Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Карьераа дуусган байж тэмцсэн САЙДЫН СУУДАЛ

Ч.Болортуяа
2014 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Шийдлийн Засгийн газар 19 сайдтай. Эдгээрийн 10 буюу 52 хувь нь УИХ-ын гишүүн. 

Ерөнхий сайдыг хасч тооцвол яг 50 хувь нь УИХ-ын гишүүн, 50 хувь нь гишүүн бус хүмүүс бүрдэж байгаа нь дан дээлтэй Засгийн газар байгуулах асуудал яригдаж байх үед АН-ын анх дэвшүүлж байсан хувилбартай дүйх аж. 

Харамсалтай нь, энэ Засгийн газарт нь нэг л зохимжгүй хүн багтаж байна. 

Шуудхан хэлбэл энэ бол Р.Бурмаа гишүүн. 

Ерөнхий сайд асан С.Баяр "Ажлаа эхлээгүй, гараан дээрээ байхад нь элдвээр хэлэх нь Монгол хүний ёс биш л дээ" гэж шинэ Засгийн газрын тухай элдвийг хэлэхээс цээрлэж байсан бол ердөө хэдхэн хоногийн өмнө өрнөж байсан үйл явдлыг мартан Р.Бурмаагийн тухай дуугүй өнгөрөх нь ёс бус зүйл болоод байна.

НАМ ГЭЖ ЮУ ЮМ БЭ?

Р.Бурмаа гишүүн 2014 оны дөрөвдүгээр сарын 29-ний Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр хэлсэн үгэндээ "25 жил өөрийн амьдралаа ардчилалд зориулахдаа төрийн дээр сандайлсан намыг болиулах гэж, эрх зүйт төрийг бий болгох ирсэн хүн би" гэж тодорхойлов. 

Харамсалтай нь Р.Бурмаа гишүүнд сонгогчид шууд утгаараа бус АН-д санал өгч байж тэрбээр УИХ-ын гишүүн болсон нэгэн билээ. 
Тэгвэл НАМ гэж ер нь юу юм бэ. УИХ-д сонгогдох, эрх мэдэлд хүрэх зүгээр л нэг ШАТ дамжлага, хууран мэхлэлт үү. 

Намын жагсаалтаар сонгогдож УИХ-д сонгогдсон атлаа намынхаа эсрэг зүйл ярьж суух нь ер нь зүй ёсонд нийцэх үү. Түүнд 2012 онд бие дааж нэр дэвшээд сонгогдох боломж байсан шүү дээ. Харин Р.Бурмаа тэгээгүй. 

"Хуралдаа суудаггүй, ирцээ бүрдүүлдэггүй давхар дээлийн чинь асуудал гай болж байна" Р.Бурмаа

Яагаад гэхээр тэрбээр 2008 оны УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүрэгт нэр дэвшээд гарч ирж чадаагүй.

Харин тэрбээр 2012 онд АН-ын жагсаалтад эмэгтэйчүүдээс хамгийн дээгүүрт бичигдэж иргэдийн АН-д өгсөн саналын дагуу өнөөдөр УИХ-ын гишүүн болоод байгаа билээ. 

Төрийн дээр сандайлсан нам, улстөрийн хүчнүүдийн тухай асуудал гэхээсээ хувь хүний хэтэрхий явцуу эрх ашгийн тэмцэл улстөрд өрнөж байгааг бид Р.Бурмаа гишүүн, сайдын үйлдлээс харж болох. 

Нам гэдэг нэгдсэн тоглолт хийж, нэг үзэл баримтлалтай байж бодлогоо хэрэгжүүлэх ёстой биз. Гэхдээ ингэх явцдаа алдаа дутагдал гаргавал түүнийг нь хүний, өөрийн гэлтгүй шүүмжлэлтэй хандах нь Р.Бурмаа гишүүний хэлдгээр ардчилал билээ. 

Харин өмнөх хүнээ зарчим ярьж өшиглөж унагаачихаад өөрөө боломж гаруут сайдын суудалд сандайлчихдаг хаашаа ч янзын ёс зүй юм. Хаашаа ч янзын СОНГОГЧИЙН БОЛОВСРОЛ юм бол доо. 

Хэлсэн үгийг бүтнээр нь сонсох:

Энэ мэт үйлдэл нь Ардчилсан намыг дүрэмгүй, ёс зүйгүй, төлөвшөөгүй, хувь хүний эрх ашиг хэт давамгайлсан, фракцын зөрчилтэй гэдгийг УЛАМ Л НОТОЛЖ олон оноо хасахад нөлөөлөх ажээ. 

Өөрийн биеэр ҮЛГЭР үзүүлж буй СОНГОГЧИЙН БОЛОВСРОЛ

Р.Бурмаа гишүүн УИХ, ЗГ-ын гишүүнийг давхар хашиж байгаа хүмүүсийн тухай "Хуралдаа суудаггүй, ирцээ бүрдүүлдэггүй давхар дээлийн чинь асуудал гай болж байна" гэж байжээ. 

Тэгвэл бас нэг “гай” Шийдлийн Засгийн газарт нэмэгдсэн байна. 

Улстөрчийн хувьд ингэж карьераа дуусган байж сайдын суудалд очих хэрэг байсан ч юм уу, үгүй ч юм уу. 

Ямар ч байсан ийм хүнийг сонгож болохгүй юм байна шүү гэдгийг ойлгуулсан хүн нь нам ч биш бүр фракц, хувийн эрх ашгаа дээдэлсэн СОНГОГЧИЙН БОЛОВСРОЛ ТӨВИЙН тэргүүн Р.Бурмаа байлаа.