Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

“Сэлэнгэ 2014” маргааш эхэлнэ

Г.Номин, iKon.mn
2014 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын 2014 оны 61 дүгээр тогтоолоор байгуулагдсан Халх голын ялалтын 75 жилийн ойг зохион байгуулах комиссоос мэдээлэл хийлээ.

Энэ сарын 23-нд Халх голын ялалтын 75 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээ албан ёсоор эхлэх бөгөөд 24-нд Хэнтий, 26-нд Дорнод аймагт, 28-нд Халх гол суманд баярын үйл ажиллагаа үргэлжилж өндөрлөх юм байна.

Ойг угтсан арга хэмжээ энэ оны тавдугаар сараас эхэлсэн бөгөөд долоодугаар сар хүртэл ахмад дайчдын хөшөө дурсгалд хүндэтгэл үзүүлэх ёслолууд болон Халхын голын байлдаанд оролцсон МАХЦ-ийн анги нэгтгэлүүдийн байлдааны туг, дайнд оролцсон ахмад дайчдын төлөөлөл, БХЭШХ-ийн эрдэмтэд, судлаачид оролцсон “Тугийн аялал” арга хэмжээг зохион байгуулжээ.

Мөн“Дайчин нөхөрлөлийн замаар” сэдэвт тойрон аялал, уулзалт, өдөрлөгийг ОХУ-ын Эрхүү муж, Бүгд Найрамдах Буриад Улс, Өвөр байгалийн цэргийн тойрогтой хамтран Орос болон Монголын нутагт хийхээр төлөвлөөд байгаа аж.

Таван жилийн өмнө Халхын голын дайны ялалтын 70 жилээр 130 гаруй байсан ахмад дайчдаас энэ жил 34 нь энх тунх байна. Тэдгээр ахмад дайчдад Засгийн газрын тогтоолоор тус бүр хоёр сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болжээ.

Манай улсын гадаад улсуудтай хамтран зохион байгуулдаг хамгийн том хээрийн сургууль болох Монгол-Оросын хамтарсан “Сэлэнгэ 2014” маргааш эхэлж ойн арга хэмжээтэй зэрэгцээд дуусах юм байна.