон супер сугалааны тохирлыг сугалааны машинаас найман бөмбөлөг санамсаргүй байдлаар тус тус үлээлгэн гаргах замаар хөндлөнгийн хяналтын дор зохион байгуулах юм байна.  

Худалдааны төвүүд QR кодгүй баримтаар үйлчилж байлаа 

Томоохон супермаркет, шатахуун түгээх станцууд НӨАТ-ын баримтыг иргэдэд олгож байгаа ч, хуулиар баталгаажсан QR нууцлалын кодтой баримт олгож байгаа нь ховор байна. Тухайлбал, манай сурвалжлах хэсэг олны нэрлэж заншсанаар 11 дүгээр хороололд байрлах Номин супермаркетаар орсон юм. Улмаар 1,550 төгрөгний үнэтэй кофе авахад нууцлалын кодгүй баримт хэвлэж өгч байлаа. Энэ талаар  лавлахад, доор нь сугалааны код нь байгаа гэсэн хариултыг өгч байсан юм.

Үүнээс гадна Моносын эмийн сангуудаар ч кодгүй баримтыг хэвлэж байв. Бүх аж ахуйн нэгжүүд QR кодтой баримтыг өгөх үүрэгтэй бөгөөд энэ нь өөрөө татварын албан ёсны баталгаажуулалт болох учиртай. Гэхдээ иргэн та кодгүй гээд баримтаа хаяж болохгүй гэдгийг сануулья. Хэдийгээр QR код байхгүй ч гэсэн сугалааны дугаар байгаа бол албан ёсоор бүртгэгдэж байгаа юм байна. Баталгаажсан баримт нь QR нууцлалын код хийгээд  сугалааны дугаар, татвар төлөгчийн дугаар зэрэг бичигдсэн байх ёстой.

Иргэд мэдээлэлгүй... 

Эцэст нь тэмдэглэхэд, хуулийн талаар иргэд төдийлөн мэдээлэлгүй байна. Бидний уулзсан таксины жолооч, хийгээд иргэдийн ихэнх нь НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлсэнийг мэдээгүй байсан юм. Хоёр ч жолоочтой бид уулзаж, шатахуун түгээх станцаас баримтаа авч байгаа эсэх талаар асуухад, анх удаа сонсож байгаагаа ч нуугаагүй. Бидэнтэй тааралдсан эхний жолооч бол С.Баяр. Тэрбээр соната-5 маркийн машинтай бөгөөд Дашваанжил болон Петровисын салбараас хоёр ч удаа газ авсан ч, нэг ч удаа НӨАТ-ын баримт өгөөгүй гэнэ.  Харин дараагийн жолооч нь Ц.Сумьяа  гэх хижээл насны жолооч. 

Тэрбээр энэ сарын 4-нд МТ-ын шатахуун түгээх станцаар үйлчлүүлсэн ч, мөн л баримт өгөөгүй байна. Мөн Их дэлгүүрийн кассын ажилтнуудын хэлж буйгаар  иргэдээс НӨАТ-ын баримтаа авах эсэхийг асуухад, зарим хүмүүс нь авдаггүй гэсэн. Энэ нь мөн л иргэд мэдээлэлгүй байгаатай холбоотой бизээ.

Дашрамд дурьдахад, зарим томоохон сүлжээ ресторануудын ажилтнууд ч хуулийн талаар мэдээлэлгүй байна. Тэдний нэг нь Broadway. Хамгийн үнэтэй, тансаг зэрэглэлийн сүлжээ ресторануудын нэг болох Broadway рестораны Мөнгөн завьяагийн дэргэдэх салбарын ажилтнууд НӨАТ-ын хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнийг мэдээгүй  байх жишээний. 

Тус ресторанаар үйлчлүүлсэн иргэн  НӨАТ-ын баримтаа авахыг хүсэхэд, баталгаат бус баримтыг өгч, “Хүмүүст үүнийг л өгч байгаа” хэмээн хэнэг ч үгүй хариулсан байх юм. Улмаар “баталгаажсан НӨАТ-ын баримт олгох талаар албан ёсны шаардлага ирээгүй, мэдэх­­гүй” гэсэн хариултыг иргэдэд өгч байгаа гэнэ. Тиймээс иргэд өөрсдөө тухайн үйлчлүүлсэн байгууллагаасаа баримтаа шаардах хэрэгтэй бөгөөд таны шаардлагыг биелүүл­ээгүй тохиолдолд холбог­дох байгууллагад ханд­аа­рай.

Мөн иргэн та баталгаажаагүй баримт авсан эсэхээс үл хамаараад худалдан авалт хийсэн баримтаа бүү хаяарай. Учир нь баталгаажсан баримтаар үйлчлээгүй аж ахуй нэгжид зарга үүсгэсэн тохиолдолд таны төлбөрийн баримт шаардагдах юм.  Мөн зарим ААН сугалааны дугааргүй баримтаар үйлчлэх тохиолдол гарч байгаа. Энэ тохиолдолд сугалаатай баримтаар солиулахад ч баримт тань хэрэг болно. НӨАТ төлөгч иргэн  та хамгийн түрүүн www.ebarimt.mn сайт руу орж бүртгүүлэх юм. 

Учир нь тухайн сайт руу оролгүй лавлах 1800-1288 дугаарын утас руу холбогдох тохиолдол их гарч байгааг албаныхан хэлж байна. Мөн бүх зааварчилгаа цахим хуудас дээр байгаа тул зааврын дагуу тасалбарын дугаарыг оруулсны дараа систем дээр бүртгэгдэж,  хоёр хувийн буцаан авалт хийгдэх боломж бүрдэнэ.

Үүнээс гадна сугалаанд хожсон тохиолдолд автоматаар таны урамшуулал дансанд тань шууд орох юм байна. Бага дүнтэй гүйлгээг автоматаар дансанд хийх учраас иргэд цахим сайтыг ашиглах шаардлагатайг дахин сануулья. Ямартай ч, нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээр иргэд тооцоотой болж, бизнесийн орчин эрүүлжиж, улс эдийн засгийн зөв бүртгэл, хяналтын тогтолцоотой болно гэж эдийн засагчид хэлж байгаа юм.

Зураг