Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Зээлжих зэрэглэлээ өөрсдөө тогтооно

Д.Оюунчимэг, Зууны мэдээ
2014 оны 12 сарын 19
Зууны мэдээ
Зураг зураг

Moody's агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг өслөө, буурлаа хэмээн олон янзаар мэдээлж байсан цаг саяхан.

Мөн манай улсын томоохон банкуудын зээлжих зэрэглэл өөрчлөгдсөн тухай мэдээллүүдийг гаргасаар байна. Үүний хүчинд олон нийт энэ талаар бага ч гэсэн ойлголттой болсон.

Зээлжих зэрэглэлийн байгууллагын дүгнэлт нь хөрөнгө оруулалтыг татах таатай орчныг бүрдүүлдэг. Ер нь ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага манайхаас бусад улс оронд бий гэдгийг эдийн засгийн салбарынхан нь хэлдэг.

Тиймээс энэ төрлийн үйлчилгээг авахаар олон улсын байгууллагад ханддаг гэдгийг банкирууд хэлж байв.

Зээлжих зэрэглэлийн байгууллагын дүгнэлт нь хөрөнгө оруулалтыг татах таатай орчныг бүрдүүлдэг.

Асар өндөр зардлаар уг үйлчилгээг авдаг боловч нөгөө талаас санхүүгийн зах зээлийн бүхий л салбарт хөрөнгө оруулах хүсэлтэй хэн бүхэнд итгэл үнэмшил төрүүлэх гол хэрэгсэл болдог учраас түүнд ач холбогдол өгөх нь ч олон.

Энгийнээр тайлбарлавал, хүү бага, хугацаа урт зээл авахын тулд төлбөрийн чадвар, санхүүгийн сахилга бат сайтай гэдгийг батлах баталгаа юм.

Тухайлбал, зэрэглэл тогтоолгохын тулд хамгийн багадаа 60 мянган ам.доллар төлөх бөгөөд хэрэв бонд гаргах гэж буй бол 150 мянгаас дээш хэмжээгээр төлбөр хийдэг.

Үүнийг арилжааны топ таван банкаар төсөөлвөл жилдээ дор хаяж 300 мянган ам.долларыг гадаадын үнэлгээний агентлагт өгч байна гэсэн үг.

Тэгвэл бид өөрсдөө зээлжих зэрэглэл тогтоодог агентлагтай болчихвол энэ мөнгийг дотооддоо үлдээх боломж бүрдэх юм.

Суурьгүйгээр байшин барьдаггүйтэй адил хууль эрхзүйн орчинг нь бүрдүүлэхгүйгээр бүтээх боломжгүй.Тиймээс 2010 онд үүнииг зохицуулах боломж бүрдсэн гэдгийг албаныхан хэлэв.

Түүнээс гадна үнэлгээ гаргахад хэрэглэх суурь мэдээлэл нь 1996 оноос хойш Төв банкинд төвлөрсөн гэдгийг ч тэд онцолж байв.

Тэгэхээр ханцуй шамлаад дайрах л үлдэж байна.

Зах зээлийн хуулиар эрэлт, нийлүүлэлт энэ тэнцүүхэн байж бизнес хөгждөг.

Зах зээлийн хуулиар эрэлт, нийлүүлэлт энэ тэнцүүхэн байж бизнес хөгждөг. Тэгвэл манай улсын хувьд зээлжих зэрэглэл тогтоох үндэсний агентлагтай болох эрэлт урган гарсныг салбарынхан нь хэлж байна.

Тиймээс нийлүүлэлтэд анхаарлаа хандуулах цаг болжээ. Монгол Улсын хэмжээнд зээлжих зэрэглэл тогтоох байгууллагатай болох тухай хүмүүс яриад эхэлчихэж.

Харин үүнийг хэрхэн хөрсөнд буулгах талаар:

  • Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэн,
     
  • "Ард капитал” компанийн захирал Б.Өлзийбаяр,
     
  • Худалдаа хөгжлийн банкны газрын захирал Б.Эрхэмбаяр,
     
  • Санхүүгийн зохицуулах хорооны хэлтсийн дарга Б.Долгорсүрэн нарын байр суурийг сонирхлоо.

