Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс Токиод “десант” буулгалаа

Х. Батсайхан
2014 оны 7 сарын 21
Монголын мэдээ
Зураг зураг

-Монголчууд энэ удаа зээл тусламж биш технологи авахаар очиж байна-

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй улс төр, бизнесийн 120 гаруй төлөөлөгчийг багтаасан “десант” өнөөдөр “Наран” улсад бууж байна.

Төлөөлөгчдийн дотор “Оюутолгой” ХХК-ийн Д.Ганболд, “Эрдэнэс Тавантолгой”-н Я.Батсуурь, “Голомт” банкны Д.Болормаа зэрэг гүйцэтгэх захирлууд яваа нь энэхүү айлчлал хоёр орны хувьд уул уурхай болоод банк санхүүгийн салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх тал дээр ахиц гаргах итгэлийг төрүүлж байгаа юм.

Маш олон төлөөлөгч оролдсон байдал нь энэ удаагийн айлчлалыг нэлээд нухацтай төлөвлөгдсөн гэдгийг илтгэх авч, айлчлалын тов гэнэтхэн тодорхой болсон нь анхаарал эрхгүй татна.

Хойд хөршийн mongolianow.ru цахим хуудсанд энэ талаар “Монголын Ерөнхийлөгч Японд айлчилна гэсэн мэдээлэл цахим хуудсуудаар тарж эхэлжээ. Айлчлал мэдээж хэрэг албан ёсных, гэхдээ хөтөлбөрийг нь хэн ч мэдэхгүй байна” хэмээн энэ сарын 8-ны өдөр бичжээ.

Хоёр орны хооронд Ерөнхийлөгч-Ерөнхий сайд, Ерөнхий сайдын төвшний уулзалтууд жил гаруйн дотор хоёр ч удаа явагдчихсан учраас ямар л шинэ зүйл гарав гэж сортолзох нь аргагүй. Ямартай ч энэ айлчлалыг Ш.Абэ болон Н.Алтанхуягийн айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгох айлчлал гэж дүгнэж болох байх.

Н.Атганхуяг сайд “Самуурай бонд” босгож ирэх үедээ Монголын компаниудад технологи импортлоход нь зориулж, Японы Олон улсын хамтын ажиллагааны банкинд найман тэрбум иенийн зээлийн шугам нээх тохироог давхар хийгээд ирсэн билээ. Манай компаниуд Японы компаниас өндөр технологи импортлох гэхээр шууд бэлэн мөнгийг нь төлөөд авах бололцоогүй, банкнаас зээл авъя гэхэд үнийн дүн харьцангуй өндөр учраас боломжгүй. Боломжтой байсан ч маш их хэмжээний барьцаа хөрөнгө шаардлагатай байсан.

Харин шинэ зээлийн шугам нээгдсэнээр манай аж ахуйн нэгжүүд Японоос өндөр технологи импортлох боломж бүрдсэн юм.

Японд хийх айлчлалын бүрэлдэхүүнд багтсан манай бизнесмэнүүд чухам энэ найман тэрбум иенийн зээлээр импортлох технологио судлах, зарим нь аль хэдийнэ сонгочихоод гэрээгээ байгуулахаар явж байж ч мэднэ. Энэ бол Монголын аж үйлдвэрийн салбарт жинхэнэ “хувьсгал” гарна гэсэн үг.

Мөнхийн импортлогч статустай явж ирсэн Монгол Улс түүхий эд, ашигт малтмалын нөөц бололцоон дээрээ дэлхийд тэргүүлэгч технологи нэмчихвэл дээрх муу нэрнээсээ салах бүрэн боломжтой.

Манай улс сэргээгдэх эрчим хүчний нөөцөө Зүүн хойд Азийн бүс нутгийн эрчим хүчний хэрэгцээ шаардлагатай уялдуулан нүүрс болон сэргээгдэх эрчим хүчийг ашиглан эрчим хүчний шинэ эх үүсвэр барьж байгуулах, Монгол Улсаас эрчим хүч экспортолж, улмаар цаашид Японд хүртэл экспортлох Азийн супер дамжуулах сүлжээг байгуулах хувийн хэвшлийн санаачилгыг анхааралтай судалж, дэмжин ажиллах хэтийн зорилт тавиад байгаа.

Энд нэг зүйлийг онцлоход, “Самурай бонд” бол Засгийн газар дамжин хэрэгжиж байгаа, Сү.Батболд Ерөнхий сайд байхдаа анхлан эх суурийг нь тавьсан ажил юм. Тухайн үед Сү.Батболд сайд Монгол Улсыг хөгжүүлэх стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалтуудад “Наран улс”-ын санхүүгийн чадамжийг ашиглах санаатай байсан бөгөөд оронд нь харилцан ашигтай төслүүдийг хэрэгжүүлэх санал тавьж байсан байдаг. Тухайлбал, тэрбээр Японы Ерөнхий сайд байсан Ёшихико Нодатай уулзахдаа “Засгийн газар Тавантолгойд Японы оролцоог хангахын төлөө байгаа" гэж мэдэгдэж байжээ. Энэ асуудал ч айлчлалын үеэр нухацтай хэлэлцэгдэх нь айлчлалын бүрэлдэхүүнд Я.Батсуурь захирал орсноос харагдаж байна.

“Эрдэнэс Тавантолгой” одоогоор “Чалко”-д төлөх өрөө төлж дуусаагүй, санхүүгийн хүнд байдалд ороод байгаа. Гэтэл саяхнаас үлдсэн 100 гаруй сая ам.долларын өрөө нүүрсээр бус, бэлэн мөнгө буюу хатуу валютаар төлж барагдуулах бололцоо гарсан талаар ярьж эхэлсэн. Энэ яриа “Наран улс”-тай холбоотой ч байж болох юм.

