Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

М.Ходорковский: В.Путиныг үзэн яддаггүй. Учир нь тэр миний гэр бүлээр оролдоогүй

Б.Барс
2014 оны 3 сарын 5
Зууны мэдээ
Зураг зураг
Кремлийн бодлогыг шүүмжлэгч Михайл Ходорковский

Цагтаа ОХУ-ын то­моо­хонд тооцогдож бай­сан “ЮКОС” корпо­рацийн тэргүүн асан М.Ходорковский 10 гаруй жил хоригдсоныхоо дараа ээжийнх нь бие эрс муудсан тул ОХУ-ын Ерөн­хийлөгч В.Путинд хан­дан хугацаанаас нь өмнө суллахыг хүссэн өр­гөдөл гаргасан билээ.

В.Путин түүний хүсэлтийг ёсоор болгон өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өршөөлд хамруулан сул­лах тухай тушаал гаргасан.

М.Ходорковский: Цус асгарсан сөргөлдөөнийг зогсоохын тулд өөрөөс нь шалтгаалах бүхнийг хийж, Украйны аль ч өнцөгт очиход бэлэн.

М.Ходорковский эрх чөлөөтэй болонгуутаа ХБНГУ-ын Берлин хотыг зорин ар гэрийнхэнтэйгээ уулзсаныхаа дараа хоёр ч удаа хэвлэлийн бага хурал хийсэн юм. Тэрээр Берлиний ханын музейд сэтгүүлчидтэй уулзахдаа, “Би В.Путиныг үзэн яддаггүй. Учир нь тэр миний гэр бүлээр оролдоогүй. Үүнийг нь би үнэлсэн” гэжээ. ОХУ-ын хамгийн алдартай хоригдол байсан тэрээр мөн В.Путинд илгээсэн өргөдлийнхөө агуулгыг ил болгосон юм.

М.Ходорковский улсынхаа Ерөнхийлөгчид хандахдаа, ээжийнх нь бие эрс муудсаныг харгалзан үзэж өршөөл үзүүлэн суллахыг хүссэнээс гадна улс төрийн үйл ажиллагаа явуулахгүйгээ амалж, “ЮКОС” корпорацийн активуудыг эргүүлэн авахыг эрмэлзэхгүй гэжээ.

Тэрээр мөн В.Путиныг амар хүн биш гээд түүнтэй хэрхэн харилцахыг өрнөдийн улстөрчдөд зөвлөж чадахгүйгээ хэлсэн.

Сочигийн олимпийн талаар асуухад, “Олимпийн наадам бол спортын том баяр. Ийм баярыг улстөржүүлэн эвдээд хэрэггүй биз ээ. Гэхдээ хамгийн гол нь олимпийг В.Путины хувийн баяр болгон хувиргаж хэрхэвч болохгүй” гэжээ.

М.Ходорковский улс төрийн амьдралд оролцохгүй ч нийгмийн үйл ажиллагаа явуулан улс төрийн хоригдлуудыг суллахын төлөө тэмцэхээ илэрхийлсэн билээ. Бизнесийн хувьд тэрээр юу хийхээ хараахан шийдээгүй ч амьдралд нь хүрэлцэхүйц хөрөнгө байгааг дуулгасан юм.

Тэрээр үүнээс хойш олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр “гэрэлтээгүй” ч Украинд болж буй үйл явдлын талаар дуугүй өнгөрч чадсангүй.

М.Ходорковский мэдэгдэл хийж, “ОХУ Украин дахь иргэний дайнд гар дүрэхийн босгон дээр байна. Улстөрчдийн алдаатай алхмуудын улмаас ийм байдалд хүрлээ. Энэ нь олон сая орос, украйн гэр бүлд эмгэнэлтэйгээр тусах аюултайгаас гадна ОХУ-ын дотоод байдлыг тогтворгүйжүүлэн гадаад дахь нэр хүндэд нь муугаар нөлөөлнө” гэжээ.

 Тэрээр цус асгарсан сөргөлдөөнийг зогсоохын тулд өөрөөс нь шалтгаалах бүхнийг хийж, Украйны аль ч өнцөгт очиход бэлэн гэдгээ мөн цохон тэмдэглэжээ.

Зураг