Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Игата Маса: Монголчууд мөнгө авахдаа л хөрөнгө оруулагчийнхаа үгийг сонссон дүр үзүүлдэг

Г.Ганчимэг
2015 оны 9 сарын 3
Зууны мэдээ
Зураг зураг

“Invest Mongolia 2015” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт энэ сарын 8, 9-нд “Шангри Ла”-д зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулагч “Frontier securities” компанийн захирал Игата Масатай ярилцлаа.

-Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад ямар хүмүүс оролцох вэ. Одоо Монголын эдийн засгийн нөхцөл байдал тийм ч таатай биш байгаа. Ийм үед энэ арга хэмжээнд хэн ач холбогдол өгч байгаа нь сонирхолтой санагдаж байна?

-Өнөөдөр Монголын эдийн засаг хүндрэлтэй, эргэлт багатай, удаашралтай байгаа боловч японууд ч, монголчууд ч итгэл найдвараа алдалгүй хүлээж байгаа. Үүний нэг жишээ нь манай чуулга уулзалтад дотоод, гадаадын 500 гаруй хүн хүрэлцэн ирнэ. Хөрөнгө оруулагчдаас гадна Элчин сайдын яамны төлөөлөгчид, улстөрчид, УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд байсан хүмүүс, мөн одоогийн яамдын сайд нар оролцох юм. 

Энэ удаагийн үйл ажиллагаанд маань оролцохын тулд  ямар нэгэн төлбөр г төлөх шаардлагагүй.  Тиймээс эдийн засгийн г нөхцөл байдал болоод хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл авах сонирхолтой хүн бүхнийг хүрэлцэн ирээч гэж урьж байна. Монгол Улсын эдийн засаг өнөөдөр урд өмнө байгаагүйгээр хямарч, хэцүү болчихсон. Ийм цаг үед хөрөнгө оруулалтын орчин ч таагүй байгаа. Ийм хүнд, таагүй нөхцөлд Монгол Улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэл ч алдарсан.

Харин бид юу хийж, яавал хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг эргэж сэргээх вэ. Гадаадын хөрөнгө оруулалтыг яаж нэмэгдүүлэх вэ гэдгийг энэ уулзалтаар ярилцах юм. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн APIP, “Hogan Lovells”, “Moody’s” investors service, “Thales” зэрэг хэд хэдэн спонсор байгууллага манай үйл ажиллагааг дэмжиж байгаа. Чуулга уулзалтын дараа бид бизнес аялал зохион байгуулдаг. Одоогоор энэ аялалд оролцохоор 30 орчим хүн бүртгүүлээд байна.

-Томоохон хөрөнгө оруулагчдаас ямар улсын төлөөлөл ирэх вэ. Гадаадын хөрөнгө оруулалт сонирхож буй Монголын бизнесмэнүүд ямар бэлтгэл хангах вэ?

-30 орны төлөөлөгч ирж оролцоно. Томоохон хөрөнгө оруулагчдаас нэрлэвэл, Хятад, Сингапур, Хонг Конг, Өмнөд Солонгос, Америк, Европын орны төлөөлөгчид байгаа юм. Тэдний дотор Монголд хөрөнгө оруулалт хийж, бизнесээ эхлүүлсэн хүмүүс бий. Мөн цаашид хөрөнгө оруулахаар төлөвлөж буй хүмүүс ч байгаа.

Монголын бизнес эрхлэгчид эдгээр хөрөнгө оруулагчтай уулзаж, харилцан санал солилцох боломж нээлттэй.

Монголын бизнес эрхлэгчид эдгээр хөрөнгө оруулагчтай уулзаж, харилцан санал солилцох боломж нээлттэй. Манай үндсэн үйл ажиллагаа семинар хэлбэрээр Англи, Монгол хэлээр явагддаг. Мөн үеэр гадна талбайд компаниудын танилцуулгын үзэсгэлэн гарна. Одоо 10 компанийн танилцуулга бэлэн болоод байна. Үйл ажиллагаагаа гадаадын хөрөнгө оруулагчдад илүү дэлгэрэнгүй танилцуулах сонирхолтой компани энэ хэсэгт үзэсгэлэн гаргаж болох юм.

-Танай компани жил бүр хөрөнгө оруулалтын чуулган зохион байгуулдаг уламжлалтай. Гэхдээ ямар үр дүн гардаг юм бол?

-Энэ удаагийн Улаанбаатарт зохион байгуулагдаж байгаа чуулга уулзалт бол ес дэх удаагийнх юм. Үүний дараа энэ оны 12 дугаар сарын 9-нд Токиод гурав дахь удаагаа Монголд хөрөнгө оруулагчдын чуулганыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Үүнд ойролцоогоор 300 орчим хүн оролцох төлөвтэй. Үүний 100 орчим нь Монголоос очдог. Японд зохион байгуулагдаж байгаа Монголд хөрөнгө оруулагчдын хамгийн том чуулга уулзалт бол энэ юм.

