Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

ТҮҮХ: Орчин цагийн музейн үүсэл 90 дэх жилтэйгээ золголоо

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Энэ жил Монгол Улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаа.

Үүнтэй холбогдуулан ойн нээлтийн арга хэмжээг өнөөдөр Монголын Үндэсний Музейд хийх гэж байна. Уг нээлтийн ажиллагаанд ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл болон албаны бусад хүмүүс оролцох аж.

Эртний Грек, Ромоос гаралтай музей нь МЭӨ 400 он буюу одоогоос 2,5 мянган жилийн өмнө үүсэн буй болжээ. Монгол оронд орчин цагийн анхны музей 1921-1924 онд тулгын чулуугаа тулж, үзмэр сан хөмрөгөө цуглуулж, 1924 онд албан ёсоор олон нийтэд үйлчилж эхэлжээ. Монголын нэрт эрдэмтэн О.Жамъян музейн анхны даргаар нь ажиллаж байв. Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэд тухайлбал, олноо “чөтгөр” хэмээн хочлогдсон Дэндэв, партизан Ж.Дамдин, эрдэмтэн Я.Цэвэл, Дамбаравжаа зэрэг олон эрдэмтэд анхны үзмэрээ цуглуулж, 1924 онд Улсын анхдугаар их хурлын төлөөлөгчдөд музейгээ сонирхуулж байжээ.

1926 онд Богд хааны өвлийн ордны орос маягийн хоёр давхар байшинд шилжин үзмэр дэглэлтээ шинэчлэн өргөжүүлсэн аж. 1931 онд Хувьсгалын музей, 1940-1941 онд Орон нутаг судлах-Улсын төв музей, 1956 онд УлсынТөв Музей, 1971 онд Хувьсгалын музей, 1991 онд Монголын Үндэсний Түүхийн музей, Байгалийн түүхийн музейг тус тус шинэчлэн байгуулжээ.

2013 онд Монгол Улсын Засгийн газар, ССАЖЯ-наас музейн салбарт 1 тэрбум 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

Ийнхүү ардчилсан хувьсгал ялж нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөнөөр музейнүүд салбар бүрээр мэргэшин Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Орчин үеийн уран зургийн галлерей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Цэргийн Түүхийн музей, отгон музей Төрийн түүхийн музей 2011 онд нээгдэн олон нийтэд нээлттэй ажиллаж байна. Эдүгээ Монгол Улсад төр хувийн хэвшлийн 56 музей Үндэсний, улс, аймгийн статустайгаар ажиллаж, жилдээ 600-700 мянган үзэгчдийг хүлээн авч үйлчилдэг юм.

2013 онд Монгол Улсын Засгийн газар, ССАЖЯ-наас музейн салбарт 1 тэрбум 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, музейн бүртгэл мэдээллийн санг сайжруулах, үзмэр худалдан авах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажилд зарцуулжээ.

Өнгөрсөн жилүүдэд монголын музейнүүд гадаадын 30 гаруй оронд эх орныхоо түүх, соёлыг сурталчилан томоохон үзэсгэлэнг аялуулж дэлхийн үзэгчдийн талархалыг хүлээсэн юм.    Монголчуудын эх түүх, өв соёл, уламжлалт мэдлэгийг хураан хуримтлуулах, судлан шинжлэх, хадгалан хамгаалах, сурган өвлүүлэх их үйлсийн төлөө ажиллаж хөдөлмөрлөж буй ахмад, идэр, залуу 3-н үеийн музейн мэргэжилтнүүд 90 жилийн түүхийг бүтээжээ.