Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хутаг уулын дурсгал хутганы ирэн дээр байна

Ч.Олдох
2015 оны 4 сарын 21
Зууны мэдээ
Зураг зураг

Чингис хаан, Говийн мэргэн гүн, Догшин ноён хутагт болон хувилгаад, алдартай хүмүүс, тэдэнтэй холбоотой нутаг усны домог, түүхээрээ бахархаж байдаг Дорноговийнхонд долоон бэрхшээл учирчээ.

Уран, жонш, хүрэн нүүрс, ашигт малтмалын бусад баялаг ихтэй нутаг нь толгой муутай дарга нар, мөнгөнд дуртай зарим хүний уршгаар лиценз болж бусдын гарт орсноор хүн, мал амьтдад аюул нүүрлэжээ. Захын сумаар ороход л малаа бэлчээх газаргүй бухимдсан иргэд угтана.

Хаашаа л харна ундны усаар гачигдан ангаж цангасан мал, амьтад аврал эрэх мэт хүний бараанаар дөтлөх нь өрөвдмөөр. Ийнхүү тоочоод байвал гамшиг ч их, гайд өртсөн өрх айл, малчид цөөнгүй. Тэдгээр зовлонгийн зөвхөн нэг хэсэг нь Хөвсгөл, Хатанбулаг сумын нутгийн заагт оршдог, Хутаг хайрхан орчмыг өнгөрсөн намраас ухахаар зэхэж эхэлсэн явдал ажээ.

Зэсийн арвин нөөц нь Хутаг уулыг цаазын тавцанд, нэг үгээр хэлбэл энэ хавийн түүхийн дурсгал, байгаль орчин, цаашилбал иргэдийн эрүүл мэндийг хутганы ирэн дээр авчраад байгааг нутгийн иргэд ярьж байна. Тэдний хэлж буйгаар нэг мэдсэн шүтээн уул нь бүхэлдээ БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Галакси Майнинг Монголиа” ХХК-ийн зэсийн хайгуулын талбайд орчихсон байсан гэнэ.

Ингээд иргэдийн тэмцэл, УИХ-ын Өргөдлийн Байнгын хороонд гаргасан хүсэлт, ТББ-уудын шаардлага гээд ар араасаа асуудал өрнөжээ. Тэгж хөдөлсний дүнд 2014 оны арваннэгдүгээр сард олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр уулын зарим хэсэг тус компанийн талбайгаас чөлөөлөгдсөн байна. Гэхдээ ар хэсэг буюу хойд хөндийн лиценз хэвээр үлджээ. Нутгийн иргэд шүтээн уулаа бүрэн бүтэн, онгон дагшнаар нь байлгах, шашин шүтлэг, түүх соёлын дурсгал, байгаль орчноо аварч үлдэхийг чармайж байна.

ОВООГОО ТАХИХАД КОМПАНИАС ЗӨВШӨӨРӨЛ АВНА

Хутаг уул хангайн бүс нутагт бол дов, товцогт тооцогдохоор намхан. Гэвч Дорноговь аймгийн хамгийн өндөр цэг, хуучнаар Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны үе дамжин шүтэж ирсэн тахилгат уул юм.

Гэтэл одоо “Уулаа тахихын тулд компаниас зөвшөөрөл авч байж очих нь” хэмээн бухимдах хүн олон байна.

Уулын бэлээр эртний хүн, амьтны мөр, булш, бунхан, хадны сүг зураг элбэг. 

Хайрхан уул түүх, соёлын дурсгал олонтой. Чингис хааны Их цагаан сүлдний нэгийг энэ хайрхны өвөр бэлд тахиж ирсэн нь 1930-аад оны үе хүртэл байжээ.

Түүнийг тахиж шүтэж, харж хамгаалж ирсэн тугчин овгийнхны үр хойч одоо ч амьдарч байна. Хожим цагаан сүлдийг зөөж Сүлдэнэ хөх толгой хэмээх газар залсан нь ч Хутаг уулаас холгүй оршдог. Гуа тээг, Эргэлийн зоо, Ац богд, Хоёр загал, Баруун зүүн Хасар, Шивээ, Бурхант, Дарьт, Хатаны булаг гэхчлэн энэ нутагт Чингис хааны түүхтэй холбоотой 13-14 газар бий.

