Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Гэрэлмаа: Монголчуудын маань бахархах гол зүйл нь эх хэлний мэдлэг

Г.Номин, iKon.mn
2014 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Гадаад харилцааны яам, “Цахим өртөө холбоо” төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж буй “Бүтээлч хамтын ажиллагаа” (Creative collaboration) сэдэвт нэгдсэн чуулга уулзалт Гадаад харилцааны яаманд болж байна.

Уулзалтад ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нээж, Гадаад харилцааны сайд Л.Болд төлөөлөгчдөд хандан үг хэлсэн юм.

Чуулганд оролцогчдод зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээнд “Төрөөс гадаад улс орнуудад сурч, ажиллаж, амьдарч байгаа иргэдтэйгээ байнга холбоотой байж, тэдэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, мөн иргэдээ эх орондоо ирж, ажиллаж амьдрахад нь туслах хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлэх, улс орныхоо нэрийг олон улс, даян дэлхийд сайнаар гаргаж байгаа иргэдээ дэмжиж урамшуулахад онцгой анхаарч ажиллана.

Монголын түүх, соёл, зан заншлыг олон улсад сурталчлах бүхий л үйл ажиллагааг бид хамтарч хийх учиртай” хэмээн онцолсон байлаа.

Чуулга уулзалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр үдээс өмнөх хуралдаанаар: 

  • ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, судалгааны газрын захирал Ц.Батбаяр “Монгол Улсын гадаад бодлого” 
  • ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар “Иргэдийн эрх ашгийг хамгаалах Консулын албаны үйл ажиллагаа” 
  • Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх газрын дарга Д.Баттогтох “Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл ба шилжилт хөдөлгөөн”
  • Европ-Монголын Нийгэмлэг, Швед дэх Монголчуудын Үндэсний холбооны тэргүүн Н.Номун-Эрдэнэ “Гадаадад үйл ажиллагаа явуулж буй Монголчуудын байгуулсан ТББ-уудын талаархи нэгдсэн танилцуулга-мэдээлэл” 
  • АНУ дах Монгол Соёлын төвийн тэргүүн, доктор М.Саруул-Эрдэнэ  “Хилийн чанадад амьдарч буй Монголчуудын хэл соёлын асуудалд" 
  • “Цахим Өртөө Холбоо” ТББ-ын гишүүн Д.Үүрцайх “Давхар харьяалал бодит үзэгдэл болсон хийгээд шийдвэрлэх арга замын тухайд” 
  • “Цахим Өртөө холбоо” ТББ, Британийн Монголчуудын холбооны тэргүүн Д.Цэрэнбат “Төрийн байгууллагууд ба Гадаадад буй Монголчуудын Холбоод, ТББ-ын хамтран ажиллах тогтолцоо"  сэдвээр тус тус илтгэл тавьсан юм.

Илтгэлүүдийн дараа хэлэлцүүлэг өрнөж хилийн чанадад байгаа хүүхдүүдийн монгол хэлний мэдлэгийн асуудал нийт гадны иргэдийн өмнө тулгамдсан нийтлэг асуудал болоод байгаа талаар ярилцлаа.
 

 

АНУ-ын Чикаго хотын Монголчуудын холбооны тэргүүн Л.Гэрэлмаа “Америкт бол монголчууд 2000 оноос хойш гэр бүлээрээ очиж суурьших болсон. Одоогийн байдлаар Чикаго хотод 8000 орчим монголчууд байгаагийн 1500-аад нь хүүхдүүд байгаа.

Гадаадад байгаа монголчуудын маань монгол хүн гэдгээрээ бахархах гол зүйл нь эх хэлний мэдлэг, соёл байдаг.

Гадаадад байгаа монголчуудын маань монгол хүн гэдгээрээ бахархах гол зүйл нь эх хэлний мэдлэг, соёл байдаг. Тиймээс хүүхдүүддээ монгол хэлний мэдлэг олгох зорилгоор сургуулиуд байгуулан ажиллаж байгаа. Хүүхдүүд ажлын таван өдөр америк сургуульдаа суралцаад амралтын өдрүүдэд монгол сургуульдаа ирж монгол хэлний хичээлээ үздэг.

Одоогийн байдлаар Чикаго монгол сургуульд 60 гаруй хүүхэд суралцдаг бөгөөд бид өөрсдөө мөнгө илүүчлээд, эцэг эхчүүд маань сайн дураараа хандив өргөөд багш нарынхаа цалинг өгөөд явж байгаа” гэлээ.

Хилийн чанадад хүүхдүүдэд монгол хэлний боловсрол олгох сургууль, сургалтын төвүүд олон байдагч манай улсаас, төрөөс үзүүлэх дэмжлэг туслалцаа огт байдаггүй юм байна.
 



Герман улсын Штутгард хотын монгол сургуулийн багш Ө.Оюунтүлхүүр “Германд байгаа монгол хүүхдүүд маань монголоор ойлгох чадвар сайн хэдий ч ярих, бичих болон дүрэм мэдэхгүй байгаа юм.

Бид бэлэн ном өгөөчээ, анги танхимын зардал өгөөчээ гэж огт хүсээгүй тэр зардлаа болгоод л байгаа

Одоогийн байдлаар таван монгол сургууль үйл ажиллагаа явуулж байгаа. Манай сургууль бол тав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хэдэн жилийн сургалтын явцад бидэнд хөтөлбөр хэрэгтэй байгааг ойлгод байна л даа. Тиймээс сургалтын хөтөлбөрийн төсөл бичээд боловсролын яамаар батлуулах гээд яриад явж байна.

Бид бэлэн ном өгөөчээ, анги танхимын зардал өгөөчээ гэж огт хүсээгүй тэр зардлаа болгоод л байгаа” хэмээн ярьж байлаа. 

Хилийн чанадад байгаа хүүхдүүдийн хувьд тус орныхоо сургуульд сурдаг, орчин нь бүхэлдээ монголд байгаагаас өөр байдаг учир эндээс явуулсан сурах бичиг, сургалтын хөтөлбөр таардаггүй юм байна. 
 



“Гадаадад байгаа монголчуудын маань хувьд хамгийн их анхаарал хандуулж байгаа асуудлуудын нэг нь хүүхдүүдийн монгол хэлний боловсролын асуудал байгаа.

Мөн өнөөдрийн уулзалтаас бидний хүлээж байгаа бас нэгэн гол үр дүн юу гэхээр төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтарсан бүтэц бий болгоё оо. Энэ бүтцээрээ дамжуулаад ТББ, төр засагтай холбоотой асуудлаа санал санаачлага, бодлого хөтөлбөр тэр зүйлүүдийг холбогдох түвшинд нь гарган тавьж шийдвэрлүүлэх боломжийг эрэлхийлж байгаа юм” хэмээн Европ-Монголын нийгэмлэг, Швед дэх Монголчуудын Үндэсний холбооны тэргүүн Н.Номун-Эрдэнэ ярилаа.

Одоогийн байдлаар 24 оронд 114 төрийн бус байгууллага бүртгэгдээд байгаа бөгөөд “Бүтээлч хамтын ажиллагаа” чуулганд  ТББ-ын 90 орчим төлөөлөгч, оролцож байна.

Гэрэл зургийг Г.Өнөболд \mpa.mn\