Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсад дөрвөн сая ам.долларын санхүүжилт олгохоор боллоо

ikon.mn
2014 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Монгол Улс Үндэсний ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийг бууруулах (REDD+) бэлэн байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх санхүүжилтийг НҮБ-ын UN-REDD хөтөлбөрөөс авах боллоо. 

Манай улсын Засгийн газар Үндэсний REDD+ Бэлэн байдлын төлөвлөгөөгөө UN-REDD хөтөлбөрийн удирдах хорооны хуралдаанд танилцуулах урилгыг 2014 оны дөрөвдүгээр сард хүлээн авсан. 

Энэ оны долоодугаар сарын 7-9-ний өдөр Перу улсын нийслэл Лима хотноо болсон UN-REDD Хөтөлбөрийн удирдах хорооны XII хуралдаанд БОНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, Монгол улсын UN-REDD Хөтөлбөрийн улс төрийн хариуцагч Ж.Батболд тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Монгол Улсын Үндэсний REDD+ Бэлэн байдлын төлөвлөгөөгөө танилцуулсан юм. 

Удирдах хорооны гишүүд Монгол Улсын төлөвлөгөө нь хэрэгжих боломжтой, шаардлага хангасан гэдгийг онцлон тэмдэглээд, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай дөрвөн сая ам.долларын санхүүжилтийг олгохоор болов. 



Монгол Улс нь умардын тайгын ихээхэн талбай бүхий хөгжиж буй орнуудаас ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийг бууруулах НҮБ-ын хамтын ажиллагааны санаачилга (НҮБ-ын UN-REDD Хөтөлбөр)-д нэгдсэн анхны улс юм. Оролцогч бусад 52 орон нь халуун орны ширэнгэн ой бүхий улс орнууд байдаг. 

Монгол Улс REDD+ Хөтөлбөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлснээр хүлэмжийн хийг бууруулж, ойн нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлж, хадгалах ихээхэн боломжтой болох юм.

2011 оны 6 дугаар сард Монгол Улс UN-REDD Хөтөлбөрийн түнш орон болж, улмаар REDD+ Бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны алхмуудыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд Үндэсний REDD+ Бэлэн байдлын төлөвлөгөөг үндсэн 6 бүрэлдхүүн хэсэгтэйгээр боловсруулж, 2014 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар батлуулсан билээ.