Түүнээс гадна Говийн I, V ноён хутагтын төрсөн гэрийн буйр, нутаглаж, тахиж байсан дагшин газрууд оршдог. Уулын бэлээр эртний хүн, амьтны мөр, булш, бунхан, хадны сүг зураг элбэг. Энэ нутаг бүхэлдээ алдарт Эндрьюсийн экспедиц судалгаа хийж байсан талбай юм. Тэгвэл өдгөө энэ бүхэн уул уурхайн нүргээн, тэнд ирж очиж буй хүмүүсийн хөлөөр устаж үгүй болоход ойртжээ. Уул уурхайн ажлын өмнөтгөл болсон археологийн авран хамгаалах урьдчилсан хайгуулаар гэхэд л тэндээс чулуун байгууламж 43, булш бунхан 54, зэл чулуу 4, сүм хийдийн туурь нэгийг илрүүлжээ.

АН АМЬТАД ХУЛЬЖИЖ, БУЛАГ ШАНД ХАТАХ ХАМААГҮЙ ГЭЖ ҮҮ?

Хутаг уулын байгалийн цогцолбор газарт зэрлэг сонгино, агь, борхой, чулуун таваг, алтан харгана, алтан утас зэрэг 100 гаруй төрлийн эмийн ховор ургамалтай.

Аргаль хонь, хулан, хар сүүлт, цагаан зээр, чоно, үнэг, хярс, мануул, дорго, морин шилүүс зэрэг тууртан болон махан идэшт амьтан, хөх цахлай, ууль, ятуу, ногтруу, тас зэрэг жигүүртэн шувууд нутагшжээ. “Галакси Майнинг Монголиа” компанийн зүгээс “Бид Хутаг уулыг лицензийн талбайгаас гаргасан, уулын баруун дор орших Асман булгийг тойруулж зөвшөөрөл авсан” гэх байх л даа.

Уул, усыг нь хэчнээн тойрууллаа ч нэгэнт уул уурхай ажиллаад эхэлбэл аргаль янгираас өгсүүлээд ан амьтад нь хульжиж одно. Аргаль л гэхэд тус компанийн ашиглалтын талбайгаар бэлчиж байдаг юм билээ.

Компанийн талбайд нэг бус нэргүй жижиг булаг, шанд орсон учраас Асман булгийг газар доогуур тэжээж байдаг судлууд тасарч, хатаж ширгэх аюул ойрхон байна.

ХУТАГ УУЛААС ӨӨР ГАЗАР НЭРЭЭР НЬ ЗӨВШӨӨРӨЛ ӨГЧ ТӨӨРӨЛДҮҮЛЖЭЭ

Хутаг ууланд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл өгсөн үйл явц тун сонин. Тухайлбал, Хутаг уул нэртэйгээр 1999 оны шинэ жилийн баяраар орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа хэмээн кадастрын бүртгэлд оруулжээ. Гэвч байршлын зураг дээр тэмдэглэгдсэн
Хутаг уулаасаа бол өөр газар байгаа юм. Харин байршлын зураг дээр тэмдэглээтэй байгаа Хутаг уулд 2004 онд XV -8525 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг аймгийн Засаг даргынх нь “Дэмжсэн” саналыг үндэслэн олгосон байна.

Мөн энэхүү тусгай зөвшөөрөлтэй талбайн тодорхой хэсэгт онцгой эрхтэйгээр 2014 оны арваннэгдүгээр сард MV 17663 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл давхар олгогджээ. Бас нэг  базаахгүй мэдээлэл дуулдаж байгаа нь Дорноговь аймаг болон сумдын дунд шатны хурган дарга нар, нэр бүхий ИТХ-ын дарга нарыг тус аймагт уул  уурхай, ашигт малтмалын  ажил явуулдаг компаниуд гадаадад амрааж, аялуулж  зугаалуулдаг болжээ.

Сүүлдээ тэр нь нутгийн иргэд рүү орж, малчид шинжилгээнд явах нэрээр  аль нэг улсад аялж, амарч амаа таглуулаад ирдэг болсон гэнэ. Дорноговьд ганц Хутаг уул ч биш  Цагаан дэлийн агуй, Чандмань хайрхан уул гээд олон газар, түүхийн өчнөөн дурсгал, байгаль орчин,ан амьтад сүйдэхээр байгаад төр, засаг анхаарал хандуулах цаг болжээ.    

Энэ талаар Өргөдлийн Байнгын хорооноос ямар  арга хэмжээ авч байгааг тодруулахад МХЕГ-т  шалгуулахаар өгсөн. Хариу ирээгүй байна гэв.

Үргэлжлэл бий.

Зураг