Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын соёл иргэншил Өвөр Монголоос гаралтай гэжээ

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Хэсэг эрдэмтэд Хятадын соёл иргэншлийг одоогийн Өвөр Монголд оршиж байгаад цаг уурын өөрчлөлтөөс болж дүрвэсэн хүмүүс 4,000 жилийн өмнө бий болгосон гэдэг таамаглал дэвшүүлжээ.

Хятад болон Америкийн эрдэмтэд цаг уурын өөрчлөлтөөс болж үүссэн томоохон хэмжээний нүүдлийн эртний ул мөрийг илрүүлсэн гэнэ.

Тэдний дүгнэлтээр 4,200 орчим жилийн өмнө бороо хур багасч, хөрсний ус татран, нуурууд ширгэснээр Неолитикийн үеийн соёл төгсгөл болон одоогийн Өвөр Монголын нутагт элсэн манхнаас өөр зүйл үлдээгээгүй аж.

Археологийн олдворууд болох хаш чулуун эдлэлүүд нь энд амьдарч байсан хүмүүс ан агнуур, загасчлал, худалдаа арилжаа эрхлэн амьдарч байсан ул мөрийг харуулдаг. Гэвч тэдгээр хүний гараар бүтсэн эд зүйлс нь хэсэг хугацаанд зогсчээ.

Өөрөөр хэлбэл түүнээс хойш 600 орчим жил хүний бүтээсэн зүйлс огт олдоогүй гэнэ.

Урсгал ус, ой модод, нуур цөөрмүүд нь цэцэглэн хөгжиж байсан шинэ Чулуун зэвсгийн үеийн соёлтой хамт элсэнд дарагджээ.

Хятадын ШУА-ийн Геологи, Геофизикийн Хүрээлэнгийн профессор Янг Шиаопинг нь өөрийн хамтрагчид болох Хятад, Шинэ Мексик, Хавай, Техасын судлаачидтай хамтран лабораторийн шинэ багажийн тусламжтайгаар Хятадын хойд хэсэг дэхь элсэн цөл нь урьд нь бодож байсан шиг хэдэн сая жилийн настай биш болохыг тогтоожээ.

Харин нэлээд сүүлд үүссэн болохыг илрүүлсэн гэнэ.

Эндээс олдсон луу хэлбэртэй хаш чулуун эд зүйлс зэрэг олдворуудаас улбаалаад Хятадын соёл иргэншил нь Шар мөрний сав газраас үүсэлтэй биш, харин хойд зүгээс үүсэлтэй байж болох санааг дэвшүүлжээ.

Хэрвээ үнэн бол дэлхийн хамгийн эртний соёл иргэншлүүдийн нэг цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй дүрвэлтээс үүссэн байж магадгүй байна.

 

Энэ тухай PNAS.org сайтад дэлгэрэнгүй материал нийтлэгдсэн байна.