БШУЯ-аас өнөөдөр 2014-2015 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, тухайн жилд хийх ажлын зорилтоо танилцуулсан хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд БШУ-ны сайд Л.Гантөмөр, яамны газар хэлтсийн дарга нар болон их сургуулийн захирлууд оролцлоо. 2014-2015 оны хичээлийн жилд үндсэний хэмжээнд бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэхээрээ онцлогтой. Үүнтэй холбоотойгоор бага боловсролын шинэчлэлийн багийн хамт олон, шинэ хөтөлбөрийг туршсан дунд сургуулийн захирал, багш нар оролцож багц мэдээлэл өгсөн юм.
Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоо өнгөрсөн онтой харьцуулахад 8,0 мянга орчим хүүхдээр нэмэгдсэн хэдий ч 10 хүүхэд тутмын 3 нь цэцэрлэггүй байна.
Энэ хичээлийн жилд цэцэрлэгийн насны 256 мянган хүүхэд байгаагаас 202 мянга нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдана. Үүнээс 156,0 мянга нь төрийн өмчийн цэцэрлэгт, 20,0 мянга нь хувийн өмчийн цэцэрлэгт, 25,8 мянган хүүхэд нь хувилбарт сургалтад хамрагдана.
2014-2015 оны хичээлийн жилд үндэсний хэмжээнд бага боловсрол шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэнэ
2013-2014 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 40 лаборатори сургуулийн 1680 багш бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг туршин хэрэгжүүллээ.
Бага боловсролын цөм хөтөлбөрөө батлан, багш нэг бүрт хэвлэн хүргэж, 860 гаруй сургагч багш нар үндэсний хэмжээнд 13310 багш, удирдлагуудад бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөр дараах онцлогтой.
Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан аймаг нийслэлийн боловсролын газар, ерөнхий боловсролын сургуулийн холбогдох хүмүүст БШУ-ны Сайдын 01 тоот албан даалгаврыг хүргүүллээ.
Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид энэ хичээлийн жилд 59352 сурагч шинээр элсэн суралцана
Сурах бичиг, дүрэмт хувцасны бэлтгэл 100 хувь хангагдсан
ЭЕШ д 400-аас дээш оноо авсан элсэгч их дээд сургуульд элсэн орох эрхтэй боллоо.
Элсэлтийн чанарыг сайжруулах зорилгоор 2014-2015 оны хичээлийн жилээс нийт их, дээд сургууль, коллежийн бакалаврын хөтөлбөрт элсэхэд шаардлагатай шалгалт тус бүрт босго оноо 400 байхаар БШУ-ны сайдын тушаал гарсан ба босго оноог жил бүр шинэчлэн тогтоох болно.
Багшийн сургуульд өндөр оноотой оюутнууд тэтгэлэгээр суралцдаг боллоо.
Багш бэлтгэдэг төрийн өмчийн Их дээд сургуульд 650, 750 дээш оноо авч 70,100 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэг мөн хөдөө орон нутагт багшлах дадлагын амьжиргааны зардлын 100 хувийн тэтгэлэгтэй 2000 гаруй оюутан суралцаж байна.
Дэлхийн жишигт хүрсэн инженерийн хөтөлбөрт Монгол хүн суралцана.
"Инженер, технологийн дээд боловсрол" төслийг Японы Засгийн газартай хамтран хэрэгжүүлж эхэллээ. Бүртгэл эхлээд 5 хоноход одоогоор материалаа бүрдүүлж өгсөн 270 гаруй залуучууд байна. Бүртгэл 9 сарын 3 хүртэл үргэлжилнэ. Төслийн үр дүнг дараах байдлаар тодорхойлж байна.
- Инженер бэлтгэх хөтөлбөр олон улсын жишигт хүрнэ.
- Аж үйлдвэрийн салбарын эрэлтэд нийцсэн практик чадвар бүхий 1000 инженер, техникийн ажилтан бэлтгэгдэнэ.
- Тэргүүлэх 20 чиглэлээр олон улсын хамтарсан судалгаа хийгдэж, бодит үр дүнг практикт шилжүүлнэ.
