Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: Монгол залуус тэргэнцэр үйлдвэрлэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлэглэж байна

Ч.Болортуяа
2015 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Монголдоо унадаг дугуй үйлдвэрлэн “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг дэмжиж байсан “Никель Ганбаа” компанийн залуус нэгэн сайхан үйл хэргийг эхлүүлжээ.

Тус компани нь сүүлийн нэг жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамгийн чухал хэрэгцээний нэг болох тэргэнцрийг дотооддоо үйлдвэрлэж байгаа юм.

Тэд бүтээгдэхүүнээ өндөр чанартай үйлдвэрлэж эдэлгээ удаан байх талаас нь анхаарч байгаа талаар ярьж байлаа.

"Никель Ганбаа” компанийн залуус эдгээр бүтээгдэхүүнийхээ дээжээс буюу нийт 50 ширхэг тэргэнцрийг хандивын аян өрнүүлж тэргэнцэр нэн шаардлагатай байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлэглэх юм байна.

Өнгөрсөн удаад нийт таван хүнд тэргэнцэр бэлэглэсэн бол өнөөдөр хандивын анхны албан ёсны арга хэмжээ зохион байгуулж дараагийн таван хүнд хамгийн хэрэгцээтэй унааг нь бэлэглэх гэж байна.

Тэргэнцэр бүтэх зардал нэлээд өндөр аж.  Хэрэглэгчийн дор хаяж нэгээс хоёр жилийн эдэлгээ даах бүтээгдэхүүн нэг сая орчим төгрөгний үнэтэй бүтэж байгаа талаар “Никель Ганбаа” компанийн үүсгэн байгуулагч Г.Дашням ярьсан юм.

Гэхдээ энэ нь хөгжингүй оронд үйлдвэрлэдэг сайн чанарын тэргэнцэртэй харьцуулахад үнийн хувьд хямд ч чанараар бол тэдэнтэй дүйж буй гэнэ.

Хэдийгээр манай улсад урд хөршөөс орж ирсэн чанар муутай тэргэнцрүүд хямдаар зарагддаг ч эдгээр нь ердөө нэгээс хоёр сарын эдэлгээтэй байдаг аж. Түүнчлэн хэрэглэгчийн биеийн онцлог, хэмжээнд нь таардаггүй зэрэг олон дутагдалтай байдаг гэнэ.

Nikel Ganba Winter Charity-г гуравдугаар сар хүртэл үргэлжлүүлэх бөгөөд энэ хугацаанд нийт 50 хүүхэд, томчуудад өөрийнх нь онцлогт тохирсон чанартай тэргэнцрийг бэлэглэх зорилттой.

Хандивын аяны анхны үдэшлэг өнөөдөр 22.00 цагаас VLVT клубт болох юм байна.

Өнөөдрийн үдэшлэгээс залуус 4.9 сая төгрөг олох зорилготой бөгөөд энэхүү мөнгөөр таван иргэнд тэргэнцэр бэлэглэнэ.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.