-Японууд Монголд хэр хөрөнгө оруулалт хийдэг юм бол. Ер нь бизнесийн шийдвэр гаргахдаа их удаан гэж ярьдаг?

-Японууд жил ирэх тусам Монголд хөрөнгө оруулах тоо хэмжээ нь өсч байгаа. Цаашид ч өсөх болов уу. Японууд хөрөнгө оруулалт хийхдээ их удаан гэдгээрээ шүүмжлэлд өртөх тал бий. Гэхдээ хамгийн ашигтай, боломжтой, амжилтад хүрсэн бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийсэн байдаг нь өнөөдөр харагдаж байна. Японы Эдийн засгийн хүрээлэнгийн төлөөлөгчид Монголд саяхан ирээд буцсан.

Японууд жил ирэх тусам Монголд хөрөнгө оруулах тоо хэмжээ нь өсч байгаа. 

Дэлхий дамнасан корпораци, Японы томоохон компани, банкуудын төлөөлөл ямар бизнест хөрөнгө оруулах гэж байгаа вэ гэдэгтэйгээ газар дээр нь танилцлаа. Тиймээс энэ нь томоохон хөрөнгө оруулалтын дохио юм болов уу гэж харж байгаа.

Монгол Японы хооронд эдийн засгийн хэлэлцээр байгуулагдсан. Үүний дагуу хоёр орны гадаад худалдааны татварыг багасгана. Энэ нь хоёр улсын бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа явуулахад нэлээд таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

-Өнгөрсөн онд зохион байгуулсан хөрөнгө оруулагчдын чуулганы санал зөвлөмжийг манайхан хэрхэн хүлээн авсан бол?

-Өмнөх чуулга уулзалтын үеэр бидний хэлсэн гол санаа нь улс төрийн нөхцөл байдал, улстөрчдийн гаргаж буй шийдвэрүүд яг энэ чигээрээ байвал амжилтад хүрэхгүй. Хөрөнгө оруулагчид улам зугтаах нөхцөлийг бүрдүүлж байна. Үүнийгээ засч залруулах хэрэгтэй гэдгийг маш их хэлсэн боловч заавар зөвлөмжийн Дагуу огт яваагүй. Улам л хүндрэлтэй байдалд шилжчихээд байна. Тиймээс яг энэ байдлаараа цааш үргэлжлээд явбал улам л хүндэрнэ. Эдийн засаг өшөө доошилж Унана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Грек шиг болох магадлалтай.

-Тэгвэл таныхаар Монголын эдийн засгийг сэргээхийн тулд юу хийх ёстой вэ?

-Эдийн засгаа сэргээхийн тулд хамгийн гол бодох ёстой хүмүүс нь монголчууд өөрсдөө. Дотооддоо мөнгөгүй гэдэг нь тодорхой болсон. Тиймээс гадаадаас хөрөнгө оруулалт татахаас өөр гарцгүй. Ингэхдээ гадаадын хөрөнгө оруулагчдын яавал Монголд мөнгө өгөх юм бэ гэдгийг нь буюу хэлэх үгийг сонсох хэрэгтэй.

Монголчуудын гаргадаг нэг алдаа нь мөнгө авах үедээ л нөгөө хүмүүсийнхээ яриаг сонссон дүр үзүүлдэг. Мөнгөө авангуутаа үл тоомсорлож эхэлдэг. Иймэрхүү байдал нь хэнд ч итгэл төрүүлэхгүй. Хатуугаар хэлэхэд, Монголын томоохон төслүүд дээр Удирдах зөвлөлд эсвэл гүйцэтгэх захирлаар нь гадаадын чадварлаг боловсон хүчнийг тавих аргачлал байж болно.

Тухайлбал. “Эрдэнэс Таван Толгой"-гийн жишээ бий. Гадаадын чадварлаг захирлыг тавиач гэдэг санал гарч байсан. Гэтэл монголчууд “Энэ компани 100 хувь Монголын өмч учраас монгол хүнээ тавина” хэмээн зүтгэсэн. Ингээд гадаадаас орж ирэх байсан хөрөнгө оруулалт нь зогссон юм. Энэ нь ч зөв байсан. Яагаад гэвэл, хөрөнгө оруулагчид“Эрдэнэс Таван Толгой” иймэрхүү байдалд орно гэдгийг урьдчилан таамагласан хэрэг. Гэхдээ Монголын эдийн засаг дандаа буурахгүй. Сайнтай, муутай л явна.

-Өмнөх өрөө төлөөгүй байж дахиад өр тавих гэлээ хэмээн эсэргүүцэгчид бас бий шүү дээ?

-Өрөн дээр өр нэмэх нь онцгүй үйл ажиллагаа гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа. Гэвч үүнээс өөр гарц үгүй. Мөнгөний эх үүсвэргүй бол Монголын томоохон банкууд нь дампуурч, бүгдээрээ хүзүүгээ боомилсонтой адилхан нөхцөл байдалд хүрэх учраас хүссэн, хүсээгүй өрийн удирдлагыг аль болох уян хатнаар зохицуулах хэрэгтэй болж байгаа юм.

Зураг