Монгол-Германы хамтарсан технологийн дээд сургууль 2014-2015 оны хичээлийн жилд Уул уурхайн инженер, Механик инженер, Байгаль орчны инженерийн үндсэн ангиа эхлүүлж 100 гаруй оюутан дэлхийн шилдэг их сургуулиудын хөтөлбөртэй ижил түвшний хөтөлбөрт суралцана.
Дэлхийн шилдэг 100 их сургуульд Монголын нэг үеийн залуучууд хамтдаа суралцахаар мордлоо
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан сургах тухай” 78 дугаар зарлигийн дагуу сонгон шалгаруулалтанд тэнцсэн 85 оюутан суралцахаар боллоо.
- Гадаадын 13 оронд Засгийн газар хоорондын гэрээгээр инженер, технологи, байгалийн ухаан, анагаах ухааны нарийн мэргэжлийн чиглэлээр суралцуулах бодлогын дагуу 710 хүн суралцах эрхээ авсан.
Олон улсын стандарт жишигт нийцсэн сургалт, судалгааны лабораторитой боллоо
Дээд боловсролын шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд их сургуулиудын сургалт, судалгааны дэд бүтцийг сайжруулах зорилгоор 20 тэрбум төгрөгийн санхүүжүүлт хийгдлээ. Тус санхүүжилтээр МУИС-ийн лазерийн лаборатори, ХААИС-ийн дэргэд машин судлалын сорилтын лаборатори, ШУТИС-ийн дэргэд биомеханикийн лаборатори, МУБИС-д байгалийн ухааны сургалтын лаборатори, АШУҮИС-ийн дэргэд амьд эсийн дүрслэлийн лаборатори байгуулж дээд боловсролын сургалт, судалгааны орчин эрс сайжирлаа.
Үндэсний тэтгэлэгийг чанартай сургууль, чадвартай оюутанд олгодог боллоо
Их дээд сургууль, коллежид элсэгчид Монгол хэл, бичгийн шалгалтыг өгдөг боллоо
Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид буюу их дээд сургууль, коллежид элсэгчид бүх нийтээр Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгдөг болсон. Ирэх хичээлийн жилээс монгол хэлний шалгалт босго оноотой болно.
Монгол судлалыг дэмжих сан байгуулан дотоод болон гадаад дахь монгол судлалыг хөгжүүлэх ажлыг дэмжин ажиллаж байна
Цөм технологийн нийт 40 гаруй төслийг шинээр сонгон шалгаруулж 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байна. Үүнээс анагаах ухааны салбарын 8, байгалийн ухааны салбарын 5, нийгмийн ухааны 5, хөдөө аж ахуйн салбарын 15, техник технологийн салбарын 8 төслийг шинээр хэрэгжүүлээд байна. Судалгааны дэд бүтцийг хөгжүүлэхэд зориулан 1.8 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдэж байна
Засгийн газраас цэцэрлэг, сургуулийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
2014 онд хийгдэж буй нийт барилга, угсралтын ажил
2014 онд улсын төсөв, нийслэл, орон нутгийн төсөв, төслийн санхүүжилтээр 30586 суудалтай 65 сургууль, 12275 ортой 102 цэцэрлэг, 4800 хүүхдийн хүчин чадалтай 16 бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор, 2785 ортой 24 дотуур байр, 12 спорт заал нийт 219 барилгын барилга угсралтын ажил хийгдэж байна. Үүнээс 2014 онд 8648 суудал бүхий 18 сургууль, 5235 ор бүхий 45 цэцэрлэг, 2785 ортой 24 дотуур байр, 6 спорт заал ашиглалтанд орно.
Барилга засварын ажил
Боловсрол, шинжлэх ухааны салбарт 2014 онд 13,9 тэрбум төгрөгөөр боловсролын 122 их засварын ажлыг хэрэгжүүлж байна. Үүнээс 66 сургууль, 46 цэцэрлэг, 4 дотуур байр, 6 спорт заал, нийт 122 барилгад их засвар хийж байна.
Улсын хэмжээнд засварын ажлын гүйцэтгэл 70 орчим хувьтай байна. Улаанбаатар хотод 2014 онд 39 сургууль, 41 цэцэрлэгийн их засварын ажил хийгдэж байна.