Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

УРИАЛГА: Байгууллагынхаа дэргэд хүүхдийн цэцэрлэг байгуулъя

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Боловсролын газар Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжих үүднээс хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн зорилго

1. Цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн цэцэрлэг байгуулах үүсгэл санаачлагыг өрнүүлэх, сургуулийн өмнөх боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжих, компанийн нийгмийн хариуцлагаа ухамсарлуулах юм. 

2. Аж ахуйн нэгж, байгууллагуудын цэцэрлэг байгуулахад нь туслах зорилгоор техник эдийн засгийн үндэслэл боловсруулж, зөвлөгөө өгөх, нөгөө талаас цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр боловсруулахад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, зөвлөн туслана гэж санамж бичигт дурджээ.

Байгууллагынхаа дэргэд цэцэрлэгтэй аж ахуй нэгж нийслэлд хэд, хэд бий. 2013 оны байдлаар төрийн бус өмчийн 85 цэцэрлэг шинээр байгуулагдан  4172 хүүхэд  сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.

Хэрэв байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулж, ажилчдынхаа хүүхдийг хүмүүжүүлбэл улсаас мөн хувьсах зардал өгөх хуультай.

Эдгээрээс  “Номингийн хүүхдүүд”, “Зүмбэр орд”,  “Тэвхэн”, “Эвт” ХХК-иуд, “Отгонтэнгэр” их сургуулийн байгуулсан цэцэрлэгт 304 хүүхэд хамрагдсан нь 4172  хүүхдийн 7,3 хувийг бүрдүүлж байгаа юм. Түүнчлэн дээрх байгууллагуудын дэргэдэх цэцэрлэгт 40 гаруй ажлын байр шинээр бий болжээ.

Манай улсад дэргэдээ цэцэрлэгтэй байгууллагын тод жишээ бол “Монголын төмөр зам” ТӨХК юм. Төмөр замын цэцэрлэгүүдийн тогтмол зардлыг байгууллагаас хариуцаж, хувьсах зардлыг нь улсаас өгдөг. Хэрэв байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулж, ажилчдынхаа хүүхдийг хүмүүжүүлбэл улсаас мөн хувьсах зардал өгөх хуультай. Ер нь байгууллагууд дэргэдээ цэцэрлэгтэй болоё гэвэл хувийн цэцэрлэг байгуулах журмыг дагаж мөрдөх юм.

Дэлхийн хөгжсөн улс орнуудын том компаниуд дэргэдээ ажилчдынхаа хүүхдийг хүмүүжүүлдэг цэцэрлэгтэй байдаг. Байгууллагууд дэргэдээ цэцэрлэгтэй бол эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгнө гэж цаг алдахгүй, байнга хүүхэдтэйгээ байж, харж хянаж болдог гээд олон давуу талтай юм.

Санамж бичиг байгуулсантай уялдуулж ирээдүй хойч үеийнхнийхээ төлөө аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэргэдээ хүүхдийн цэцэрлэг байгуулан ажиллах уриалга гаргалаа. 

Энэхүү уриалгад “Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын багш, ажилчид бид бүхий л шатандаа боловсролын хуулийг хэрэгжүүлэх, бидний хойч ирээдүй болсон үр хүүхдийнхээ төлөө сэтгэл зүрхээрээ, мэргэжлийн өндөр түвшинд ажиллахыг байнга хичээсээр ирсэн билээ.

Бидний хичээл зүтгэлийг дэмжин, хойч ирээдүйнхээ сайн сайхны төлөө аж ахуйн нэгж байгууллагууд бодитой хандан байгууллагын дэргэд хүүхдийн цэцэрлэг байгуулан өөрсдийн ажилтан, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэн, орлогоо нэмэгдүүлэн ажиллаж, хойч үеийнхээ сурч, боловсрох эрхийг дэмжин нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна” гэжээ.