Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

ДНБ гурав дахин нэмэгдсэн ч ГШХО долоон жилийн өмнөх түвшин рүүгээ ухарчээ

Ч.Болортуяа
2015 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын эдийн засаг тэр дундаа гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурснаар төгрөгийн ханш суларч өнөөдрийн байдлаар ам.долларын албан ханш 1924.90 төгрөгт хүрээд байна. 

Валютын ханш нэмэгдсэнээр импортын бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж хэрэглэгчийн худалдан авах чадвар муудсаар байгаа юм. Энэ байдал цаашдаа Монголын эдийн засагт эргэлдэх М2 буюу нийт мөнгөний хэмжээг бууруулж, эдийн засгийг бүхэлд нь хямраах байдалд хүргэж болох талаар эдийн засагчид анхааруулсаар байгаа билээ. 

Өөрөөр хэлбэл, эдийн засаг агшина гэсэн үг. Эдийн засаг агших тусам хувийн хэвшлийн орон зай хумигдах сөрөг нөлөөтэй. 

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2008 онд 7,6 их наяд төгрөг байсан бол 2014 онд 21 их наяд төгрөгт хүрээд байна. Хамгийн сонирхолтой нь долоон жилийн өмнөх буюу 2008 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 838,5 сая доллар байсан бол 2014 онд зургаан жилээр ухарч 845 сая ам.доллар болсон байх юм. 

Үүнээс нэгэн сонирхолтой зураг харагдаж байна. Манай ДНБ гурав дахин өссөн байхад ГШХӨ яг долоон жилийн өмнөхтэйгээ адил хэмжээнд ирээд байна. 

Дотоодын үйлдвэрлэлгүй , 90 хувь уул уурхайн бүтээгдэхүүнээс хараат Монголын Улсын экспорт нэмэгдэж байгаа валютын орох урсгал төдийлөн сайн нэмэгдэж чадахгүй байсаар байгаа юм. 

Одоо бид улсаараа ухрах уу, урагшлах уу гэдэг сонголтод ирээд байна. 

Дээрх графикаас харахад 2012 онд 4408 сая.долларт хүрч байсан Гадаадын Шууд Хөрөнгө Оруулалт хоёрхон жилийн хугацаанд буюу 2014 онд 845 сая.доллар болтлоо буурч зургаан жилийн өмнөх 2008 оны гадаадын шууд хөрөнгө оруулалтын дүнтэй ойролцоо болсон байна.

Одоо бидэнд ямар гарц байна вэ. 

Эдийн засагчдын үзэж буйгаар өрийн босгыг хуульд заасан хэмжээнээс дээш буюу 40-70 хувьд хүргэх нь валютын орох урсгалд маш их ач холбогдолтой гэж үзэж байна. 

Олон улсын валютын сан ч мөн Монгол Улсыг Өрийн удирдлагын тухай хуулиа яаралтай батлах шаардлагатай талаар зөвлөмж өгсөн байгаа. 

Засгийн газрын өрийн хязгаарыг нэмснээр өр, зээлийг заавал нэмэх бус валютын урсгалыг нэмэгдүүлэх томоохон дохио болно гэж эдийн засагч нар онцолж байгаа юм. Тэгээд ч Монгол Улс өрийн нэгдсэн бодлоготой болох зайлшгүй шаардлагатай байсаар байгаа билээ.