Эдийн засгийн хувьд ийнхүү манай улсад маш ач холбогдолтой айлчлал болох нь гэж харж байна. Тэгвэл Ерөнхийлөгч Японд юу хийх гэж очих вэ. Дээр хэлсэнчлэн, бизнесийн ажил хэрэг бол өмнөх айлчлалуудын үеэр хийгдсэн тохиролцоо, гэрээний дагуу явж байгаа ажлууд. Харин Ерөнхийлөгчийн хувьд улс төр, гадаад харилцаа, геополитикийн асуудалд илүү анхаарал хандуулах бололтой.

ГХЯ-наас гаргасан албан ёсны мэдээлэлд Ерөнхийлөгчийн айлчлалын зорилгыг “Хулгайлагдсан иргэдийнхээ асуудлаар БНАСАУ-тай хэлэлцээр хийхэд нь Япон улсад туслах зорилготой” гэж тодорхойлсон байсан. Ш.Абэгийн айлчлалын үед Японы хэвлэлүүдэд “Япон-Монгол улс “Самурай бонд”-оор эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ улс төр, нийгмийн салбарт бие биедээ дэмжлэг үзүүлэх талаар тохирсон.

Тухайлбал, БНАСАУ Японы иргэдийг хулгайлж байсан хэргийг шийдэхэд Монгол Улс Японд дэмжлэг үзүүлэхээ амласан” хэмээн бичиж байсан бөгөөд дараа нь манайх энэ амлалтдаа хүрч, Пеньяан, Токиогийн албан ёсны уулзалтыг эх орондоо зохион байгуулж байв. Тэгэхээр энэ асуудал өмнө нь яригдчихсан асуудал. Тиймээс Ерөнхийлөгчийн айлчлалын жинхэнэ зорилго нь арай өөр байх. Гэхдээ ямар ч байсан хоёр улсын хамтын ажиллагааг илүү ойртуулах чигтэй гэдэг нь мэдээж.

Шинзо Абэ 2013 оны гуравдугаар сард Монголд хийсэн айлчлалынхаа зорилтыг “Хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах гээд Монгол Улсыг “Стратегийн хамтрагч” хэмээн зарласан. Монголд хийсэн хэвлэлийн бага хурал дээр үүнийгээ нотлон, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх, уул уурхай, газрын тосны салбарт хамтран ажиллах талаар санал солилцсон гэсэн мэдээлэл өгсөн билээ. Ази тивд БНХАУ-ын нөлөө ихэсч байгаа нөхцөлд Монголтой эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь Японы хувьд маш чухал болоод байгаа нь ойлгомжтой.

Эрчим хүчний эх үүсвэр болдог ашигт малтмал, мөн байгалийн ховор элементийн нөөц Монголд байгаа нь тэднийг манай улс руу татаж байгаа юм.
Шинзо Абэг Ерөнхий сайдаар сонгогдоход ажиглагчид “Сенкаку арлын асуудлаар хатуу байр суурь баримталдаг энэ хүн газар нутгаа хамгаалахын тулд бүхнийг хийнэ” гэж таамаглаж байсан. Ш.Абэ өмнө нь ч энэ талаар олонтаа ярьж байсан. Гэхдээ тэрбээр энэ үзэл бодлоо тууштай баримтлахын тулд газрын ховор элементийн талаар БНХАУ-ын хараат байдлаас гарах зайлшгүй шаардлагатай.

2011 онд Сенкаку арлын талаар маргаан дэгдэхэд БНХАУ газрын ховор элементийн худалдаагаа хорогдуулснаар Японы үйлдвэрлэгчдэд үлэмж хохирол учруулж байсан юм. Тэгэхээр, хоёр улс худалдаа эдийн засгийн талаар нягт хамтарч байгаа энэ тохиол Монголын хөрсөн дор буй газрын ховор элементийг эргэлтэд оруулах боломж байж болох юм.

Шинзо Абэг Монголд айлчлаад буцсаны дараа “Баахан орд газар худалдаж аваад буцсан гэнэ” гэсэн яриа гарч байлаа. Тэгвэл түүний энэхүү айлчлал зөвхөн уул уурхай гэлтгүй геополитик, батлан хамгаалахын салбарт ч нөлөөлж, өөрийнх нь ярьж байсанчлан, хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргаж чадсан бололтой. Улс орны харилцаа удирдагчдын нийцтэй байдлаас тодорхой хэмжээнд шалтгаалдаг ч тал бий. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японд зүрхний хагалгаанд орох үед Ш.Абэ уулзан Монголд 200 хүний ортой орчин үеийн эмнэлэг барьж өгөхөө амласан.

Мөн Ерөнхийлөгчтэй ижил өвчнөөр өвдсөн хүүхдүүдэд үнэгүй хагалгаа хийлгэхээр эмч нарын багийг Монголд ирүүлнэ гэж амласан байна лээ. Энэ бол өвдөж зовсон нэгнээ эргэж тойрч байгаа энгийн нэг харилцааны цаана хоёр улс хэн хэндээ хэрэгтэй гэдгийг ойлгуулж байгаа улстөрчийн ухаалаг алхам.

Ямартай ч Шинзо Абэгийн засаглалын жилүүдэд Монгол-Японы харилцаа зөвхөн соёл, спортын салбараас хальж, жинхэнэ ажил хэрэгч хэмжээнд хөгжих боломж гарч ирж байна.

Зураг