Б.Өлзийбаяр: БУСАД ОРНЫ ЖИШГИЙГ ДАГАХ ХЭРЭГТЭЙ

-Саяхан Японд болсон санхүүгийн зах зээлийн асуудлаар хэлэлцсэн. Түүнд зээлжих зэрэглэлийн талаар ярьж байсан юм.

Энэ салбарын ажил итгэлцэл дээр тогтдог.

Тэгэхээр манай улсын хувьд энэ салбарыг бойжуулах цаг нь болсон. Тиймээс санаачилга гаргаад хэлэлцэж байгаад баярлаж байна. Харин хэт өндөр босго тогтоочих вий гэсэн болгоомжлол бий.

Ер нь энэ салбарын ажил итгэлцэл дээр тогтдог. Тэгэхээр бусад орны жишиг ямар байгааг харах хэрэгтэй.

Б.Эрхэмбаяр: ХУУЛЬ ЭРХЗҮЙН ОРЧНЫГ ТОДОРХОЙ БОЛГОХ НЬ ЧУХАЛ

-Манай улсын хувьд үнэлгээний байгууллагатай болох зайлшгүй шаардлага тулгарсан.

Ялангуяа дотоод зах зээл дээр ажиллахад бодит үнэлгээ хийх, түүнчлэн хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд тустай.

Яагаад гэвэл дотоодын аж ахуйн нэгжүүд тэр бүр гадагшаа хандаж үнэлгээ хийлгэх боломж хязгаарлагдмал.

Энэ салбарыг хөгжүүлэхэд хууль эрх зүйн орчныг тодорхой болгох хэрэгтэй. Харин процессийн оролцоотой, төрийн өмчийн хэлбэртэй аж ахуйн нэгж байх шаардлагагүй.

Б.Лхагвасүрэн: ӨӨРИЙН ГЭСЭН АРГАЧЛАЛТАЙ БАЙХ ЁСТОЙ

-Зэрэглэлийн үнэлгээ тогтоох нь маш чухал.

Хэрэв аж ахуйн нэгж зэрэглэлээ тогтоолгон, үнэлүүлчихвэл хөрөнгө оруулалт авахад хялбар байх болно. Өөрөөр хэлбэл, цаг хугацаа хэмнэх юм.

Манай улсын зээлжих зэрэглэл буурахад зээлийн хүү өндөр болохоос гадна, эрсдэлтэй гэдгийн баталгаа болдог.

Мөн зээлийн зэрэглэлээс хамааран хүү болон зардлын хэмжээ багасна.

Тухайлбал, манай улсын зээлжих зэрэглэл буурахад зээлийн хүү өндөр болохоос гадна, эрсдэлтэй гэдгийн баталгаа болдог.

Мэдээж гадны улс оронд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд тухайн компани өөрийн гэсэн аргачлалтай байх ёстой.

Гадныхныг дуурайж болохгүй. Тэр нь хэр үнэн зөв, бодитой байхаас гадна цаг хугацаа өнгөрсний дараа гадныханд хүлээн зөвшөөрөгдөх болно.

Б.Долгорсүрэн: ЗЭРЭГЛЭЛ ТОГТООХ ЖУРАМ БАТАЛСАН

-Зэрэглэл тогтоох байгууллагын журам баталсан байгаа. Үүсгэн байгуулах байгууллага нь банк, банк бус санхүүгийн байгууллага болон олон улсын байгууллага байж болно.

Түүнээс гадна сүүлийн таван жилд аудитаар хянуулсан тайлантай, жилийн борлуулалтын орлого нэг тэрбум төгрөгөөс дээш орлоготой байх ёстой.

Энэ нь санхүүгийн зэрэглэл тогтоох байгууллагын чадамжийг харуулж байгаа юм. Тусгай зөвшөөрөл авахад бусдаас ялгарах зүйл байхгүй.

Хяналтыг хэрхэн хийх талаар журамд тусгасан салбарт үйл ажиллагаа явуулах эхний алхамыг хийчихсэн гэж болно.

Зураг